Энэтхэгт Хар мөөгөнцөрийн халдвар нь коронавирусын халдвараас илүү ноцтой байдалд хүрчээ

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын томоохон голомт болоод буй Энэтхэгт "хар мөөгөнцөр"-ийн халдвар мөн хурдацтайгаар тархаж, өнөөдрийн байдлаар уг өвчний 8800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Цар тахлаас өмнө ховор тохиолддог байсан "хар мөөгөнцөр"-ийн халдвар авсан өвчтнүүдийг 50 орчим хувь нь нас бардаг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг ба зарим тохиолдолд халдвар авсан хүний нүдийг мэс заслын аргаар авахад хүрдэг аж. Сүүлийн саруудад Энэтхэгт коронавирусын халдвар аваад эдгэрсэн эсвэл халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа өвчтнүүдийн дунд "хар мөөгөнцөр"-ийн халдвар илрэх нь огцом ихэсчээ.

Эмч нар үүнийг коронавирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байгаа дааврын бэлдмэлүүдтэй холбон тайлбарласан ба ялангуяа чихрийн шижинтэй өвчтнүүд "хар мөөгөнцөр"-ийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй байгааг онцолжээ. БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа Энэтхэгийн эмч нар коронавирусын халдвар аваад эдгэрсэн өвчтнүүд 12-18 хоногийн дараа "хар мөөгөнцөр"-ийн халдварт өртөх явдал элбэг байгаа гэдгийг дурджээ.

"Хар мөөгөнцөр"-ийн халдвар авсан нийт тохиолдлуудын талаас илүү хувь нь баруун зүгийн Гужарат, Махараштра мужуудад бүртгэгдсэн ба Энэтхэгийн бусад мужуудад 8-900 тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид "хар мөөгөнцөр"-ийн халдвар гамшгийн түвшинд хүрсэн хэмээн зарлажээ.

Эмч нарын мэдээлж байгаагаар зөвхөн "хар мөөгөнцөр"-ийн халдвартай иргэдийг эмчлэх шинээр байгуулагдсан тасгууд маш хурдан дүүрч байгаа аж. Энэтхэгийн Мадхя Прадеш мужийн Индоре хотын Махаража Ешвантрао эмнэлгийн эмч Пандейн хэлж байгаагаар эмнэлэгт нь "хар мөөгөнцөр"-ийн халдварын улмаас хэвтсэн өвчтнүүдийн 80 гаруй хувьд нь яаралтай мэс засал хийх шаардлагатай байсан ба уг халдварт өвчний хувьд цаг тухайд нь зөв эмчлэхгүй бол нас барах эрсдэл нь 94 хувь хүртэл өсөх магадлалтай аж.

Энэтхэгт "Хар мөөгөнцөр"-ийн халдвар нь коронавирусын халдвараас илүү ноцтой байдалд хүрчээ. Махаража Ешвантрао эмнэлэгт "хар мөөгөнцөр"-ийн халдварын улмаас хэвтсэн өвчтнүүдийн дунд хийсэн судалгаагаар дээрх өвчтнүүдийн дийлэнх нь өмнө нь коронавирусын халдвараар өвчилж байсан эрэгтэй хүмүүс байжээ.

Мөн тэдгээрийн дийлэнх нь коронавирусын халдварын эмчилгээндээ дааврын бэлдмэл хэрэгдэж байсан суурь архаг өвчтэй хүмүүс байсан аж. "Хар мөөгөнцөр"-ийн халдвар буюу мукормикозис нь ховор халдварт өвчин бөгөөд хөрс, ургамал, бууц болон муудсан жимс ногоонд байх мөөгөнцрөөс үүсдэг аж.

Мумбайд ажилладаг нүдний мэс засалч Акшай Найрын хэлснээр уг мөөгөнцөр нь байгаль, хүрээлэн буй орчинд маш элбэг байдаг ба эрүүл хүний хамар, салстаас ч илэрч болдог аж.

"Хар мөөгөнцөр"-ийн халдвар нь хамрын хөндий, тархи болон уушгийг гэмтээдэг ба чихрийн шижин болон хавдартай, ХДХВ/ДОХ-той иргэдэд маш хүндээр тусч, үхэх аюулд ч хүргэдэг аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.