Б.Отгонбаяр: Баярын нулимс унагамаар байсан ч спорт өөрөө тэсвэр хатуужлыг өгдөг учраас тэвчсэн

Twitter Print
2015 оны 09-р сар 19-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Астана-2015 Жүдо бөхийн ДАШТ-ний дуулианд дарагдан төдийлөн олны сонорт хүрч амжаагүй бас нэгэн бахдам сайхан амжилтыг манай улсын Таеквондогийн шигшээ багийн тамирчид гаргасан баярт мэдээг дуулгаж байна.

Таеквондогийн ДАШТ-ээс хосинсул (зохиомжит тулаан) төрөлд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот далбаагаа мандуулсан Монголын шигшээ багийн тамирчин Б.Отгонбаяртай ярилцлаа.

-ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Дэлхийн аваргад анх удаа оролцож байна уу?

-Баярлалаа. Монгол улсын шигшээ багийн тамирчид өнгөрсөн сарын 24-30-нд Болгар улсын Пловдив хотноо зохиогдсон Олон улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Энэ жилийн тэмцээнд 81 орны 800 гаруй тамирчин өрсөлдсөн. Миний хувьд анх удаагаа Дэлхийн аваргад оролцож, амжилт дүүрэн ирлээ.

-Ямар төрлөөр медаль хүртсэн бэ?

-Манай шигшээ багийн тамирчин Б.Бишгарав, Х.Жандос, Ц.Галсантогтох бид дөрөв Хосинсул төрөлдөө анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Харин Ж.Баттулга алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/, эрэгтэй баг мөнгөн медаль /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн/ хүртэж, багийн дүнгээр дэлхийн 81 орноос 2 алт, 3 мөнгөн медалиар 4-р байранд шалгарсан.

-Хосинсулийн төрөл гэхээр хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Та энэ төрлийнхөө онцлогийг сонирхуулаач?

-Хосинсул гэдэг нь болзолт уралдаан гэсэн утгатай. Манай улс өмнө нь энэ төрөлд медаль авч байгаагүй. Тиймээс монголчууд төдийлөн сайн мэддэггүй. Дэлхийн аваргад оролцоход бусад орны тамирчид их гайхаж хүлээж авч байсан. Зарим нь Монголчуудыг “сайн юм аа” гэх зэргээр магтсан. /инээв/ Энэ төрлийн онцлог нь гэвэл нэг ёсны багахан хэмжээний кино шиг зохиомжит тулааныг үзүүлдэг. Энэ төрөлд ялангуяа Хойд Солонгос, Орос, Болгар зэрэг улсууд хамгийн амжилттай оролцдог. Харин Монгол улсыг энэ төрлөөр амжилттай оролцоно гэдэгт дэлхийн бусад орон зүүдлээгүй явсан байх. Өмнө нь 2011 онд оролцож байсан юм байна лээ.

-Сая ямар орны тамирчидтай өрсөлдсөн бэ?

-Манай төрөлд 13 улс оролцсон. Тэмцээний сүүлийн шатанд Хойд Солонгос, Орос, Болгар манай улс шалгарч үлдсэн. Багийн дүн гарч Монгол гэж зарлах тэр агшин үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байлаа.

-Хэзээнээс энэ спортоор хичээллэх болов. Олон спортын төрлөөс чухам яагаад таеквондог сонгов?

-Би Монголын Үндэсний Их сургуулийг Хууль, иргэний аюулгүй байдал чиглэлээр суралцаж өнгөрсөн жил төгссөн. Анх сургуульдаа ирээд тулааны урлаг гэж чухам ямар спорт, хичнээн төрөл байдгийг мэддэггүй оюутан байсан. н.Цэрэндондог багшийн удирдлаган дор Монгол Зоны спортоор анх хичээллэж эхэлсэн. Удалгүй МҮИС-ийн Ерөнхий захирал Л.Мөнхбат, Хойд Солонгосын Мүн Саниль багштай анх уулзуулснаар таеквондогийн спортод хөл тавьсан. 2013 оноос хойш Мүн Саниль багшийн удирдлага дор тасралтгүй тууштай хичээллэсний үр дүнд одоо хар бүс, долоон дантай. Бэлтгэл сургуулилт хийхэд сайн дасгалжуулагч багшаас гадна бэлтгэл хийх орчин сайн бүрдүүлсэн байх ёстой. Мүн Саниль багшийн маань хувьд МҮИС-д маш олон жил дасгалжуулагч багшаар ажиллаж, олон шигшээ багийн аварга тамирчдыг төрүүлдэгт маш их баярладаг.

Ер нь би өөрийнхөө амьдралыг таеквондогийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй. Спорт бол хүний дотоод чанар, биеийн хэл юм шүү дээ. Мөн таны хэлсэнчлэн спортын олон төрлөөс яагаад таеквондог сонгов гэж хүмүүс асуудаг. Би арван жилийн сурагч байхаас л Баянхонгор аймгийнхаа спорт заалнаас ер салдаггүй хүүхэд байсан. 2006 онд наймдугаар ангидаа Жаргалант сумаасаа Улаанбаатарт суралцахаар ирээд “Тэмүжин” жүдо бөхийн дугуйланд явсан. Хоёр жил гаруй жүдо бөхөөр хичээллэсэн. Суурь маань угаасаа жүдо бөх. Энэ спорт өөрөө тулааны урлаг руу орох бүрэн боломжтой техник хөдөлгөөн, хурд зэргийг зааж өгдөг. Дараа нь эрийн хийморь зүлэг ногоон дэвжээндээ барилдахыг хүсдэг байсан учраас бөхөөр хичээллэсэн. Ер нь аливаа спорт хүнд тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэх чадварыг хувь хүнд төлөвшүүлдэг.

-Манай оронд олон улсын таеквондо хэдэн оноос хөгжиж эхэлсэн бэ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байв?

-Манай оронд 1990-ээд оны эхэн үед олон улсын таеквондо хөгжиж эхэлсэн. Ер нь таеквондогийн спорт хоёр төрлөөр хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Хойд болон Өмнөд Солонгосын таеквондо хамгаалалт болон дүрэм нь өөр өөр байдаг. Өмнөд Солонгос хамгаалалттай тулалддаг бол олон улсын таеквондо хамгаалалтгүй тулалддаг юм. Дүрмийн хувьд Өмнөд Солонгосын таеквондо зөвхөн хөлөөр тулалддаг бол олон улсынх хөл, гарын оролцоотой явагддаг. Миний хувьд 2014 оны Улсын аваргад мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээнд МҮИС, Монголын шигшээ багийн тамирчид багаараа алт, хувийн төрлөөрөө мөнгөн медаль хүртсэн. Энэ онд Улсын аваргад 64 кг-ын жинд хүрэл медаль, багийн төрлөөрөө алтан медаль хүртсэн.

-Энэ онд манай тамирчдыг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Ирэх дөрөвдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээн, 12 дугаар сард Энэтхэгт бүх тулааны урлагийн томоохон тэмцээн зохион байгуулагдана. Энэ тэмцээнд оролцохын тулд бэлтгэлээ одооноос эхлэн хийж байна. Дараа дараачийн Улсын аварга болон Дэлхийн аваргаас медалийнхаа өнгийг хувиргахын төлөө шаргуу бэлтгэлдээ орох төлөвлөгөөтэй байна. Тамирчин хүний хүсэл тэмүүлэл зөвхөн амжилтаа бататгахад оршдог гэж боддог.  

-Тамирчин хүнээс асуулгүй өнгөрөөж болохгүй асуулт гэж бий. Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, гайхам сайхан амжилт үзүүлээд ирсэн та нарт төр, засгаас тавих анхаарал халамж хэр байдаг бол. Тэмцээнд явахдаа зардал мөнгөө хэрхэн зохицуулдаг бэ?

-Энэ удаагийн ДАШТ-д явах боломжийг МҮИС-ийнхан бүрдүүлж өгсөн. Сургуулийнхаа дөрвөн оюутанг Дэлхийн аваргад явуулж, 100 хувь зардал мөнгөний асуудлыг шийдэж өгсөн. Гол нь амжилттай оролцоод эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн бидэнд урам зориг өгсөн. 

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Жаргалант сумын засаг дарга Д.Сайнбилэг болон нутаг усны маш олон хүмүүс дэмжиж итгэл найдвар өгч байсанд талархаж байна. Бас миний амжилтын гол тулгуур болж бэлтгэлийг минь дээд зэргээр хангаж тусалсан Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч н.Мягмарсүрэн багшдаа баярлалаа гэж танай сайтаар дамжуулж хэлмээр байна. Урмын үгээр дэмжин, итгэл хүлээлгэсэн бүх хүмүүсийнхээ итгэлээр цаашид олон тэмцээн, уралдаанд хүч үзэх болно.

-“Та бидний итгэлийг алдаагүй, тамирчны алдар хямдхан олдоогүй” гэж дуун дээр гардаг шиг тамирчин хүний сэтгэл зүйд амжилт гаргаад зогсож байхад юу бодогдож байх юм?

-Бид мөнгөн медаль хүртсэнээ мэдээд ар гэрийнхэн болон багшдаа хэлэхийг хүсч байсан ч тэмцээний дараагаар хэлэхээр шийдсэн. Нэг зүйлийг онцлоход Болгар улсын олимпийн хотноо спортын том ордон нээгдсэн. Бид шинэ ордны нээлтэнд анхныхаа медалиа гардан авч Монгол улсын далбаагаа өндөрт өргөсөнд маш их баярласан. Тэр үед баярын нулимс унагамаар байсан ч спорт өөрөө тэсвэр хатуужлыг өгдөг учраас тэвчсэн л дээ. 

-Таеквондогийн спортод монголчууд юугаараа давуу талтай, бас дутмаг санагддаг вэ?

-Манай улс багийн төрлөөрөө аль ч улс орнуудаас дутахааргүй амжилт үзүүлж чадна. Харин хувийн төрлүүд дээр медалийн төлөө гарч ирсэн тамирчдад бага зэрэг туршлага дутмаг санагддаг. Гэхдээ энэ миний л бодол.

-Тулааны урлагаар хичээллэдэг хүмүүс амьдрал дээр хэр нударга зөрүүлдэг бол?

-Тулааны урлагаар хичээллэдэг хүүхдүүдэд багш нар нэг л зүйлийг захидаг. Согтуу байна уу, онгироо байна уу хамаагүй, та нарыг өдөөд байвал шууд зугатаж бай гэж. Хамгийн гол зэвсэг бол зугатах. Их инээдтэй боловч үнэн үг. “Тэнэг хүнтэй бүү марга. Бусад чинь та хоёрын ялгааг олж харахгүй шүү” гэдэг шиг нээрээ л уур хилэнгээсээ болж нударга зөрүүлж эцэс сүүлд хэн хохирох вэ гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн зодоон бол тулаан биш, жинхэнэ тулаан дэвжээн дээр болдог гэдгийг залуучууд ухамсарлаасай гэж хүсч байна.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Darkhan

      (182.160.1.57) 2015-09-19 23:05
      • 0
      • 1

      Amjilt xusie, baxarxaj bna

      Хариулах

    • Сараа

      (112.72.9.22) 2015-09-10 08:55
      • 0
      • 5

      хөөх анх удаагаа авч байгаа гэнэ үү. Ямар сайхан юм бэ. Өшөө илүү амжилтаа бататгаж олон тэмцээнд оролцоорой дүү минь

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.114) 2015-09-09 21:02
      • 0
      • 5

      Baysr hurgeye!

      Хариулах

    • mongol

      (217.128.111.193) 2015-09-19 18:52
      • 0
      • 2

      sain ba bayar hurgei

      Хариулах