Эдийн засагч Б.Батжаргал: Эдийн засгийн хямрал 2009 оныхоос ч дордож магадгүй

Twitter Print
2015 оны 09-р сар 24-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Монгол гэх айлын жилийн орлого оны эцэс гэхэд нэг трилион төгрөгөөр тасарч болзошгүй. Энэ хэмжээний орлогоо алдсан бид ирэх онд яаж алдагдалаа нөхөх вэ, мөн бусад улс оронд тавьсан өрөө хэрхэн төлөх вэ, цалин тэтгэвэрээ тавих санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гээд олон асуудал бидний өмнө тулгарч байна. Тэгвэл энэ сэдвээр эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа. Тэрээр 1996 оноос хойш 10 гаруй жил Сангийн яаманд ажиллаж, улсын нэгдсэн төсвийг боловсруулж байсан туршлагатай эдийн засагч юм. 

-Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслийг 10-р сарын 1 гэхэд УИХ-д өргөн барина. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид улсын нэгдсэн төсвийн төслөө боловсруулахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

-Монгол улсын төсөв, санхүүгийн бодлогын суурь шинэчлэлүүдийг хууль зүйн хүрээнд хийсэн. Хамгийн гол шинэчлэл нь 2011 онд Төсвийн тухай хуулийг шинэчилж гаргасан. 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батласан. Энэ хоёр хуулийн гол агуулга нь юу байсан бэ гэхээр манайх шиг түүхий эдийн үнээс хамааралтай, жижиг эдийн засагт төсвийн ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хуулийг удаа дараагаар зөрчөөд, зөрчихийн хажуугаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үндсэн зарчимыг гажуудуулж ирсэн.  Үүний хамгийн том жишээ бол улсын өртэй холбоотой асуудал. Улсын өрийн хязгаарыг тогтоохдоо эдийн засгийн үндсэн шинж чанар, хамгийн чухал анхаарах асуудлуудыг тодорхойлж байгаад түүн дээр үндэслээд тусгай загвар боловсруулж, дээрхи хуулиудыг батласан. Мэдээж ямар нэг бизнес эрхлэгч, эсвэл аль нэг улсын засгийн газар зээл авах нь тодорхой. Гэхдээ ямар хязгаарт багтаж авах вэ гэдэг нь хамгийн чухал байдаг.  Ингээд  дээрхи хоёр хуулиа батлаад хэрэгжүүлээд явж байтал сүүлийн 3 жилийн хугацаанд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн агуулга үндсээрээ алдагдсан. Яагаад хууль эрхзүйн асуудлыг ярих хэмжээнд тулсан бэ гэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн нийт тэнцэл 800 орчим тэрбум төгрөгний алдагдалтай байна. 800 тэрбум төгрөг гэдэг бол улсын төсвийн тухайд аваад үзвэл их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дутагдал үүсэж байна гэсэн үг.

-2014 онд төсөв хэлэлцэх үед улсын төсвийн алдагдлыг 430 гаруй тэрбум төгрөг гэж тооцож байсан. Гэтэл одоо 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай болсон байна.

-Энэ алдагдлын учир шалтгааныг эхлээд маш зөв тодорхойлох хэрэгтэй. Учир шалтгаанаа зөв тодорхойлчихвол түүнээс гарах арга зам зөв болно. Энэ их хэмжээний төсвийн алдагдал үндсэндээ бол хоёр учир шалтгаантай. Нэг нь гадаад хүчин зүйлээс хамаарсан. Нөгөөдөх нь дотоод хүчин зүйлээс хамаарсан. 2013, 2014 оны тухайд аваад үзвэл дотоод хүчин зүйлээс хамаарсан төсвийн алдагдал их байсан. 2015 онд дотоод дээр нэмэх нь гадаад хүчин зүйл гэсэн хоёр сөрөг үр дагавар хоёулаа төсөв дээр гарч ирж байна. Манай эдийн засаг цөөхөн түүхий эдээс хамааралтай, тун эмзэг эдийн засаг. 

Үндсэндээ манай экспортын 90 хувь уул уурхайгаас хамаарч байна. Өөрөөр хэлбэл манайд орж ирж байгаа гадаад валютын нөөцийн 90 хувь нь уул уурхайгаас орж ирж байна гэсэн үг. Уул уурхай дотроо юу эзлэж байна вэ гэхээр ердөө гуравхан зүйл. Зэс, төмрийн хүдэр, нүүрс. Энэ гурвын үнэ гурвуулаа унасан. Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт бусад улстай харьцуулахад манайд шууд 100 хувь нөлөөгөө үзүүлж байна гэсэн үг. Ингээд дотоод учир шалтгаан бодлогын алдаанаас үүссэн эдийн засагт үзүүлж байгаа үр дагавар нь төгрөгийн ханшны суларлаар илэрч байна. Үүнийг зарим эрх баригчид доллар өсөж байна гэж буруу тайлбарладаг. Доллар бусад валюттай харьцуулахад бага зэрэг өсөж байгаа бол төгрөгийн ханш асар хурдтай унаж байна. Доллар нь ч хөдлөж байдаг. Төгрөг нь ч хөдлөж байдаг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад төгрөгийн доошоо чиглэсэн хөдөлгөөн асар хурдтай 40 орчим хувиар унаж байна. Манай эрх баригчид, ялангуяа улсын их хурлын зарим гишүүд гадаад урсгал тэнцлийн алдагдал багасаж байгаа, гадаад худалдааны алдагдал багасаж байна гээд яриад байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь эдийн засаг агшиж байгааг харуулаад байна.

-Яах аргагүй УИХ-ын зарим гишүүд эдийн засаг тэгтлээ муудчихаагүй, өмнө нь үүнээс хүнд үе байсан гэж хэлдэг. Үнэхээр бид өмнөх хямралын үеүүдээс арай гайгүй байна уу?

-Нэгдүгээрт албан ёсны тоон мэдээ, тооцоо судалгаан дээр үндэслэж ярих хэрэгтэй. Тэрнээс биш өмнөхтэй харьцуулахад гайгүй, тэгтлээ муудаагүй зэргээр хариулт өгөх боломжгүй. 1990 онтой огт харьцуулах хэрэггүй. Яагаад гэвэл тэр цаг үе маш онцгой, харьцуулах боломжгүй нөхцөл байдал байсан. Аливаа улс оронд тохиолдож болох хамгийн хүнд үе гэж хэлж болно. 2009 оны хямрал бол дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй. Энэ хямрал нь манай улсын эдийн засгийн үндсэн бүтцийг маш тодорхой харуулаад, түүнээс хэрхэн гарч болох вэ гэдэг арга замыг оновчтой тодорхойлж өгсөн. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг 2009 онтой харьцуулах хэмжээнд хүрээгүй байна гэдэгтэй би санал нийлэхгүй байна. 2009 онд төгрөгийн ханш 42 хувь унасан. Инфляци миний санаж байгаагаар 17 хувь хүрч нэмэгдсэн. Хэдийгээр одоо инфляци төдийлөн нэмэгдэхгүй байгаа ч, төгрөгийн ханш асар хурдтай унаж байна.

Үүний гол шалтгаан нь мөнгөний бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл төв банк төдийлөн их хэмжээгээр мөнгөний хатуу бодлого явуулахгүй байна.  Үндсэндээ ингээд дүгнээд хэлэх юм бол эдийн засаг 2009 оны хэмжээнд хүртлээ муудаж, агшиж байна. Цаашдаа нөхцөл байдал гурав, дөрвөн сар энэ хэвээрээ үргэлжилбэл 2009 оны хямрал, түүнээс ч долоон дор нөхцөл байдал бий болно. Энэ удаагийн хямрал гадаад нөхцөл байдал сайн байх үед, мөнгөний хэт нийлүүлэлтээс шалтгаалж бий болсон. Дотоод эдийн засгийн үндсэн тэнвэр алдагдсан. Үүн дээр нэмээд гадаад нөхцөл байдал нөлөөлсөн. Цаашдаа энэ хэвээрээ байвал 2009 он, түүнээс ч илүү хямрал руу дөхөж байна.

-Бодлого боловсруулагчид гурав, дөрөвхөн сарын дотор арга хэмжээ авна гэдэг итгэл харагдахгүй байна. Сонгуулийн өмнөх жил ямар нэг ажил урагшилдаггүй бичигдээгүй хууль тогтчихсон байдаг шүү дээ?

-Ерөнхийдөө манай эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, үлдэж байгаа 60 хувийг  мөнгөний бодлогоор зохицуулдаг. Тэгэхээр нийт эдийн засгийн 40 гаруй хувийг зохицуулж байгаа төсвийн бодлого дээрээ маш онцгой арга хэмжээ аваад, тодорхой бодлого хөтөлбөр дэвшүүлээд зөв арга хэмжээ авах юм бол тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах боломжтой. Яагаад гурав, дөрвөн сар гэж хэлж байна вэ гэхээр аравдугаар сард  УИХ, ЗГ дээр улсын нэгдсэн төсөв хэлэлцэж эхлэнэ. Энэ төсөв арванхоёрдугаар сараас өмнө батлагдах ёстой.  Тэгэхээр энэ хооронд дараа жил эдийн засгаа ямар байлгах вэ гэдэг төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёулаа улсын их хурал дээр яригдана. Харамсалтай нь манай улсын их хурлын гишүүд энэ дээр төдийлөн ач холбогдол, анхаарал тавихгүй байсаар 2013, 2014 оныг өнгөрөөсөн. Ийм байдал энэ онд давтагдах юм бол дараа жил байдал илүү хүндэрнэ.

-Илүү хүндэрнэ гэхээр ямар байна гэсэн үг вэ?

-Иргэн хүний амьдрал дээр аваад үзэх юм бол нэрлэсэн цалин нь 2013 онд 500 мянган төгрөг байя гэж бодъё. 2014 онд нэрлэсэн цалин нь 520 мянга, 2015 онд 540 мянга болж нэмэгдлээ гэж тооцъё. Гэтэл бодит байдал дээр төгрөгийн ханшны уналт, инфляцийн өсөлттэй холбоотойгоор дээрхи нэрлэсэн цалин 480 мянга, 450 мянга, 400 мянган төгрөг рүү буучихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэдийн бодит орлого улам буурна. Худалдан авах чадвар багасна. Импорт үнэтэй болно. Энэ хэмжээгээр импортын хэмжээ багасна. Энэ нь цаашаа санхүүгийн салбар луу нөлөөлж эхлэнэ. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд ипотекийн зах зээл дээр асар их хэмжээний нийлүүлэлт хийсэн. Барилга их баригдаж их хэмжээний нийлүүлэлт үүссэнээс шалтгаалж, ард иргэд их хэмжээний байрны зээл авсан. Тэгэхээр бодит орлого нь багасаад ирэхээр иргэд байрны зээлээ төлж чадахгүй байдалд хүрнэ. Ингэснээрээ ипотекийн зах нь асуудалд орно. Ипотекийн зах дээр асуудал үүсээд ирэхээр санхүүгийн салбараа тэр чигээр нь татаад унагаачихна. Сүүлийн жилүүдэд чанаргүй зээлийн үлдэгдэл төдийлөн хурдацтай нэмэгдээгүй байсан бол сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа нь статистикаас харагдаж байна. Энэ агуулгаараа бол эдийн засагт үүсэх хямрал нь буцаад санхүүгийн салбараа чирэх ийм аюул харагдаж байна.

-Ярицлага эхлэхээс өмнө та ангал руу яваад байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгвэл дээр дурдагдаж байгаа бүхэн ангал, сүйрэл болж байна уу? Энэ яг эцсийн цэг нь үү?

-Яахав, ангал сүйрэл гэдэг нь ярианы хэллэг. Эдийн засгийн хямрал гэдэг нэр томъёо руу шууд дөхөж очиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг бодитойгоор тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт үйлдвэрлэл хасах руугаа ороод, инфляци хурдтай өсөөд, төгрөгийн ханш улам унана. Эдийн засгийг машинтай зүйрлэх юм бол хурд нь саараад, зогсоод, эд анги нь муудаж эхлэж байна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал руу орно.

-Үүн дээр нэмээд  манай улс өнөө олон бондынхоо өрөө төлнө, хүүгээ төлнө гэдэг асуудал гарч ирнэ.

Үндсэндээ бол 2017 оноос эхлээд хэд хэдэн төлбөр төлж эхлэнэ. Нэгдүгээрт хөгжлийн банкны эхлээд авсан 600 сая америк доллар, түүн дээр нэмээд Чингис бондынх, дараа нь ахиад Хөгжлийн банкны японоос авсан 400 сая доллар, тэгээд манай бусад гадаад төлбөрүүд, мөн уул уурхайн томоохон компаниудын дүрмийн санд хувьцаагаараа оруулсан хөрөнгө оруулалтад ногдох санхүүжилт шаардлагатай болно. Энэ нь нэмэгдээд ирвэл маш том дарамт болох юмаа. Энэ дарамтыг бид хүний өмнө хүлээчихсэн, өгнө гээд амлачихсан байна. Гэтэл нөгөө талаасаа манай улсад орох орлого багасаад байдаг. Ингээд хоёр зүйл хоёулаа манай улсын эсрэг хөдөлгөөнтэй байна. Нэг талдаа орлого буураад байдаг, нөгөө талдаа өр их хэмжээгээр төлөгдөх гээд байдаг. Үүнээс л сэргийлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Монгол улсын өнөөгийн үнэ цэнээр тооцсон гадаад өр 40 хувиас хэтрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн байсан. Яагаад гэвэл манай улсын эдийн засаг их эмзэг. Цөөхөн хэдхэн ашигт малтмалын бүтээгдэхүүн дээр зогсож байдаг.  Энэ үнэ хөдлөвөл бид аль цэг хүрч зогсоод цаашаа амьд явж чадах юм бэ гэдэг тооцоог хийж хуулиа батлаж байсан. Гэтэл одоо тоглоом шоглоом гэдэг шиг яг бодит байдал дээр ашигт малтмалынх үнэ унаад, манай гадаад өр 60 орчим хувьд байна.  Тэгэхээр энэ үйл явдлаас манай улс бодлогын хэмжээнд сургамж авах ёстой. Бид 2015 оны төсвөө боловсруулахдаа мөнгөний бодлогын эргэлт гаргаж чадахгүй бол 2009 оныхоос ч илүү гүнзгий хямрал урт хугацаанд үргэлжлэх суурь тавина гэсэн үг.

-Бодлогын эргэлт гэхээр юу хийнэ гэхээр томоохон өөрчлөлт хийнэ гэж ойлгож байна. Гэхдээ яг юу вэ? 

-Одоо эдийн засгийг хувь хүнтэй зүйрлэх юм бол орлого багассан байна. Орлого багассан учир зарлагаа багасга. Нөгөө талаар зайлшгүй хүний өмнө хүлээчихсэн үүрэг, өр төлбөр байгаа бол түүнийгээ барагдуулах шинэ эх үүсвэрийг ол. Эсвэл өрийг дахин санхүүжүүлэх маш оновчтой хувилбарууд руу ор. Энэ бол зайлшгүй гарц юм шиг л харагдаж байна. Гэхдээ өрийг дахин санхүүжүүлнэ гэдэг бол маш муу хувилбар.

-Дахиад л зээл авна гэсэн үг биз дээ?

-Өрийг өрөөр санхүүжүүлнэ гэсэн үг. Хувь хүн дээр аваад үзэхэд Хаан банкны зээлээ төлөхдөө Голомт банкнаас зээл аваад өгчихнө гэсэн үг. Бүхэл бүтэн улс орны хувьд өрийг дахин санхүүжүүлэх боломж байдаг. Гэхдээ аль хүртлээ явах нь тухайн улсын тусгаар тогтнолтой тэнцэж байж зогсдог. Грекийг хар, Тажикастаныг хар. Тэгэхээр өрийг дахин санхүүжүүлнэ гэдэг бол хамгийн муу хувилбар. Тиймээс өрийг дахин санхүүжүүлэх хэмжээнд хүрч болохгүй гэдэг бүх хувилбаруудыг тооцож Төсвийн тогтвортой байдлын хуулийг боловсруулсан боловч харамсалтай нь энэ хуулийг зөрчсөн.

-Өр дахин санхүүжүүлэхгүй тулд орлогын шинэ эх үүсвэр бодож олох хэрэгтэй юм байна. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан ийм үед манай улсын хувьд ямар боломж байна вэ?  

-Хувь хүнтэй яг адилхан. Байж болох бүх л аргыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд зарлагаа хасна. Би орлогоо олж чадахгүй бол зарлагаа бууруулна. Идэхээ багасгана, түрээсийн байранд байсан бол гэр хороололд очиж амьдарна гэх мэт. Энэ мэтээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол төсвийн зарлагыг ойролцоогоор нэг трилионоос илүү хэмжээгээр хасах зайлшгүй шаардлагатай болчихоод байна.

-2015 оны 1-р сард МҮОНР “Төсвийн зардлыг хэмнэх гарц” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Тухайд үед УИХ-ын гишүүд зардлаа танах хэрэгтэй, бүсээ чангалах хэрэгтэй гэж маш их ярьж байсан. Түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрлөө. Зардлаа үнэхээр танаж чадсан уу?

-Нэгдүгээрт тэр үед ярьж байсны дагуу УИХ-ын гишүүд төсвийн зардлаа хасаж батлаагүй. Юу гэмээр ч юм бэ дээ. Бид нар бодлогоо буруу, сэтгэлгүй улсуудад бариулчихжээ гэдэг нь маш тод харагдаж байна. Өнөөдөр би л энэ суудалд сууж байвал жилийн дараа, хоёр жилийн дараа яах нь надад падлийгүй гэдэг сэтгэлээр хандаж байна. Тэр үед ярьж байсан зүйл тэр үедээ хэрэгжээгүй. Тухайн үед 600-700 тэрбум төгрөгөөр зардлаа танах тухай ярьж байсан. Гэтэл одоо гадаад нөхцөл байдал нэмэгдээд трилионоор алдагдал хүлээх тухай, энэ хэмжээгээр зардлаа танах тухай яригдаж байна шүү дээ. Аливаа өвчнийг эрт л эмчлэхгүй бол улам даамжирдаг гэдэгтэй яг адилхан дүр зураг гарч ирж байна.

-Тэгвэл одоо ирэх оны улсын нэгдсэн төсвийн төслөө хэлэлцэхдээ нэг трилионоор зардлаа танаж чадах болов уу? Улс төрийн нөхцөл байдал их нөлөөлөөд байна уу?

-Тийм, улс төр гэдэг тодорхой нэг хил хязгаартай баймаар байна.  Одоо бол ямар ч хил хязгааргүй болчихлоо. Аль ч салбарт мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй байдал сүүлийн 3-4 жил үнэхээр хавтгайрсан байна. Гэтэл нөгөө улс төрчид гээд байгаа улсууд өөрсдөө ямар ч ойлголт байхгүй, мэдэхгүй байна. Тэгээд хэвлэл мэдээллээр ярихаараа хүмүүсийн энд тэнд ярьсан юмыг холиод ярьчихдаг.  Зурагтаар ярьж байгааг нь харахаар ам нь хөдлөөд яриад байдаг. Гэтэл цаанаа ямар ч агуулга, ул суурь, үндэслэл байхгүй юм яриад л байдаг.

-Та есөн сарын өмнө нь өгч байсан ярилцлагадаа эдийн засгийн хүндрэлтэй цаг үед татвар нэмэхгүй байх бодлого боловсруулах ёстой гэж хэлж байсан. Гэтэл түүнээс хойш татварууд нэмэгдээд байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Ер нь бол татвар гэдэг агуулгаараа эдийн засгийн хямралын үед нэмэх нь утгагүй зүйл. Өөрөөр хэлбэл тухайн хүнд тохирсон ачаа гэж бий. Надад 40 кг ачааг 500 метр аваад явах боломж байна. Гэтэл миний бие муу байхад, 40 кг ачаагаа аваад яв гэж хэлж болохгүйтэй адил хямралын үед татвар нэмэх буруу. Харин орлогын эх үүсвэрээ нэмэх тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл цуглуулж чадахгүй байгаа орлогын эх үүсвэр олон байна гэж би харж байна. Авах ёстой орлогоо цуглуулах тал дээр зөв ажиллах ёстой. Татварын орлогоо цуглуулахдаа авах ёстой татвараа авч чадахгүй байна. Ялангуяа асар их хэмжээний орлого олдог салбарууд болох архи, тамхинаас татвар авах хэрэгтэй. Миний мэдэж байгаагаар сүүлийн 7-8 жил архин дээр ногдуулж байгаа татвар маш бага байна. Мөн ихээхэн ашиг өндөртэй ажиллаж байгаа уул уурхайн компаниудаас татвар цуглуулж чаддаггүй байсан. Одоо эдийн засаг хямарчихсан учраас авах ёстой авлагаа хэрхэн зөв оновчтой барагдуулах вэ гэдэг дээр арга хэмжээ авах шаардлагатай. Үүнээс гадна өөр орлогын ямар эх үүсвэр байна вэ, бүгдийг нь дайчлах ёстой.

-Дахиад л таны өмнөх ярилцлагаас иш татая. Иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд ажлын байртай байлга, цалинг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэж та өмнө нь хэлж байсан. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар танаж магадгүй гэх мэдээлэл сонсогдоод байна. Таны ярьж байснаас эсрэгээрээ хэрэгжээд байна.

-Яахав, хоёр талтай асуудал. Улсынх хэмжээнд манай улсын нийт 40 гаруй хувийг зохицуулж байдаг төсвийн бодлого уг үндсээрээ алдагдаад хямралт байдал руу тулж оччихоод байдаг. Энэ үед нөгөө 40 гаруй хувиа дотор нь янзалж, цэгцлэх хэрэг гарнаа даа. Энэ хүрээндээ л цалин бууруулах тухай асуудал хөндөгдөж байгаа болов уу гэж бодогдож байна. Нөгөө талаасаа эдийн засгийн хямрал гүнзгийрсэн байгаа учраас ард иргэдийн бодит орлого, ард иргэд гэдэг дотроо төрийн албан хаагчдын бодит орлогыг хамгаалах хэрэгтэй. Тийм учраас цалин бууруулж болохгүй. Тэгэхээр аль нэг арга хэмжээг нь авах хэрэгтэй. Хоёулаа л хэцүү. Гэхдээ аль нь илүү гайгүй тусахаар байна вэ гэдгийг тооцож сонгох хэрэгтэй .

-Та бид хоёрын ярилцлага мэргэжлийн хүмүүст ч хүрнэ. Мөн эдийн засаг мэдэхгүй энгийн иргэдэд ч хүрнэ. Сүүлийн үед уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс ажилгүй, орлогогүй болж байна. Мөн орон нутагт малчид малчид малаа зээлээр зараад гар дээр нь бэлэн мөнгө алга. Одоо тэгэхээр иргэд яах ёстой юм бэ? Цаашид эдийн засаг хүндрээд байвал яах вэ?

-Иргэд яахав өмнөх ажлаа хийгээд л, бодит орлого нь буурч байгаа бол яаж орлогоо хамгаалах вэ гэдгээ анхаараад, илүү цалинтай ажилд орох зэргээр арга хэмжээ авах байх. Үндсэндээ бол хүмүүсийн дунд мөнгөгүй байна, мөнгө олдохгүй байна гэсэн ам дамжсан нэг л яриа байна. Бие биенээсээ зээл аваад аль эсвэл хоорондоо байгаа юмаа хямдхан зарах гээд л. Үүний учир шалтгааныг өнгөрсөн хоёр жилийн туршид тайлбарлаад хэлээд сануулаад л байсан. Би хоёр шүүмжлэл хэлмээр байна.

Нэгдүгээрт бодлого боловсруулагчид хүлээж авахгүй, ойлгохгүй байна. Хоёрдугаарт хүмүүс тэд нараас ерөөсөө шаардахгүй байна. Тэгэхээр яагаад хоёуланг нь шүүмжилж байна вэ гэхээр ерөөсөө ингэж болдоггүй юм шүү, макро эдийн засгийн бодлогын үр дүн халаасанд тань, амьдралд тань, байранд тань нөлөөлдөг юм шүү гээд хэлсээр байтал болно биз дээ гээд ийм байдалд орж байгаа байхгүй юу. Яагаад ингээд мөнгөгүй болоод, хүн бүр бие биенээсээ зээлчих болов оо гэдэг дээр дахиад хариулт хэлмээр санагдаад байна. Төв банк хүссэн хэмжээгээр мөнгө нийлүүлээд байна. Яахав сүүлийн хэдэн сарын хугацаанд мөнгөний нийлүүлэлт саарсан боловч Төв банк Оросын сангийн яам шиг тийм богино хугацаанд бодлогын хүүг асар олон пунктээр нэмэгдүүлээгүй. Оросын төв банк нэг гаран хувьтай байсан бодлогын хүүгээ ганц хоногийн дотор 9 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Маш муухай амттай эмийг эдийн засаг руу шидсэн. Тэр эм нь үйлчлээд эдийн засгаа хөл дээр нь босгосон. Манайхан болохоор эм ч өгөхгүй, яах ч үгүй хараад л суугад байна. Төв банк мөнгөний хатуу бодлого явуулж чадахгүй, эдийн засгийн хямрал болоод байна гээд буруу зүйлдээ хөтлөгдөөд л байна. Тэгээд өнөөдөр яаж байна вэ өнгөрсөн жил миний нийт орлого 2 сая байлаа. Энэ жил би 2 сая төгрөгөө олоод байгаа атлаа энэ нь миний зарлагад хүрэхээ байчихсан. Ингээд төгрөгийн ханш уначихсан ийм л байдалтай байна. 

Ярилцсан: Ц.Мөнхзул

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Maud

      (188.143.232.32) 2016-12-21 15:27
      • 0
      • 0

      I might be benitag a dead horse, but thank you for posting this!

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.66) 2015-09-25 19:02
      • 1
      • 0

      БАТЖАРГАЛАА ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ ХАСАХ РУУГАА ОРЧИХСОН, ТЭР НЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙХАД ЮУНЫ ЧИНЬ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХ? ЧИ МӨНГӨНИЙ ДУТАГДАЛ ХАА САЙГҮЙ ГЭЖ ЯРЬЖ. ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛААР ТӨВ БАНК МӨНГӨ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА ГЭХ. МӨНГӨ НИЙЛҮҮЛЭЭД БАЙХАД Л МӨНГӨ ДУТААД БАЙНА Ш ДЭЭ ЭНЭ ЭДИЙН ЗАСАГТ ЧИНЬ? ЧИ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙГ БҮР МӨСӨН ХУРДАН ХУГАЦААНД ХАСАХ РУУ НЬ ОРУУЛАХЫГ Л САНАЛ БОЛГООД БАЙХ ШИГ. ТЭР НЬ ХЭНД АШИГТАЙ БИЛЭЭ? БОД ДОО

      Хариулах

    • 021

      (103.9.90.130) 2015-09-24 12:25
      • 0
      • 1

      ediin zasagchid ajilaa xiij chadsangui chadax ch ugui bn

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.59) 2015-09-23 12:20
      • 0
      • 2

      davaad garah gants arga bol shunalgui baih kk

      Хариулах

    • зочин

      (43.242.243.101) 2015-09-23 12:06
      • 0
      • 3

      Энэ 76 маанагийг өөрчлөөд ирэх жил дахиад л 76 өөр маанаг гараад ирнэ. Асуудал манайд энэ парламент гэдэг юм тохирохгүй байна гэдгийг амьдрал 25 жил хангалттай харуулсан даа

      Хариулах

    • зочин

      (202.72.247.249) 2015-09-23 12:01
      • 0
      • 2

      энэ залууг сайн таних юм байна.Мэдлэгтэй, зан харицаа сайтай, шударга залуу даа ийм хүмүүсээр тэр эдийн засаг санхүүгээ удирдуулахад яадаг байнаа.

      Хариулах

    • зочин

      (202.72.247.249) 2015-09-23 11:57
      • 0
      • 2

      маш зүйтэй ярилцлага болсон байна.

      Хариулах

    • ZOCHIN

      (103.229.120.208) 2015-09-23 11:54
      • 0
      • 2

      YU BOLOOD BAIGAA TALAAR MASH SAIN OILGOLT AVLAA . MANAI 76 CHINI UNEHEER TENEG GARUUD BNA DAA . ENE MAANAGUUDIIG UURCHILUHGUI BOL DAMPUURCHIHAJ MEDEH L YUM BNA

      Хариулах