Бясалгалаар оюун ухаан судлахуй

Twitter Print
2016 оны 11-р сар 17-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Дээрхийн гэгээн XIV Далай ламын АНУ-ын Боулдер хотын Наропа Дээд Сургууль, Денвер хотын Колорадогийн Их Сургууль дээр айлдсан сургааль

Бясалгал гэдэг нь оюун ухаанаа аливаа нэгэн бясалгагдахуун юмсад дадуулан ижилсүүлэхийг хэлнэ. Бидний сэтгэл мөрөн гол мэт нэг гольдролд орж чадаагүй зүг бүхэнд урсаж байдгаас онцгой их хүчгүй байдаг. Гэвч тэрхүү усыг нэгэн зүг урсгавал маш их хүч чадалтай болохын адил бидний сэтгэл ч түүн шиг болж болно.

Сэтгэлийг яаж төвлөрүүлж болох вэ?

Ямар ч зүйлийг бясалгахдаа нүдээрээ гадаад юмсыг шууд хараад бус түүний дүрс байдлыг сэтгэлдээ ургуулан бясалгах ёстой.

Хүсэл шуналд голчлон автсан бол гоо бусыг бяслагдахуун болгодог. “Гоо бус” гэсэн нь заавал нэг муу муухай хэлбэр дүрсийг зааж байгаа гэж ойлгож болохгүй. Бидний бие цогцос жинхэнэ мөн чанартаа цус, мах, яс зэрэг уг шалтгаануудаас бүтэж бүрдсэн байдаг. Гадаад төрхөндөө өнгө үзэсгэлэнтэй, гараар барихад зөөлөн сайхан сэтгэлд нийцтэй юм шиг үзэгддэг. Гэвч сайтар судлан шинжилвээс түүний чанар нь яс тэргүүтэн гоо бус зүйлүүд болохыг мэднэ. Энэ утгаараа “Гоо бусыг бясалгах” гэдэг нь өөрсдийнхөө бие цогцын мөн чанарыг шинжилнэ гэсэн үг юм.

Түүнчлэн их ууртай хүний бясалгагдахуун нь асрал хайр юм. Мунхаг давамгайлсан хүн бол “Арван хоёр шүтэн барилдлага” –ыг бясалгах хэрэгтэй. Их омог дээрэнгүй зантай болбоос үлэмж том юмыг бясалгах нь зүй. Яагаад гэвэл, олон зүйл орны ялгааг бясалгах үед өөр өөрсдийнхөө мэдэхгүй зүйл асар их байдгийг мэдэж авах бөгөөд улмаар омог, дээрэнгүй зан нь дарагдан багасах болно.

Юмсыг танин бариад түүнд өөрсдийнхөө сэтгэлийг хэрхэн агуулах вэ?

Эхлээд буяны садан нэгэн багшаас бясалгагдахуун зүйлсийнхээ тухай сонсож мэдэх хэрэгтэй. Дараа нь түүнийгээ дахин дахин тунгаан санаснаар зөв магадлалыг олж чадна. Жишээлбэл, бурхны лагшинг бясалгахдаа эхлээд түүний тайлбарыг ойлгон мэдэж авах, эсвэл лагшингийн зураг хөрөг зэргийг үзэж мэдэх хэрэгтэй. Түүний дараа сэтгэл оюундаа тодорхой ургуулахын тулд дадуулж сэтгэлдээ тогтоох нь зүй.

Үүний дараа өөрсдийнхөө хөмсөгний харалдаа урд ойролцоогоор 121 сентиметр өндөр хэмжээтэй бурхны лагшинг тодорхой бөгөөд гэрлийн мөн чанартайгаар заларч байна гэж бясалгах хэрэгтэй. Ингэснээр бясалгалын саадын нэг “живэх”–ийг хориглон хаахад тустай байдаг.

Түүгээр үл барам бурхны лагшинг бясалгагдахуунд барихдаа их хүнд байна гэж сана. Энэ нь бясалгалын “догшрох” саадыг хаахад тустай юм. Аливаа бясалгагдахуун зйлсийг хичнээн жижиг хэмжээнд барьж чадна түүний хэрээр сэтгэлийн алгасралыг багасгах, түүнийг барьж хураахад тустай болно. 

Бясалгагдахуун зүйлсээ өмнө нь баттай нотлон буулгасны дараа түүний их, багын хэмжээг солилгүйгээр түүнийг амирлан ахуй бүтэх бясалгалын хувийн үесд бясалгагдахуун зүйлс өөрт баттай тохогдсон мэтээр санах ёстой.

Эхлээд бясалгах зүйлээ оюун санаандаа ургуулан бод. Түүний дараа тухайн зүйлээ ахин дахин дурдаж санах  хэрэгтэй. Ингэснээр санамсарыг үүсгэх уг шалтгааныг бий болгож  байгаа юм.

Өөрийн оюуныг бясалгагдахуун дээр байрлуулах үед хоёр зүйлийн ялгааг заавал бүрэлдүүлэх хэрэгтэй.

1.Зөвхөн бясалгагдахуун төдий бус тийн мэдлийн тодорхой хувь нь ч их байх ёстой.

2. Бясалгах зүйлсдээ нэгэн үзүүрт сэтгэлээр орших юм.

Тэдгээрийг үүсгэхэд бясалгалын харшлах шалтгаан болох “Живэлт”, “Догшролт” хоёр саад тотгор болдог бөгөөд “Живэлт” тийн мэдлийн тодорхой хувийн өсөлт хөгжилтийг хаадаг ба “Догшролт” нь бясалгалд орших баттай хувийг хаадаг.

“Живэлт” гэдэг нь баттай сэтгэл сулран идэвх буурч, урьдын хүч үгүй болох, сэтгэлийн эрч мохохыг хэлнэ. “Живэлт”–ийн уг шалтгаан нь залхуурал юм. Тэр нь толгойг малгайгаар бүтээсэн шиг хүндрэн уйсах мэт болно. Түүний ерөндөгт сэтгэлийг эрчлэн чангалах хэрэгтэй.

Оюун ухааныг чангатган сэргээхэд “Живэлт”-ийн уршиг багасах боловч “Догшролт” төрөх уршиг ихсэнэ. “Догшролт” гэдэг нь хүсэл шуналд зүглэсэн сэтгэлийн хөдлөлийг заадаг бөгөөд тэр хөдлөл нь ямар ч зүйлд хандаж болзошгүй. Ямар ч гэсэн “Догшролт” нь аливаа зүйлсэд шунал хүслээр хөтлөгдөн одохыг хэлнэ. “Догшролт” ба түүнтэй ижилхэн бусад сэтгэлийн хөдлөлийн ерөндөгт оюун ухааны алгасралыг тогтоож, эрчийг нь мохоох хэрэгтэй.

Бясалгагдахуун зүйлсийг “Дурдахуй”–гаар барих үед “Санамсар”–аар дахин дахин оюун ухаан “Живэлт”, “Догшролт”-ын эрхэнд орж байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хэрвээ “Санамсар”-аар “Живэлт” –ийн гэм уршиг байгааг мэдвэл оюун ухааны эрчийг чангалах хэрэгтэй бөгөөд “Догшролт”–ын уршиг байх аваас эрчийг бага зэрэг султгах хэрэгтэй. Сэтгэлийн чанга, сулыг бясалгалын дадлага туршлагаар тааруулж болно.

Бясалгалыг анхлан суралцах үедээ олон тоотой, богино хэмнэлтэй байвал сайн. Эхний үед элбэг дэлбэг, эд баялагтай, олон хүний шуугиан ихтэй хот суурин газар бясалгалыг гүн гүнзгий хийхэд бэрхтэй байдаг тул ямар ч байсан аглаг амгалан газар сонгох нь зүйтэй. Аглагийг шүтэлггүйгээр бэлгэ чанар төгссөн жинхэнэ “Амирлан ахуй”-г олох арга бараг байдаггүй.

Ийнхүү өөр өөрсдөө анхааран авч чадвал улмаар сэтгэл тууштай бат болж эцэстээ “Амирлан ахуй”-г олох болно. Нэгэн үзүүрт сэтгэлийг зорьсон зүйлдээ хандуулдаг “Агуулах бясалгал”-ын хүчээр “Машид судалсан сэтгэл” төрнө. Түүнд харгалзан “Машид судалсан биеийн амгалан”-г гаргадаг. “Машид судалсан биеийн амгалан”-аас “Машид судалсан сэтгэлийн амгалан” төрөн бий болно. Тэрхүү “Машид судалсан биеийн амгалан” нь баттай болох цагт “Амирлан ахуй”-г олдог юм. Бие, сэтгэлийн амгалантай байх ахуй үес нь дөрвөн самади, дүрс үгүйн тэгш оролдохуй дөрвөөс анхдугаар самадийн чухал бэлтгэлийн эхлэл болдог.

Түүний нэгэн адил “Машид судласан сэтгэлийн амгалан” төрвөл “Үлэмж үзэхүй”-г олох боловч тэр амгалан нь билиг ухаанаар судласны хүчээр төрөх бөгөөд “Агуулах бясалгал”-ын хүчээр төрөхгүй. “Үлэмж үзэхүй”-д “Ертөнцийн үлэмж үзэхүй”, “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” гэдэг хоёр зүйл байна. “Ертөнцийн үлэмж үзэхүй” нь доодод харгалзаад, дээдийг амирлахуйд үзэх үе юм. Харин “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” нь ерөнхийлөн авч үзвэл “Хутагтын дөрвөн үнэн”-ий байдалтай нарийвчлан их хөлгөний тогтсон тааллын дагуу авч үзвэл “Юмын би үгүй”-н байдалтай байдаг.

Орчуулсан Э.Эрдэнэбаатар 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (73.193.97.64) 2016-11-18 05:15
      • 0
      • 0

      Үгнийх нь утга сайн ойлгогдохгүй юм.

      Хариулах