Энэ жил сайжруулсан 5000 зуухыг иргэдэд олгоно

2015 оны 09-р сар 22-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасангаас тус сангийн ажлын талаар тодрууллаа.

Хүйтний улирал хаяанд ирлээ. Цэвэр агаар сангаас ямар ажил хийхээр бэлтгэж байгаа вэ?

-Юуны өмнө Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан нь бодлого боловсруулж, бие даан шийдвэр гаргадаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр хэлэлцэгдээд ийм ийм арга хэмжээг хэрэгжүүлье, үүнд төчнөөн төгрөг зарцуулъя гэсэн шийдвэр нь гараад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Цэвэр агаарын сангаас санхүүжүүл гэсэн үүрэг өгдөг юм. Түүний үндсэн дээр БОНХАЖ-ын сайд тушаал гаргах буюу шаардлагатай тохиолдолд Цэвэр агаар сангийн Удирдах зөвлөл хуралдаж тогтоол шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрүүдийг үндэслэн Цэвэр агаарын сан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээ байгуулан ажилладаг үүрэгтэй. 2015 онд төсөвлөгдсөн 16.16 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд татаас олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, Улаанбаатар хотын захын хорооллын халаалтын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах ажлыг хийсэн.

Мөн хэт ачаалагдсан дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт нүүрсний хэрэглээнээс татгалзах шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсөнд хүнд металл тодорхойлох багаж хэрэгсэлийг суурилуулах зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлж байна. Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих сурталчлах зэрэг олон ажлуудыг дурьдаж болно. Цэвэр агаар сангийн 2015 оны төсвийн төлөвлөгөө, төсвийн зарцуулалтыг манай цахим хуудаснаас-үзэж болно.

-Өмнөх жилүүдэд хийж байсан бүрэн шаталтат зуух, шахмал түлш гэх мэт бусад ажлуудыг цааш үргэлжлүүлэх боломжтой юу?

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд  сайжруулсан зуух нийлүүлэхэд татаас олгох ажлыг Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар-Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлж байна. Анх 2013 оны аравдугаар сараас эхлэн энэхүү хамтарсан төслийг хэрэгжүүлж нийт 45 мянган ширхэг зуух тараах зорилт дэвшүүлсэн. 2014-2015 оны галлагааны улирал дууссаны дараах дүнгээр нийт 40307 ширхэг зуух тараасан байна. Зөвхөн 2015 он гэхэд 10824 ширхэг зуух тараахад 1.529 сая төгрөгийн татаас олгосон байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Хүрд” ХК-ийн хэрэгжүүлсэн “Илч” зуухны нийлүүлэлт 2014 онд бүрэн дууссан бөгөөд энэ онд үлдэгдэл санхүүжилтэд 409.62 сая төгрөг олгоод байна.

-Бүрэн шаталтат зуухны хувьд төслийн хугацаа дууссан тул үнийн хөнгөлөлт байхгүй болж зуухны үнэ өссөн. Гэхдээ иргэдийн дунд энэ жил зуух өгөх гэнэ гэсэн яриагарч, хүлээлтүүсээд байгаа. Хэрэв энэ ажил цааш үргэлжлэх бол ямар шатандаа яваа вэ ?

Зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу. Өнгөрсөн жил Дэлхийн банкны "Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл болон Цэвэр агаарын сангаас иргэдэд олгожбайсан татаасын хэмжээ буурсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний  хорооны 2014 оны 6дугаар тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш цаашдаа дамлан худалдаалахыг зогсоох зорилгоор олгож байсан татаасын хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан юм. Энэ жилийн тухайд нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэд олгохоор төлөвлөгдөж байна. Гэхдээ тус сангаас олгодог татаасын хэмжээ буурч иргэдийн төлөх мөнгө нь нэмэгдэнэ. Ер нь гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа гэж ойлгож болно. 

-Агаарын чанарыг хянадаг суурин харуул Монгол Улсын хэмжээнд хэд бий, үүний хэд нь Улаанбаатарт, хаана хаана байдаг вэ. Суурин харуулыг цаашид нэмж байршуулах боломжтой юу ?

Улаанбаатар хотын хэмжээнд 10 ширхэг агаарын чанарын суурин харуул байдаг. АББҮХ-ны 2014 оны хоёрдугаар 17 ны өдрийн 02 тоот тогтоолоор Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг  холбогдох хүмүүст үүрэг болгосны дагуу тус хорооны ажлын алба тендер шалгаруулж “Аствишн” ХХК-тай 327.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулан Цэвэр агаар сангаас санхүүжүүлсэн.

Энэ төслийн хүрээнд зуухны хяналтын систем /вэб програм/, гар утасны апликешн, агаарын чанарыг олон нийтэд мэдээлэх систем /вэб програм/, хянах самбар /энэ вэб програмд зөвхөн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд нэвтрэх эрхтэй/ зохиохоос гадна нийслэлийн агаарын чанарын 10 суурин харуулуудын ойролцоо LED дэлгэцүүд байрлуулан харуулын хэмжилтийн үр дүн шууд дэлгэцэн дээр харагддаг байхаар суурилуулсан.

“Агаарын чанарын ухаалаг систем"-ийг нэвтрүүлснээр орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээр явагдаж байгаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдсэн. Agaar.mn вэб сайт, гар утасны апликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минуг тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх юм.

Энэ жилийн тухайд Цэвэр агаар сангийн хөрөнгөөр су^урин хоёр харуул нэмж суурилуулахаар тендер нь зарлагдаад явж байна. Чингисийн талбай орчимд агаарын чанарын суурин харуул байдаггүй. Шинээр суурилагдах нэг харуул Чингисийн талбай орчимд нөгөө нь долоон буудлын ойролцоо суурилагдах юм.

-Ер нь өнгөрсөн жилүүдийг болвол нийслэлийн утаа хэр буурч байна вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. Агаарын бохирдлын хэмжээнд хийсэн уг судалгаагаар 2013- 2014 оны хүйтний улиралд агаар бохирдуулагч бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 20, нарийн ширхэглэгт тоосонцор 21, азотын давхар исэл 26 хувиар тус тус багассан дүн гарсан байна. Үүнээс үзэхэд агаарын бохирдол тодорхой хувиар буурсан байна. 

С.Туул

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.