Дурсамж дүүрэн нэгэн улирал ард хоцорч, плей-оффын хоёрдугаар шат эхэллээ

Twitter Print
2014 оны 05-р сар 06-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн плей-оффын хоёрдугаар шат өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн тэмцээн олон сонирхолтой зүйлээр онцлог байлаа. Плей-оффт л гэхэд “Портлэнд”-ын Л.Олдриж хоёр тоглолт дараалан 40-өөс дээш оноо авсан бол “Хьюстон Рокетс” лигийн хамгийн шилдэг хоёр тоглогчийг эгнээндээ элсүүлсэн ч нэгдүгээр шатыг давж чадсангүй. Мөн “Торонто Рэпторс”-ын залуус улирлыг гайхамшигтай үдлээ. Канадын төлөөлөл тойргийн тоглолтонд 48 хожил, 34 хожигдолтой бүсийнхээ гуравдугаар байранд бичигдсэн. Улмаар зургаадугаар байраар гарсан ахмад их гурвалд туршлага дутаж ялагдсан юм. Гэхдээ NBA-д хэдхэн улирал тоглоод ийм амжилт үзүүлсэн залууст бүгд баяр хүргэж сууна.

Плей-оффын хувьд ийм байгаа бол тойргийн тоглолтонд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

-2013-2014 оны улиралд гадаадын 92 тоглогч NBA-д тоглосон нь дээд амжилт болжээ. Мөн “Сан Антонио Сперс” 10 легионертой байсан нь лигийн дээд амжилт болсон аж. Техасын багт Францын Тони Паркер, Бори Диав, Жан Чарлес, Аргентины Ману Жинобили, Италийн Марко Белинели, Бразилын Тиаго Сплиттер, Австралийн Патрик Миллс, Шинэ Зеландын Аарон Бэйнс, Канадын Кроу Жош нар энэ улирлыг үдэж байна.

-Зул сарын өдөр Үндэсний сагсан бөмбөгт гайхамшиг тохиодог. Баяраа тэмдэглэж буй Нэгдсэн улсын иргэдэд NBA бэлэг барьж шилдэг багуудыг хооронд нь тоглуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн Зул сарын өдөр “Оклахома Сити Тандер”-“Нью Йорк Никс”-ын тулаанд лигийн шилдэг холбон тоглогч Р.Уэстбрук трипл-дабль хийжээ. Энэ нь түүнийг зул сарын өдөр трипл-дабль хийсэн найм дахь тоглогч болгосон аж. Мөн Р.Уэстбрук гуравдугаар сарын 4-нд “Филадельфи”-гийн эсрэг тоглохдоо 20 минут, 17 секундэд трипл-дабль хийж сүүлийн 60 жилд хамгийн хурдан энэ үзүүлэлтийг гаргасан тамирчин болсон юм.

-Сүүлийн 20 жил NBA-ийн шилдэг багууд плей-оффт шалгарч ирсэн уламжлалтай. Гэтэл энэ улиралд “Бостон Селтикс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Нью Йорк Никс”, “Детройт Пистонс” гэсэн агуу түүхтэй дөрвөн баг шилдгүүдийн тулааныг өнжсөн юм. Дээрх багууд нийлээд 37 удаа түрүүлж байлаа.

-Тойргийн тоглолтын онооны лидер нь Л.Жеймс, К.Энтони нар байлаа. Сонирхолтой нь тэд карьерынхаа дээд оноог авахдаа хоёул нэг багийн эсрэг тоглосон байна. Нэгдүгээр сарын 24-нд “Нью Йорк”-“Шарлотт”-ын тулаанд К.Энтони 62 оноо авсан бол, гурадугаар сарын 3-нд “Майами”-“Шарлотте Бобкетс”-ыг хожиход Л.Жеймс 61 оноо авчээ. Үүнээс харахад “Зэрлэг муурнууд” лигийн хамгийн муу хамгаалалттай баг гэдэг нь тодорхой байна. Гэвч сагсан бөмбөгийн хаан М.Жорданы залуу бүрэлдэхүүнтэй баг улиралд 43 хожил, 39 хожигдолтой бүсийнхээ долоодугаар байраар плей-оффт шалгарсан юм.

-Энэ улиралд хамгийн олон дараалан хожсон баг нь “Сан Антонио Сперс” бол, хамгийн олон дараалан хожигдсон баг нь “Филадельфи 76” байлаа. Өрнөд бүсийн тэргүүн баг “Сперс” 18 дараалан ялалт байгуулж өөрсдийн дээд амжилтаа тогтоосон. Харин “76чууд” 26 тоглолт дараалан ялагдал хүлээсэн нь лигийн хамгийн муу амжилттай зэрэгцлээ. Өмнө нь 2010-2011 оны улиралд “Клевлэнд Кавалейрс” 26 дараалан ялагдаж байв.

-Харин бүх цаг үеийн онооны лидер тоглогчдын эгнээнд Д.Новицки, Л.Жеймс нар энэ улиралд байр урагшилсан юм. “Даллас”-ын домогт тоглогч Д.Новицки NBA-д 1188 тоглолт хийхдээ 26786 оноо авсан нь бүх цаг үеийн эхний аравт бичигдэж байна. Энэ хугацаанд 9594 удаа самбараас бөмбөг авч, 3139 оновчтой дамжуулалт, 1037 бөмбөг таслалт, 1095 блок-шотт гүйцэтгэжээ. Өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин “Хаан” Жеймс олон үзүүлэлтээр хамгийн залуу гэсэн алдрыг хүртэж байна. Тэрээр 842 тоглолт хийхдээ 23170 оноо авсан нь хамгийн бага тоглолтонд оролцож дээрх оноог авсан, хамгийн залуудаа 23000 онооны босго давсан тоглогч болжээ. 2003 оны алдарт драфтыг тэргүүлж NBA-д ирснээсээ хойш Л.Жеймс 6086 самбар, 5790 оновчтой дамжуулалт, 1444 бөмбөг таслалт, 675 удаа блок-шотт гүйцэтгэжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.