Сөүл хотын дарга Пак Вон-Сүн нийслэл хотод айлчилж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 21-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан  энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд   нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон-Сүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгч Улаанбаатар хотноо  айлчлал хийж байгаа аж. Пак Вон-Сүн тэргүүтэй төлөөлөгчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид 20 жилийн турш найрсаг сайхан харилцаатай байж, олон салбарт  идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хамгийн ойрын жишээг хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн явдал юм. “Кореа смарт карт” компанийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан нь бидний хамтын ажиллагааны нэг үр дүн гэж хэлж болно. Цаашид бид хотын агаарын бохирдлыг бууруулахад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаас гадна,  Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр, зам тээвэр, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллана” гэсэн юм.

Харин Сөүл хотын дарга Пак Вон-Сүн “Та бүхэнтэй уулзахад найз нөхөдтэйгээ уулзаж байгаа мэт дотно сайхан сэтгэгдэл төрж байна.

Энэ удаагийн айлчлалаар бидний хамтын ажиллагаа улам илүү батжиж, хот хоорондын, байгууллага хоорондын түншлэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй адилхан Солонгос улсын ардчиллын төлөө  зүтгэж явсан хүн. Тиймээс бидэнд улс төрчийн хувьд адил төстэй зүйл их бий” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын “SH” корпараци буюу Орон сууцны корпораци, Сөүл хотын Ус судлалын газар, Ус хангамжийн ерөнхий газар, Сөүл хотын Төлөвлөлт, зохицуулалтын газар,  Сөүл хотын Зам харилцааны ерөнхий газар, Уур амьсгал, хүрээлэн буй орчны газар зэрэг хотын амин сүнс болсон байгууллагын дарга, төлөөлөгчид ирснээс гадна бизнесийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Маргааш талууд Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалтад оролцож хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, агаарын чанарыг сайжруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах "Санамж бичиг" үзэглэх юм.

Мөн энэхүү айлчлалыг сурвалжлахаар Солонгосын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаас 16 хүн  хүрэлцэн ирсэн бол “Сөүлийн өдрүүд” урлагийн тоглолтод оролцохоор 50 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод иржээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.