Монголыг яаж нураах вэ....

Twitter Print
2015 оны 09-р сар 22-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Үндэсний үйлдвэрлэгч компанид татвараас шалгалт орж 150 сая төгрөгийн татварын акт тавьчихав. Торгуулийн мөрөөр тухайн компаний дансыг хааж, захирлыг нь хилээр гарахыг хориглолоо. Зээл аваад ажиллаж байсан  өнөөх компани зээл, зээлийн хүүгээ төлөх нь бүү хэл  зарсан барааныхаа  мөнгийг ч авч чадахаа байлаа (дансыг нь хаачихсан). Гадаадад салбараа нээх хүндэтгэлийн арга хэмжээнд уригдсан захирал нь хилээр гарах хориотой учраас ичсэндээ “осолд орсон учраас очиж чадахгүй  нь, уучлаарай” гэж мэйл бичив. Ийнхүү аргаа барсан үйлдвэрлэгч ажилчдаа цомхтгох болно. Ажилчидгүй болохоор бараагаа үйлдвэрлэж чадахгүй.  Ийнхүү үндэсний  үйлдвэрлэгч  нэгэн компани  “амь тавих” гэж байна. Гэтэл өнөөх татварын байцаагч нь цалингийнхаа “хажуугаар” олон компани торгож “улсад орлого ихээр төвлөрүүлсэн тул” 419 сая төгрөгөөр шагнуулан цулайжээ...  Улсад  их хэмжээний орлого оруулж, олон компани торгосон татварын байцаагч өнгөц харахад гавъяа байгуулсан мэт боловч үндэсний компаниудаа нугаслаж буйгаа ойлгоогүй яваа. Ойлгох  ч үгүй, дуусна. Өнөө цагт манайд  мөрдөж байгаа  “бардак” хуулиар бол тэр байцаагч үнэхээр сайн ажиллажээ.  

Хүн төрөлхтөн хүний толгой шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж, нано анагаах ухаанаар амьд бүхнийг мөнхрүүлэх боломжийг судалж байхад  бид  малынхаа  арьс ширийг ч боловсруулж чадахгүй, нүүрсээ түүхийгээр нь өрөнд өгсөөр сууна. Байгалийн асар их баялагтай, өргөн уудам  газар нутагтай, дэлхийн чих дэлдийлгэсэн баатарлаг түүхтэй, дээрээс нь эрх чөлөөтэй атлаа өдрөөс өдөрт ядуурч, өрөнд баригдсаар дуусах хувь тавилан  биднийх үү.  

Норвегийн Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Хүн үр хүүхэддээ өр өвлүүлэхийг хүсэхгүй биз дээ. Норвегийн төр засгийн удирдагчид бид ч хойч үедээ өр өвлүүлэх учиргүй билээ” гэсэнсэн. Ердөө 40-өөдхөн жилийн өмнө Европын хамгийн ядуу орон байсан Норвеги далайн  ёроолоос  олгойдсон  газрын тосоо  арилжаанд зөв оруулснаар өдгөө дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар хоёр жил дараалан тодорсон. Өмнөд Солонгосын төрийн толгойд 18 жил суусан барууныхны хэлдэгээр Солонгосын дарангуйлагч асан Пак Жөнхыгийн номын уншиж суутал “Бид хойч үедээ ядуурлыг өвлүүлж болохгүй. Ядуурал бидний үеэр дуусах учиртай. Барьцаалаад зээл авах газрын баялаггүй манай орон экспортоор хөгжих ёстой. Экспортоор хөгжихийн тулд өрх бүр үйлдвэрлэгч байх ёстой”  гэсэн мөр олж уншсан. 70-аад жилийн дотор Өмнөд Солонгос Азийн бар болтлоо хөгжиж өдгөө дэлхийд үнэлэгдэж байна. Төрийн эргэлтээр улсын эрхийг авсан 1960 –аад онд өлсгөлөн гуйланчлалд нэрдвэгдсэн улсынх нь жилийн орлого 76 доллар байсан орон ердөө 17 жилийн дотор гурван тэрбум ам.долларын экспорт хийжээ. Зээл өгөх улс орон олдохгүй байсан болохоор Германд ажиллаж байсан сувилагч, уурайчдынхаа цалинг барьцаалан анхны 100 сая маркыг зээлж байсан улсын хөгжлийг өнөөдөр хар. Тэд хувиа биш  улс орноо бодсон учраас хөгжилд хүрчээ.

Тэгвэл Монгол орны хөгжлийн төлөө “шатдаг” жинхэнэ эх оронч, ярьдаг биш хийдэг хүн хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.  Гэхдээ бид бас хөгжиж байсан түүхтэй. Монгол улс 1924 онд  аж үйлдвэрийн анхны суурийг тавьж 1960-1990 он хүртэл эрчимжүүлжээ. Тэр үед монголчууд малынхаа арьс ширийг боловсруулж, гутлаа оёод өмсчихдөг, ноосоор нь утас ээрэхээс эхлээд  байшин барихад хэрэгцээтэй бүхнээ өөрсдөө үйлдвэрлэдэг  (байшин үйлдвэрлэх комбинаттай байлаа  шүү дээ...)  байв.  Идэх талхныхаа  тариаг  тариад хураагаад авчихдаг,  уух сүүгээ  өөрсдөө саачихдаг, хувцас оёх утсаа ээрч, даавуугаа өөрсдөө  нэхдэг тийм л ард түмэн байлаа. Харин өнөөдөр энэ бүхнээ устгаж импортын хэрэглээгээ хянаж чадахаа байжээ.

1990 оноос хойш бид өнөөдрийг хүртэл зөвхөн хэл амаа л хөгжүүлж чаджээ. Чөлөөтэй хэрэлдэж, бие биенээ эрх дураараа гутаан доромжилж сурчээ. Хэн нь илүү цэцэн үгээр хэрэлдэж, бусдыг дооглон гутааж  байна тэр нь тэмцэгч, тэр нь үнэний төлөө зүтгэгч хэмээн алдарших  болов. Харин энэ бүхний  үр дүнд  гадныханд хамаг байдгаа өгч, үйлдвэрлэлээс зугтаж, бэлэн мөнгө авах сэтгэхүйтэй болж улс нийтээрээ уруудан доройтож ядуурсаар. Одоо яах вэ... Бид хөгжлийн гол тулгуур болсон иргэн бүхэн үйлдвэрлэгч байхыг  умартжээ. Бидэнд өнөөдөр ямар ч технологи байхгүй, бас нэр хүнд ч үгүй болов. Энэ бүхнийг Монголын ард түмэн бий болгоогүй харин тэднийг удирдаж яваа цэцэн цэлмэг хэрүүлчид бүтээн байгуулсан.

Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөнгөн медаль хүртсэн С.Цэрэнчимэд охин телевизд ярилцлага өгөхдөө “Би уг нь ялалт байгуулаад төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ гэж бодсон юм” гээд уйлсан нь сэтгэл хөндөв. Төрийнхөө дууллыг эгшиглүүлж чадаагүйдээ уйлж буй дөнгөж 19 настай охин. Гэтэл төрийн дууллаа эгшиглуулж, улс гүрнийхээ нэр хүндийг өндөрт  өргөж явах ёстой төр нийгмийн зүтгэлтнүүд ийнхүү уйлсан билүү. Уйлдаггүй юмаа гэхэд дэлхийн тавцанд мандуулсан билүү. Мандуулах нь бүү хэл муутгаж явсан нь манай ихэс дээдэст ногдох вий. 

2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн дүнгээс болж хоорондоо муудалцаж, төр нь зэвсгээ агсан таван энгийн иргэнээ буудаж алчихаад айдас хүйдэст автуулсан нийгмийг жирийн малчны хүү Найдангийн Түвшинбаяр Олимпын алтан медаль энгэртээ зүүж эх орноо, элэг нэгтнээ баярлуулан төрийг төвшөтгөж байсан түүх долоохон жилийн өмнөх. Ард түмний итгэл найдварыг тамирчид хийгээд урлагийнхан  маань сэргээж,  дэлхий дахинаа монгол гэж улс мөхөөгүй байгаа шүү гэдгийг байсхийгэд л тунхаглах. Гэтэл төр засгийн тэргүүнд суугаа хэд нь байсхийгээд л муудалцах, алан утшаал наймаалцах, түүнийг нь дагаад жирийн иргэдийн амьдрал  доройтох. Одоо үүнийг зогсоох цаг болжээ. Монголоо нураахаас нь өмнө амжиж нуруундаа үүрэх үе иржээ. Энэ бол Монголоо гэх чин сэтгэлтэй, ярьдаггүй хийдэг хүмүүсийг олж төрийн жолоо атгуулах билээ. Бид чадна , тиймээс хамтдаа хичээцгээе. 

Нийтлэлч Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.