Гэр бүлд аз жаргал авчирдаг топ 10 цэцэг

2017 оны 05-р сар 26-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Та тасалгааны цэцэг худалдан авах гэж байгаа бол тухайн ургамал өнгө үзэмжээ удаан хадгалж чаддаг, хэр арчилгаа шаарддаг, аль өрөө, ямар орчин зохимжтой, эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Уг нь гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэсвэртэй, өвдөх нь бага байдаг аж. Гэхдээ худалдан авсан ургамлаа хэрхэн арчлах, долоо хоногт хэдэн удаа услах, хаана байрлуулах талаар худалдагчаас заавал асуугаарай. Учир нь ямар ч цэцэг орчин болон эзэн нь солигдоход эмзэг байдаг гэнэ. 

Жаахан хүүхэд танихгүй айлд яадаг билээ, яг тийм зан гаргадаг хэмээн цэцэгчид зөвлөв. Цэцэг бүр харилцан адилгүй хэмжээтэй ус шаарддаг бөгөөд өдөр бүр усалж болохгүй. Ерөнхийдөө долоо хоногт хоёр удаа жижиг цорготой шүр шүүрээр навчинд нь ус хүргэлгүй, зуны цагт орой, өвөл өглөө усална. Ургамлын үндэс хэт хүйтэн усыг сорох чадвар муу байдаг. Иймд крантны хүйтэн усыг саванд хийж нэг хонуулахад тасалгааны температуртай ижил болж, хлор нь бас уурших ёстой. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа услаад 40- 50 минутын дараа бордоогоо хийнэ. Зориулалтын бордоо байхгүй бол мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог. Гэрэл дутагдвал навч нь цайж зөөлрөн хэлбэр нь өөрчлөгдөх, иш нь сунах цэцгийн тоо цөөрөх, цэцэглэлт зогсдог.

Тасалгааны ургамал бүр харилцан адилгүй гэрлийг шаарддаг тул ургамлаа тасалгаанд зөв байрлуулах нь чухал. Зуун настыг нар тусдаг цонхонд ойр байрлуулах хэрэгтэй. Харин хонхонцэцгийг гэрэл бага шаарддаг газар тавьж болно. Ингээд та бүхэндээ айл гэрт аз жаргал авчирдаг тасалгааны топ 10 цэцгийг танилцуулья.

Нил цэцэг

Энэ цэцгийг тарьдаггүй цэцэгчин гэж их ховор байх. Гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж өгдөг, хүүхдийн өрөөнд цагаан, цайвар ягаан өнгийн цэцгийг тавих нь энерги сайтай цэцгүүд дунд дээгүүрт орно. Жилийн турш цэцэглэдэг тул тасалгааны цэцэгсийн Хатан гэж ч зарим нь нэрлэдэг. Дулаахан гэрэлтэй орчин л байвал өөр олон юм шаарддаггүй, ямар ч хөрсөнд ургадаг. Зөв арчлах юм бол маш олон жил болдог. Цэцэг ургуулж эхэлж байгаа хүмүүст ургуулахад  зовлонгүй цэцэг юм. Бүтэн жил ямар ч улиралд та худалдаж авч болно.

Худалдаж авахдаа юуг анхаарах вэ?

-Навч бүгд эрүүл өнгөтэй, зөв хэлбэртэй ургаж байх

-Навчны таваг зөв дугуй хэлбэртэй байх

-Аль болох олон цэцгийн булдуутай цэцэг сонгоорой. Булдуу нь дэлбээлээгүй байх

-Цэцэглэж дууссан цэцэгний дэлбэйг нь сайн ажиглаарай. Дээр нь ямарваа нэгэн сэжиг бүхий хорхой, шавьж, өвчин зэрэг байх ёсгүй. 

-Ишний ёроол харлаагүй, зөөлрөөгүй байх ёстой. Ишний ёроолоос эхэлж мууддаг мөөгөнцрийн гаралтай "хар хөлт" нэртэй өвчин байдаг. 

Гэрэл: Гэрэлсэг цэцэг гэж тооцогддог ч нарны гэрлийг үздэггүй. Урд зүгээс бусад цонхонд таардаг. Нарны хурц гэрлээс хамгаалж өгөөрэй. Гэрлээс хол байлгавал цэцэглэх нь муу, заримдаа огт цэцэглэхгүй ч байна. Навчны үзүүр борлож хатвал гэрэл ихэдсэн гэсэн шинж тэмдэг.

Цэцэглэлт: Жилийн дөрвөн улирал цэцэглэдэг ховор цэцгүүдийн нэг. Таны нил цэцэг цэцэглэхгүй байвал гэрэл дутсан байх шүү. Хүйтэн, эсвэл халуун салхинд дургүй, нэвт салхийг тэвчдэггүй. Цэцэгний хажуугаар ургасан жижиг "маамуу" цэцгүүдийг салгаж, тайрч авч байх хэрэгтэй. Энэ нь цэцэгний хүчийг хий дэмий аваад байдаг тул гарч ирэнгүүт аваад байх хэрэгтэй. Нэг цэцэг нэг л оройтой байх ёстой.  

Цэцэглэсэн цэцэгний дэлбээ муудаж эхлэнгүүт цэцгийг хумсаараа тасдаж авч хаях хэрэгтэй. Хайч, хутганы оронд хумсаараа чимхэж авч бай гэж орос сайтанд бичсэнийг олон жилийн өмнө уншиж байсан юм байна. Мөн хуучирсан, хөгширсөн, хатсан зэрэг навчийг дор дор нь авч хаявал цэцэгний анхаарал зөвхөн цэцэг гаргахад чиглэгддэг.

Навч: Нил цэцэгний нэг онцлог нь ихэнхи сортууд нь дугуй тавган хэлбэртэй ургасан навчнуудтай байдаг тул зөв ургуулсан дугуй навчтай цэцэг их үнэлэгддэг. Навчны ийм тулгуур цагариг хэрэглэж зөв навчтай цэцэг ургуулдаг юм.

Хойя

Хойяг гэртээ байлгаснаар, тэр тусмаа унтлагын өрөөнд байснаар энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалыг авчирдаг юм байна. Тиймээс зүрхэн хэлбэртэй хойя ч байдаг аж. Зүрхэн хэлбэртэй хойяг керри сортынх гэх бөгөөд энэ цэцгийг Гэгээн Валентины өдөр хосууд бие биедээ өгдөг байна.

Мирт



Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.

Нөмөргөнө



Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг. 

Энэ цэцэг нь гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болоход тусладаг, хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг хэмээн үздэг. Мөн энэ цэцэг ургаж байгаа айлд хайр болон ойлголцол оршиж байдаг ажээ.

Ногоодой

Энэ цэцгийн уугуул нутаг нь өмнөт Африк, бөгөөд Америк тивийн халуун бүс нутаг, Өмнөд Ази болон Австрали тивээр тархан ургажээ. 200 гаран төрөл зүйлтэй  дэлхийд өргөн дэлгэр тархсан цэцэгсийн нэг юм. Маш бага арчилгаа шаарддаг бөгөөд үрслүүлэхэд  хамгийн амархан цэцэг юм. Навч нь 20-30 см урттай, 1,5-2см өргөнтэй байдаг. 1 м хүртэл урт ургадаг цэцэг юм.

Энэхүү цэцэгний навч нь голоороо цагаан судалтай зарим нь ногоон судалтай эсвэл дан ногоон навчтай гэх мэт олон төрөл зүйл байдаг. Зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл эх ургамалаас жижиг ургамал хүртэлх шилбэн дээр жижиг цагаан, ягаан цэцэгс дэлгэрдэг. Хамгийн арчилгаа багатай цэцэгсийн нэг. Энэ цэцэг нь гэрийн агаарыг цэвэрлэхээс гадна гэр бүлийг жаргалтай бас тайван амьдрахад нь тусалдаг хэмээн эртнээс үзэж ирсэн байна.

Хөрс ба бордоо

Сагс эсвэл зориулалтын дүүжилдэг саванд хийж хананд өлгөвөл гоёмсог харагддаг.. Хөрсний хувьд савныхаа ёроолд хайрга дэвсээд хөрсөндөө том ширхэгтэй элс, ялзарсан навч хольж өгөх нь тохиромжтой. Хэрэв цэцэгийн үндэс өнгөн хөрсөн дээр ил гарч ирж харагдвал савыг томруулох болсоны дохио. Энэ цэцгийн үндэс нь их бүдүүн булцуутай байдаг бөгөөд бусад мөлхөө цэцгийг бодвол үндсэндээ их хэмжээний ус нөөцөлдөг байна. 

Хятад сарнай



Хятад сарнай гэрт байхад хайр илүү бат бөх болдог гэлцдэг. Дулаанд дуртай цэцэг юм. 
Уул нь хятад сарнай нэг их “маяггүй” цэцэг, нар дутагддаггүй, сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ хангалттай гэрэлтэй боловч нарны туяа шууд тусахааргүй газар байрлуулсан нь дээр. Энэ бол цэцэглэлтийн нэг нөхцөл. Зуны улиралд гадаа, нар салхинаас хамгаалалттай байдлаар тавьбал тун ч дуртай байдаг. Ер нь 18-22 хэмийн дулаантай орчин хятад сарнайн “диаваажин” л даа.

Цэцэглэлтийн үе нь ихэнхдээ хавар, зун, намар тохиодог бөгөөд мөчир бүрийнхээ үзүүрийг 10 см орчим диаметр бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцгээр чимдэг. Энэ үед сарнайн услалтыг нэмэгдүүлэх шаардлагатай, хэрхэвч шороог нь хатааж болохгүй. Ус дутагдвал цэцэг, бундуу, навчаа ч хаячихдаг. Шороог байнга хангалттай чийгтэй байлгахаас гадна усалсныхаа дараа сийрүүлж өгч байх хэрэгтэй /үндэс рүү нь агаар оруулахын тулд/.  Харин өвлийн улиралд услалтыг багасгана.

Эцэст нь хятад сарнайд гардаг асуудлуудын шалтгааныг дурдвал:

Цэцгийн бундуунууд үүссэн боловч дэлгэрэхгүй байж байснаа уначихаж байгаа бол–тэжээл дутагдаж байна, ус дутагдаж байна, шороог нь хэт хатаадаг юм байна, орчны температур хүйтдэж байна.

Маш сайн, саглагар болтлоо навчилсан боловч цэцэг байхгүй–азотын бордоогоор хэтрүүлэн бордсон байна, гэрэл дутагдаж байна, бундуу хөөх үед нь усаар гачигдуулсан байна, өвөл сэрүүн нөхцөлд амраагаагүй.

Доод навчнууд нь унаад, шинээр ургаж байгаа навчнууд нь шардуу өнгөтэй байвал–хэтэрхий их хлортой усаар усалснаас навчны хлороз үүссэн, дээрээс нь азот ба төмрийн дуталд орсон байна. Крантны усаа саванд хийж хонуулан хлор нь дэгдэж арилсны дараа усалж байх хэрэгтэй, мөн усандаа төмрийн бэлдмэл нэмэх. Бас хүйтэн усаар дэндүү их усалдагаас үндэс нь даарч өвчилсөн үед, эсвэл хэт хуурай халуун өрөөнд усаар шүршилгүй байлгадгаас дээрх “зовиурууд” илэрдэг.

Хортон шавьжинд идэгдвэл зохих бодисоор устгаад, шалдарсан мөчрүүдийг нь талд нь хүртэл тайраарай. Тэгвэл шинээр олон мөчир салаалан гарч тун удахгүй таны цэцэг буцаад саглагар болно.

Аихризон буюу дурлалын мод


Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь мэдээж хайр дурлалыг бэлэгддэг. 

Цэцгийн арчилгаа: 

Аихризон нь сарнисан гэрэлд дуртай. Нарийхан вааранд суулган, усалгааг багасган сэрүүн газар өвөлжүүлснээр дурлалын модыг цэцэглүүлж болно.

Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Цэцэглэлтийн үед дурлалын модны навчнуудын тэн хагас нь унадаг тул санаа зовох хэрэггүй. Цэцэглэлтийн дараа хатсан цэцэгнүүдийг авч хаян усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчнууд гарч ирдэг. 

Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг



Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалыг цэцгийг гэртээ тариарай. 
Энэ цэцгийн эх орон нь Бразилийн ширэнгэн ой, Мексик, Өмнөд Африк юм. Унтаахай гэсний учир нь наргүй сүүдэртэй үед навч цэцэгээ хумиад, нартай үед дэлгэрдэгээс үүдэлтэй болов уу. Гэр бүлд аз жаргал авчирдаг ТОП 10 цэцэгсийн нэг. 

Хөрсний бүтэцийн хувьд 2% хүлэр, хөвдөн хөрс, 1% нь үржил шимтэй хар шороон хөрс 1% нь элс, перлит байх нь зохимжтой. Айрганыг ид ургалтын үед нь бордож өгөх нь зүйтэй. Усалгааг тогтмол хийх ба шүршиж байх хэрэгтэй. Арчилгаа их шаарддагүй бөгөөд хурдан ургадаг цэцэг юм. 

Годонхой буюу эрчүүдийн цэцэг

Годонхой нь үнэхээр сайхан цэцэг. Хавраас намар хүртэл цэцэглэдэг ба аль болох жижиг вааранд дуртай. Хэт том саванд бол цэцэглэх дургүй. Нэвт салхинд тун дургүй. Бүлээн, зөөлөн усаар услана. Годонхой нь гэрэл дуртай бөгөөд 20С-с доош температурт тийм ч дуртай биш. Агаарын чийгшилд их дуртай учраас өдөр бүр шүршинэ. Гэрэл муутай газар годонхойг тавихад цэцэглэхгүй. Хавар зуны цагт годонхойг борддог. Долоо хоног тутамд бордоно.

Жил бүрийн хавар годонхойг шилжүүлэн суулгадаг боловч том ургасан годонхойг бол 3-4 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг. 

Энэ цэцэг нь эрчүүдэд хүч чадал өгдөг бөгөөд эр хүний ноён нурууг бэлгэддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг байна.

Калатея буюу марантагийн төрөл



Энэ цэцэгний эх орон нь Америк юм. Навчаараа гоёдог энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалын бэлгэдэл юм.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.