
Беларусийн эрх баригчид Грекийн Афин хотоос Литвийн Вильнюс хот руу нисч байсан Ryanair иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж мэдэгдэн Минск хотод буулгаж, онгоцонд зорчиж байсан Беларусийн сөрөг хүчний сэтгүүлчийг баривчилжээ.
АНУ болон Европын улс орнуудын удирдагчид Беларусийн эрх баригчдын уг үйлдлийг буруушааж, энэ нь "онгоц барьцаалах" гэмт хэрэгтэй дүйцнэ хэмээн мэдэгдээд байна.
Ryanair компанийн зорчигч тээврийн онгоц Минск хотод газардахыг мэдсэн тус онгоцонд зорчиж байсан Беларусийн сэтгүүлч Роман Протасевич айн чичирч, "Намайг энд цаазаар авна." хэмээн хэлж байсан талаар гэрчүүд мэдээлжээ. 26 настай Роман Протасевич нь Польшид төвтэй цахим мэдээллийн NEXTA агентлагт ажиллаж байсан ба тэрээр өнгөрсөн жил болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах иргэд болон сөрөг хүчнийхний жагсаал цуглааныг Telegram нийгмийн сүлжээгээр шууд цацаж байсан аж.
Роман Протасевич нь одоогийн байдлаар Telegram нийгмийн сүлжээн дэх Belamova нэртэй сувагт ажиллаж байгаа ба түүнийг Беларусьт экстремизм, бослого үймээн зохион байгуулсан, олон нийтийг өдөөн хатгасан хэрэгт буруутган, эрэн сурвалжилж байжээ. www.flightradar24.com цахим хуудаснаас харахад Ryanair компанийн онгоцыг Беларусийн эрх баригчид Литвийн агаарын хилийг нэвтрэхэд хоёр минут дутуу байхад нь эргүүлсэн ба онгоц Вильнюс хотод газардахад илүү ойр байжээ.
Онгоцыг Беларусийн агаарын зэвсэгт хүчний Миг-29 сөнөөгч онгоц дагаж байсан аж. Ryanair компанийн зорчигч тээврийн онгоц Беларусийн нийслэл Минск хотын онгоцны буудал дээр 7 цаг зогссон ба шалгалтын явцад онгоцноос ямар ч тэсрэх бөмбөг илрээгүй байна.
Беларусийн аюулгүй албаныхан Роман Протасевичийг баривчилсны дараа онгоц хөөрч, Вильнюс хотод газардсан ба зорчигчдыг Литвийн Ерөнхий сайд Ингрида Симоните өөрийн биеэр угтан авч, уулзсан байна.
Ryanair компаниас гаргасан мэдэгдэлдээ Беларусийн тал тус онгоцны багийнханд онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй тухай мэдээлж, ойр байрлах онгоцны буудалд яаралтай газардахыг шаардсан хэмээн бичжээ. Европын холбооны удирдлагууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зорчигч тээврийн онгоцыг хүчээр буулгаж, дотор нь байсан зорчигчийг баривчилсан явдалд цочирдсон гэдгээ илэрхийлж, Роман Протасевичийг даруй суллахыг шаарджээ.
Европын холбооны гишүүн орон болох Литва улс Европын холбоо болон НАТО-гоос Беларусийн эсрэг арга хэмжээ авахыг хүсчээ. Европын холбооны зөвлөлийн дарга Урсула фон дер Ляйен мөн л Роман Протасевичийг суллахыг шаардан, энэ даваа гарагт Брюссельд болох Европын улс орнуудын тэргүүнүүдийн уулзалтын үеэр Беларусийн эсрэг ямар арга хэмжээ авах тухай ярилцана гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болсон явдлыг ноцтой бөгөөд аюултай хэмээн тодорхойлж, шалгах шаардлагатай гэжээ. Өнгөрсөн жилийн 8-р сард болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Беларусийн эрх баригчид 35 мянга орчим хүнийг баривчилж, тэдгээрийн хэдэн аравт нь хорих ял оноогоод байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.