ЗГ бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ

Twitter Print
2015 оны 09-р сар 18-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарласан байсан бөгөөд дөнгөж сая хаалаа. Тус чуулганаар МАН-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сайдуудын оронд томилох зургаан сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадсангүй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хоёр удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшилж, дээрх хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Тиймээс Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг УИХ хэлэлцэж чадсангүй. Үүнээс болж, өршөөлд хамрагдан шоронгоос суллагдах байсан иргэд УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан цагт суллагдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулган хүртэл уг асуудал хойшлогдож байгаа юм.

-Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг-

2015.09.18

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.

Мөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.

Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.