2016 оны зуны Олимп хаяанд ирлээ

Twitter Print
2015 оны 11-р сар 08-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид өөрсдийгөө багийн спортын төрөлд амжилт гаргахгүй гэж бодсоор 2014 онтой золгосон. Гэтэл БНСУ-ын Инчон хотод болсон Азийн спортын XIV дэх наадамд сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг маань шөвгийн наймд үлдэж, эх орныхоо нэрийг тивдээ дуурсгаад ирсэн аж.

Харин өнгөрсөн 2014 оны шилдэг спорт холбоогоор жүдо бөхийн холбоо нэрлэгдсэн. МҮОХ-ны гишүүн спортын холбоодын үйл ажиллагааг дүгнэх журмын дагуу жүдо бөхийн холбоо 4809 оноо авчээ. Удаад нь 3371 оноотой чөлөөт бөхийн холбоо, 1615 оноотой боксын холбоо, 1392 оноотой самбо бөхийн холбоо, 1391 оноотой гимнастикийн холбоо, 1224 оноотой буудлага спортын холбоод орсон байна.

Тухайн спортын холбоо Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл 100 оноо, мөнгө 80 оноо, хүрэл, 60 оноо, дэлхийн аваргаас алтан медаль хүртвэл 80 оноо, мөнгө 60 оноо, хүрэл 40 оноо, тивийн наадмаас алтан медаль хүртвэл 40 оноо зэргээр үнэлгээ тогтоожээ. 2014 онд жүдо, чөлөөт бөхийн тамирчид насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас тус бүр нэг алтан медаль хүртсэн бол бокс, буудлагын тамирчид Инчоны Азийн наадмаас алтан медаль хүртэж, өндөр амжилт гаргасан билээ.

Спорт холбоод тухайнн оны арванхоёрдугаар сарын 19-ны дотор тайлангаа өгөх ёстой гэнэ. Нийт 63 спорт холбоодоос 32 нь тайлангаа ирүүлсэн учир байраар жагсаасан гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ энд нэг зүйл учир дутагдалтай асуудал үргэлж байдаг аж. Манай улсын хувьд ганцаараа өрсөлддөг спорт илүү хөгжсөн, багийн төрөлд дэлхий, Олимпийн наадамд оролцох хэмжээнд хүрээгүй. Иймд өвөл, зуны Олимп, дэлхийн аваргаас медал хүртэх боломж нь бүрдээгүй спорт холбоод үргэлж доогуур байр эзэлж, чөлөөт, буудлага, жүдо, боксын тамирчид нь Олимп, дэлхийн аваргаас медаль авч ирдэг учир “ТОП 4” төрөл гэж нэрлээд байгаа.

Үүнд Засгийн газар ч буруутай. Жил бүр спорт холбоодод мөнгө төсөвлөхдөө “ТОП 4” төрөлд илүү мөнгө зарцуулж бусад бейсбол, морин спорт, тэшүүр, дугуй, тэквондо, волейбол зэрэг өвөл, зуны Олимпийн наадамд багтсан спорт төрөлд бага мөнгө зарцуулдаг. Өвөл, зуны Олимпийн хөтөлбөрт багтсан спортын зарим төрлүүд нь манай улсад  хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд очих бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг ч жил бүр хэдхэн төрлийг онцлоод бусад нь нүд үзүүрлэгдсээр олон жил болж байна.

Багийн спорт хөгжих боломжтой гэдгийг сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг "Инчон 2014" Азийн наадмын үеэр харуулсан. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжил тивийн хэмжээнд очсон байна гэдгийг гадны дасгалжуулагч, мэргэжилтнүүд хэлж байсан. Цаашлаад олон улсын хэмжээнд гарч ирэхэд их хугацаа орохгүй гэдгийг ч Азийн хэвлэлүүд бичсэн. Гэтэл бид өөрсдөө волейбол, сагсан бөмбөг зэрэг зуны Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөгжүүлэхгүй, жил бүр дөрөвхөн спортын төрөлд л бүх мөнгөө зарцуулсаар хагас зуун жилийн хугацаа алджээ.

Мөн 2016 оны зуны Олимпийн их наадамд эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ бол асар богино хугацаа. Олимпийн өмнөх жил манай гол найдварууд болсон бокс, буудлага, чөлөөт, жүдо бөхийн тамирчид дэлхийн аваргад амжилттай оролцлоо. Үүний тод жишээ нь саяхан болсон жүдо бөхийн дэлхийн аваргаас 4 хүрэл, чөлөөт бөхийн дэлхийн аваргаас 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль авч, боксчид дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ базааж байна. Гэхдээ бид өмнөх гашуун туршлагыг мартаж болохгүй.

Ихэнх улс орнууд нэг зуны Олимпийн наадам өндөрлөөд бараг л маргаашнаас нь дараагийн наадамд бэлддэг. БНХАУ-аас жишээ авахад 1996 оны Атлантагийн наадмаас эмэгтэй хүндийг өргөлтийн тамирчин нь мөнгөн медаль авчээ. Гэтэл багийн удирдлага нь тухайн тамирчныг алтан медаль хүртэх боломжтой байсан хэмээн дөрвөн жил цэргийн бэлтгэл хийлгэж 2000 оны Сидней Олимпийн наадмаас алтан медаль авахад нь гэрт хариулж байлаа. Тэр тамирчин дөрвөн жилийн дараа охинтойгоо уулзаж, “Миний охин их том болсон байна. Сургуульд орсон байна” гэж сэтгүүлч нарт ярьж байлаа.

Бид ингэж хатуу бэлтгэл хийлгэдэггүй юмаа гэхэд Олимпийн өмнөх хоёр жилд спортын төрлүүд дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. Эс тэгвэл “Сидней 2000” зуны наадмын түүх давтагдах аж. “Сидней 2000 бидний итгэл найдвар” гэсэн сүртэй уриатай Австарлид очиж байсан ч манай улс нэг ч медаль хүртэж чадаагүй. Энэ бол гашуун туршлага юм.

Монгол улс 1964 оны Токиогийн наадамд анх оролцсон. Түүнээс хойш тогтмол медаль авсан бөгөөд 2000 онд өөрсдийн буруугаас болж медалийн буухиаг тасалсан. 1984 онд АНУ улс төрийн зорилгоор Социалист орнуудыг оролцууаагүй билээ. Одоо бидэнд 324 хоног үлдлээ.

Ямар ч байсан “Рио 2016”-гийн эрхийг чөлөөтийнхөн 6, буудлагын тамирчид 3, гүйлтийн тамирчид 2 болгоод байна. 2008, 2012 онд Монгол улс тус бүр 29 тамирчинтой оролцсон. Мөн найдвар хүлээлгэсэн жүдо, бокс, буудлага, чөлөөт бөхийн тамирчид ямар ч байсан медаль авсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Харин ирэх Олимпийн наадамд дээрх амжилтаа бататгахад бидэнд богино хугацаа үлдэж байгааг хаана хаанаа анхаарах цаг нь болжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.