Б.Алтантулга: Орон сууцны зээлийн босгыг ингэж давна

Twitter Print
2015 оны 09-р сар 16-нд 08:24 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааны 20 хувьд баталгаа гаргахаар болсон. Ингэснээр урьдчилгаа төлбөр 10 хувь болж буурч байгаа билээ. Тэгвэл 10 хувийн урьдчилгаатайгаар зээлд хамрагдах боломж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэдэд нээлттэй байгаа юм. Харин иргэдийн дунд 7-15 бүлэгт хамрагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх, уг бүлэгт ямар орлоготой хүмүүс хамрагдаж байгаа зэрэг олон асуулт бий болоод байна. Энэ талаар Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулгатай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн 10 хувийн хөтөлбөрт өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд хамрагдана гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу. 7-15 дугаар бүлэг гэдгийг хэрхэн, ямар журмаар тодорхойлж байгаа вэ?

-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилт тусгагдсан. Энэ дагуу Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор өрхийн мэдээллийн судалгааг явуулж, өрхийн мэдээллийн санг үүсгэх ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны удирдлагаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар 2013 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ судалгаанд Монгол Улсын нийт өрхийн 86 хувь буюу 713 мянга орчим өрх хамрагдсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг Үндэсний статистикийн хорооны дарга болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан аргачлалаар явуулсан. Энэ судалгааны нэг гол зорилго нь зорилтот бүлгээ оновчтой тодорхойлох. Түүнчлэн Засгийн газраас нийт өрх, хүн амд чиглэсэн аливаа бодлого, хөтөлбөр боловсруулахдаа олон салбарт нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд маш олон үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний нэг нь Засгийн газрын 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 296 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргах журам юм. Энэ журмын 3.1.2-д өрхийн мэдээллийн  нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд хамрагдана гэж заасан. Судалгаанд хамрагдсан нийт өрхөө хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлсэн. Нэгдүгээр бүлэг бол хамгийн бага хэрэглээтэй өрх. 20 дугаар бүлэг бол хамгийн өндөр хэрэглээтэй өрх. 7-15 дугаар бүлэг яагаад сонгогдсон бэ гэхээр энэ нь нийгмийн дундаж хэрэглээтэй өрх юм. Энэ нь ойролцоогоор 294 мянга орчим өрх байгаа.

-Дундаж хэрэглээ гэж байна. Иргэд бол 7-15 дугаар бүлэг гэхээр ямар орлоготой хүмүүс байх вэ гэж ойлгоод байгаа. Тэгэхээр орлого хамаагүй, хэрэглээгээр нь гаргасан судалгаа байх нь?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, татварын систем хөгжсөн орнуудад иргэдийнхээ амьжиргааг орлогоор нь тооцох бүрэн боломжтой. Манайх шиг далд эдийн засагтай оронд яг орлогоор тооцох боломж байхгүй. Тийм учраас орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэсэн. Аливаа өрх орлогоосоо хамаараад хэрэглээ хэрэглэдэг учраас тухайн өрхийн нэг хүнд ногдож байгаа хэрэглээ, хэрэглээнд нөлөөлөхүйц шалгуур үзүүлэлтүүдийг энэхүү асуулгадаа оруулаад, 0-1000 хүртэл оноогоор тооцож гаргаж байгаа. Энэ оноон дээрээ үндэслээд тухайн өрхийн хэрэглээг 1-20 бүлгээр ангилсан.

-Хэрэглээ нь орлоготойгоо уялдаатай, ойролцоо байж чадах уу?

-Судалгааны үр дүнг бид ҮСХ-ны Өрх нийгэм, эдийн засгийн судалгаа болон бусад улсын хэмжээнд явагддаг судалгаануудтай харьцуулж үзсэн. Ингэхэд зөрүү бараг байхгүй гэж гарч ирсэн. Тэгэхээр манай судалгаа оновчтой болсон гэж ойлгож болно.

-Иргэд аль бүлэгт хамрагдаж байгаа гэдгээ хэрхэн мэдэх вэ?

-Иргэд юун түрүүнд өөрийн оршин суугаа баг, сум, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана. “Би аль бүлэгт хамрагдсан байна вэ” гэдгээ лавлахад нийгмийн ажилтан юун түрүүнд тухайн иргэнийг судалгаанд хамрагдсан байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлж өгнө. Хэрэв хамрагдсан бол жишээ нь “Та хоёрдугаар бүлэгт хамрагдсан байна” гэдэг тодорхойлолтыг гаргаад өгчихнө. Тухайн иргэн 7-15 дугаар бүлэгт хамрагдсан байна гэдэг тодорхойлолт гарч ирвэл тухайн тодорхойлолтоо аваад, аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс дээр очиж, тодорхойлолтоо баталгаажуулна. Ингэснээр тухайн тодорхойлолт арилжааны банкууд болон хөгжлийн банкин дээр бодитой баримт бичиг болно. Энэ судалгаанд хамрагдаагүй иргэн байж болно. Эсвэл хамрагдсан хэдий ч өөрийнхөө хамаарах бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Ийм иргэд дахин үнэлгээнд орох боломжтой. Үүний тулд нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргаад, яг тэдэн сарын тэдний өдөр үнэлүүлье гэдэг огноогоо тохирно. Ингээд нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс судлаач очиж, тухайн өрхөөр дахин зочилж, үнэлгээг гаргах юм.

-7-15 дугаар бүлэгт орчихвол орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой гэж ойлгох уу?

-Журмын дагуу нэлээд олон шалгуур бий. Үүний нэг нь 7-15 дугаар бүлэгт хамрагдсан байх ёстой. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх зэрэг олон шалгуур бий. Ерөнхийдөө банкны шалгуурыг хангасан иргэн 7-15 дугаар бүлэгт хамрагдаж байвал бүрэн боломжтой. 

-Өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан иргэд зээлээ төлөөд дахиж 10 хувийн хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?  

-Энэ журмаар бол анх удаа орон сууцтай болох гэж байгаа иргэн гэж тусгагдсан.

-Тэгэхээр өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц худалдаж авсан, орон сууцны зээлд хамрагдсан иргэд 10 хувийн урьдчилгаатай хөтөлбөрт хамрагдахгүй боломжгүй гэсэн үг үү?

-Боломжгүй. Орон сууцны урьдчилгаанд баталгаа гаргаж байгаа хөтөлбөр нь нийгмийн дундаж давхаргын иргэдээ орон сууцанд хамруулъя гэсэн зорилготой. Түүнчлэн барилгын салбараа дэмжих. 

-Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх бол. Иргэдийн дунд маш их хүлээлт байна?

-Сангийн яам, Хөгжлийн банк, Барилга хот байгуулалтын яам зэрэг оролцогч талууд хамтран ажиллах нөхцөлөө тохирч, гэрээнд гарын үсэг зурах ёстой. Дараа нь Хөгжлийн банк арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр ойрын хугацаанд хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Л.Энхдэлгэр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нара

      (202.179.10.150) 2015-09-16 10:32
      • 0
      • 0

      Хурдан хэрэгжүүлээчээ. Аягүй бол сонгуулийн урд өдөр болгор юм байналдаа. Ард түмэн хэцүүдлээ. Та нар ярьсаар

      Хариулах

    • Зочин

      (203.91.118.178) 2015-09-16 09:36
      • 0
      • 0

      барилгын компаниуд төртэйгээ нийлж иргэдээ шулахаа болимоор юм

      Хариулах

    • aa

      (202.72.246.147) 2015-09-16 09:18
      • 0
      • 0

      barilgiin salbaraa demjih gedeg ug ih aimaar sonsogdoj bnshuu yg ard tumne oron suutsjuulah geed bnuu barilgiin companuudiig bayjuulah geed bnu oilgomjtoi bga biz toriin mongoor barilgiin bossudig sanhuujuulj ard tumniig orond uls orniig orond hutgaj bga ywdal

      Хариулах

    • Зочин

      (119.40.98.77) 2015-09-16 09:06
      • 0
      • 0

      yooe boon hund surtal..irgediin chin diilenh 7 doosh orchihood baina, odoo

      Хариулах