Сурнаа: Бид тэнэг ч болой, номхон ч болой...

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Цэл залуухан, цэмцгэр гоёхон бүсгүй... тэр сонголтоо хийсэн. Монголгүйгээр амьдарч чадахгүй, түүхгүйгээр оршиж чадахгүй, үндэсний бичиг үсэггүйгээр үлдэж чадахгүй... Энэ бол түүний сонголт. Тиймээс тэр явсан.

Өвөрмонголын Алшаа аймгийн иргэн 33 настай Сурнаа өндрөөс унаж амиа алдахдаа гэрээслэлдээ "Бид хичээсэн, амь насаараа гэрчилж байна. Бид тэнэг ч болой, номхон ч болой..." хэмээн бичиж үлдээжээ. Номхон гэтэл тэр эм барсын зан гаргав. Номхон гэтэл тэр хүлцэнгүй байхыг эс тэвчив. Бодогдоод л, бодогдоод л... Монголчууд бид ч бас монгол бичгээ алдаж, кирилл үсэгтэй золгохдоо их төлөөс, их золиос төлсөн.

Кирилл үсгийг авсныхаа дараа эрдэмтэн судлаач, дуун хөрвүүлэгчид маань түүх соёлын холбогдолтой уламжилж ирсэн ном судруудынхаа дийлэнхийг эдүгээ миний бичиж суугаа энэ үсэгт хөрвүүлж, академик тогтолцоо бий болгон, хэл шинжлэл талаас нь монгол ёс заншил, хэл зүйд наан нутагшуулж чадсан. Тиймдээ ч бид өдий зэрэгтэй өд сөдтэй болсон. Харин одоо өвөрмонголчууд монгол бичгээ алдаж байна. Ингээд энэ дэлхий дээр албан ёсоор монгол бичгээр бичдэг үндэстэн, ард түмэн, улс орон нэг ч үгүй болов. Тэдэнд бид хэрхэн тусалж чадах вэ? Үнэн хэрэгтээ тусалж чадахгүй. Сурнаагийн гэрээслэлдээ бичсэнээр "Монголчууд нэн цөөхний дээр хүч нягтрах бээр сулхан". Одоо Өвөрмонголын үндэсний сэхээтнүүд, эх оронч, үндсэрхэг үзэлтнүүд нь наашаа дүрвэх оролдлого хийнэ.

Дөрвөн аймгийн нутгаар орж ирэх боломжтой. Эсвэл ээлж дараалан амиа хорлоно. Олонх нь шоронд хатаж, шороонд булуулна. Энэ үнэн. Угаасаа ч Монголыг зорин дүрвэж, зугтаж, нуугдаж ирсэн өвөрмонголчууд олон. Олон гэхдээ бас дийлэнхийг нь Хятадын захиалгаар манай хүчнийхэн барьж буцаадаг. Монгол Улсад таваас дээш жил амьдарсан, монгол хэлтэй, монгол иргэнтэй гэр бүл болсон хүн манай иргэншлийг авах эрхтэй. Гэвч хуулийн энэ заалт яагаад ч юм өвөрмонголчуудад үйлчилдэггүй. Зорин зорин ирээд, зовлон үүрээд, зоригоо мохоогоод буцдаг. Гэвч тэд сүүлчийн итгэл найдвараа тээн наашаа л зорино, наашаа л саравчилна. Харин бид яаж ч чадахгүй. Усанд живж байгаа хүн тусламж хүсэн хашхирахыг сонссоор байгаа хэрнээ гараа сунгахгүй.

Тэгээд энэ гэмшлээ хэдэн аравны турш үүрэх болно. Өөрсдийгөө хуурах гэж үлгэр зохионо. Үүнд нэг л арга бий. Иргэн харьяатын тухай хуульдаа дэлхийгээр нэг тархсан монгол угсаатнууддаа зориулсан онцгой өөрчлөлт хийж байж л туслах боломжтой болно. Халимаг, өвөрмонгол, уйгар...нөмрөөд ороод ирнэ гэж айх хэрэггүй, нөлөөгөө тогтооно гэж эмээх шаардлагагүй. Сүүлийн 20 жилд мянгаадхан өвөрмонгол иргэн Монголд нутагшихаар зүтгэж, зүрхээ зүсүүлэн буцаад хүргэгдсэн байдаг юм. Салж одсон заяа тавилан, салаа зам...эргэн уулзалтаа дахин хэдэн арваныг зарцуулна. Тийм байлаа ч дээрх хуулийн өөрчлөлтийг санаачлах зоригтой, зүрхтэй, тусгаар бодлоготой, тууштай үзэлтэй гишүүн үгүй. Учир нь Сурнаагийн гэрээслэлдээ бичсэнээр "Монголчууд бид нэн цөөхний дээр нягтрахдаа сул болой". Харин юу гээч?

Өмнөд хөршид тавьсаар буй өр маань хэтийдэж, хэзээ нэгэн цагт Өвөрмонголын араас орохын цагт, бидний ач, зээ нар Сурнаа шиг өндрөөс унан амиа алдахын цагт, бас нэгэн өдөр үсэг бичгээ үгүйсгэн устгуулахын цагт..."Бид тэнэг ч болой, номхон ч болой" гэсэн түүний сүүлчийн цурхирсан шивнээг цувж санагалзах болно. Манжийн дарлалын гурван зуун, Оросын коммунизмын долоон арван, хойд өмнөд хөршүүдийн хэт нөлөө, хээнцэр хэтэвчинд бүдэрч ойчсон гурван аравны эцэст мутацлагдан өөрчлөгдсөн Монгол энэ юм! Сурнаа Монгол руу зүтгэж, Туулын уснаас магнайдаа хүргэж, туурайт морьдынхоо дэл сүүлийг шагшиж, Алтай Хангайн уулсдаа тэргүүн мэхийж алаг зүрхээ амирлуулж болох байсан ч тэр буцаагаад хүргэгдэнэ, баривчлагдаад хилээр гавтайгаа гарна.

Тусгаар нэртэй харъяат Монголын үнэн байдал өнөөдөр энэ байна, харж авцгаа. Тусгаар улс юм бол, туж орших нь үнэн юм бол Монголыг гэж үеийн үед зүтгэсэн монгол угсаатнууддаа зориулан Иргэн харъяатын хуульдаа онцгой өөрчлөлт хийж, цусаа сэлбэж, ясаа бэхжүүлж, цул хүчээ нэгтгэж, цуглан суух болсон доо, уг нь...зориг золбоо нь дутаагүй л юмсан, зорилго нь өөр юмсан уу, Монгол төрийн...

Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.