Үхэл өөрөө сүүлчийн үнэн юм даа...

Twitter Print
2020 оны 10-р сар 30-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Хоёр сайхан эмэгтэй амьдралаас буцлаа. Хойноос нь мянган сайн үг, сайвар магтаал урсгаад одоо тэд сонсохгүй. Харин тэдний амьддаа, ажиллаж хөдөлмөрлөж байхдаа энэ нийгмээс, эв хагарсан монголчуудаасаа сонссон үг дэндүү хатуу, дэндүү муухай.

"Петровис"-ийн Оюунгэрэлийг заазуурд, цаазаар ав... хэмээн үгийн муугаар дайрч, үйлдлийн муухайгаар далайлгаж байсан цаг саяхан. Нийгмээрээ түрхэрч, нийтээрээ оволзсон. Гэтэл тэр улс даяар 400 шатахуун түгээх станцыг тогтвортой ажиллуулж, 3000 ажилтныг цалинтай, орлоготой байлгаж, сүүлийн таван жилд 750 тэрбум төгрөг татварт төлсөн хүчирхэг эмэгтэй байлаа. Ангир зүрх нь алга дарамхан Монголын төлөө зүтгэж, алс хойчийнхны төлөө алгаа тэнийлгэн бодит хөрөнгө оруулалт хийж чаддаг бодлоготон байв.

НИК-ийг хувьчилж авсан гэсэн ганцхан шалтгаан энэ хүнийг ийнхүү баллуурдан шавхуурдах нөхцөл болсон байдаг. Хэрэв Оюунгэрэлээс өөр хүн НИК-ийг хувьчилж авсан бол өнөөдөр өдөртөө 50л бензин ч зардаггүй алс хөдөө сумд шатахуун түгээх станц өдөр шөнөгүй ажиллуулаад сууж байхгүй л байсан болов уу. Орон нутагт олон ч шатахуун түгээх станц борлуулалт муутай гэсэн шалтгаанаар татан буугдсан. Зэргэлдээ сум руугаа мотоциклоо портерт зэрэгцүүлж ачаад бензинд явдаг орон нутгийнхан ч бий. Харин Оюунгэрэл ганцыг ч татан буулгаагүй, ганц ч жолооч бензингүй хаягдах ёсгүй гэсэн үзэлтэй хүн байсан юм шүү.

Анхны эко түлш үйлдвэрлэгч, анхны нийгмийн үүргээ ухамсарлаж, улс даяар, багаас нийслэл хүртэл бензин түгээгч... гэтэл түүнийг захиалгаар харлуулж, зам мөрийг нь баллаж, амьдад нь бид ард олноороо дайран алж байсан. Ингэж хагаралдуулах нь, ингэтлээ харлуулах нь хэний захиалга вэ? Бодоод үзээрэй. УИХ-ын гишүүн Батчимэг гэж боловсролтой эмэгтэй байлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулан, тунхаг бичиг батлуулсан улстөрч. Нэг л өглөө түүнийг Хятадын тагнуул гээд харлуулаад, хавчин хяхаад эхэлсэн. Зүй нь Монгол Улс түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын асуудлаа ил тод хэлэлцэн баталгаажуулсан юм шүү. Гэтэл голлон ажиллаж, голт зүрхээ зориулж явсан хүнд нь ардын дайсан, аюулт Хятадын тагнуул гэдэг шошго зүүв.

Дараахан нь түүний гомдсон тархи, голдоо ортол даарсан зүрх өвчинд автаж, өчнөөн удаан шаналсан. Одоо тэд байхгүй. Одоо тэднийг харлуулж муулах хэрэггүй. Одоо тэднийг барьж идэх ч шаардлагагүй. Хэрэв тэд өнөөдөр амьд байгаад, би ингэж бичсэн бол "Оюунгэрэл, Батчимэг хоёрын захиалгаар бичлээ" гээд намайг бас алж байгаа. Би алуулаад өдөржин үхэж байгаа. Би асууя. Яагаад Монголын төлөө цохилох зүрх бүхэн ингэж хохирдог юм бэ, хэлмэгдэн гүтгүүлдэг юм бэ? Үүний цаана хэн байна? Улс төрийн өндөр албан тушаалд шунасан өөдгүй нэгэн үү, өрөөлийн турхирсан үгээр өнө мөнх Монголыг зориуд хагалан бутаргагч уу? Бас би хэлье. Үхэл өөрөө сүүлчийн үнэн. Тэд үнэнээрээ дууслаа. Үнэний гэгээг өвөрлөж одлоо. Тэдний хийсэн бүтээсэн нь үнэн, хэлсэн ярьсан нь үнэн гэдгийг амьдралынх нь сүүлчийн мөчүүд гэрчилж үлдлээ.

Энэ үнэн юу болохыг мэдэх үү? Оюунгэрэл байхгүй ч түүний "Петровис" ганц ч жолооч бензингүй үлдэх ёсгүй гэсэн зарчмаар ажиллаж, улсдаа хэдэн тэрбумын татвараа төлсөөр л байна. Батчимэг үгүй болсон ч түүний боловсруулсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бидний үр хүүхдийг үндэс угсаатай нь хамгаалан үйлчилсээр үлдэв. Үнэн энэ юм. Үнэний өмнө нэгэн цагт, нэгэнтээ амьдрал хөрвөөж, алга урвуулахын зуур илчлэгдэх худлыг бүү түгээ, бүү хөгжүүл, бүү худалд, бүү үйлчил... Монголын төлөө цохилж буй зүрх бүхнийг харлуулан гүтгэж, хайр найргүй дайрч, хамаг ардаар нь дэвсүүлж байгаагийн цаад учрыг ухаар, уудал, бод, болгоомжил!

Хэлмэгдүүлэлтийг жадтай буу барьсан аюулаас хамгаалахынхан гардан гүйцэтгэдэг байсан бол өнөө цагт утас маажиж улайрсан бид өөрсдөө хэрэгжүүлдэг болсон. Энэ бол үнэн. Үхэл өөрөө сүүлчийн үнэн. Тэгээд одоо үнэний өмнө өнөөх алдарт Ум ма ни бад ми хум энэ тэрээ унш. Ай миний Монголын асгарсан нулимс шиг эмэгтэйчүүд амар амгаланг олох болтугай!

Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.200) 2020-11-02 10:46
      • 0
      • 0

      Эмүжин, гашуун үнэнийг бичжээ. Өнөө цагийн Монголчууд бид худлаа хөх тамгатай төрдөг, чингисийн удам энэ тэр элийрсэн үлгэр домгийн юмаар хийрхдэг боловч үнэндээ муу хэлдэг хятадуудаас ч муухай хүмүүс. Аль өөдтэй өнгөтэй, эх орондоо зүтгэсэн Дашбалбар, Зориг гэх мэт эгэл мөртлөө агуу хүмүүсээ амьдад нь барьж идээд хорвоогийн хог шааруудаа дэмжиж төрийн оройдоо залаад тойрон хүрээлж зулгуйдаж шүтэж амьдардаг зориг зүрхгүй, үнэнийг хэлэх шудрага байх ёс зүйгүй хүмүүс болсон. Өвөг дээдэс жинхэн монголчууд ийм байгаагүй байх. Үнэхээр харамсалтай....

      Хариулах