Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Батцэцэг өнөө шөнө барилдана

Twitter Print
2015 оны 09-р сар 10-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Лас Вегас хотод чөлөөт, сонгомол бөхийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа 100 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 650 орчим тамирчин оролцож байгаа аж.

Урд шөнө эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан эхэлж, манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл эхний учраа дэлхийн аваргын хошой алт, 1 мөнгөн медальт, 2013 оны оюутны спортын “Универсиад” их наадмын аварга Японы бөх Э.Тосакад 10:0-ээр ялагдсан. Үүний дараа дагах барилдаан хийж, Европын аваргын хошой мөнгөн медальт Их Британийн Я.Раттианг 9:8-ээр хожсон ч дараагийн учраа ОХУ-ын бөх В.Исламовад 10:0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгасан.

Мөн 53 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний тойрогт Сенегалын И.Самбоуг 12:0, хоёрт Мексикийн А.Валенсиг 12:10-аар хожсон гуравдугаар тойрогт БНХАУ-ын Ж.Хуечунд 5:3-аар ялагдсан.

Харин 69 кг-д дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа эхний тойрогт Унгарын В.Вилсон 13:0, хоёрт Польшийн А.Вьесчаскег 10:6, гуравт Казахстаны Э.Жьяковыг 8:6-гаар хожиж, хагас шигшээд үлдсэн. Харин мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын бөх Ж.Фенд 14:4-өөр, хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Японы бөх С.Тосакад 6:5 буюу ганцхан онооны зөрүүтэй ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Хэдийгээр манай бөх медаль хүртэж чадаалгүй ч ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн XXXI наадамд оролцох эрхээ авсан.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагт эхэлж, медалийн төлөөх барилдаанууд өглөөний 10:30 цагаас явагдаж байгаа.

Өнөө шөнө чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын барилдаанууд болно. Манай улсаас эрэгтэйчүүдээс Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс С.Бямбацэрэн, Б.Шоовдор, С.Батцэцэг, Г.Наранчимэг нар дэвжээнд гарах юм.

Одоогийн байдлаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Япон 2 алт, 1 хүрэл, ОХУ 1 алт, Азербайжан, Швед, БНХАУ тус бүр 1 мөнгө, Голланд, Канад, БНАСАУ, Нигери, Герман тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байгаа. Харин Монголын бүсгүйчүүд өнөө шөнө 2015 оны дэлхийн аваргаас анхны медалиа хүртэх магадлал өндөр байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.