Л.Гансүхэд оноосон ялын тогтоол /Бүрэн эхээрээ/

Twitter Print
2015 оны 09-р сар 22-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал таван өдрийн турш үргэлжилж, шүүх шийдвэрээ өчигдөр 22.00 цагийн үед гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Шүүх тогтоол:

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гүйцэтгэх ажиллагааны баримт сэлтээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дүгнэлээ.

Шийтгэх тогтоол:             2015 оны 09 дүгээр сарын 21.       Дугаар               Улаанбаатар хот

Монгол Улсын нэрийн өмнөөс

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон тогтоох нь:

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

Лүймэдийн Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн, зохион байгуулсан. Найдангийн Даваахүү, Батцэнгэлийн Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож төрийн албан тушаалын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гардан үйлдсэн, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гансүхэд улс төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жил хасч, дөрвөн жил зургаан сарын хорих ял, Даваахүүг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6,  36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял, Б.Мөнгөнтуяаг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхэд ногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 т зааснаар Л.Гансүхийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулсан тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 т зааснаар Б.Мөнгөнтуяа нь нийт 203 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байх үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ял эдэлсэнд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 т зааснаар Даваахүүд урьдчилан цагдан хоригдсон 44 хоногийг торгох ялаас хасч үлдэх 10 сая 752 мянган төгрөгөөр торгосугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дүгээр зүйлийн 47.3 т зааснаар Даваахүү нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн зүйлийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгүй.

Иргэний хуулийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 т зааснаар Л.Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа нараас нийт хоёр тэрбум 539 сая 738 мянга 867 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур хувьцаат компанид олгосугай.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч нарын төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

Шүүгдэгч Гансүхэд авсан бусдын батлан даалтад байлгах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

Мөнгөнтуяад авсан бусдын батлан даалтад байлгах, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

Шийтгэх тогтоол нь танилцуулсан он сараас хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай” гэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.