О.Балжинням: +100 кг-аас бусад жинд манай бөхчүүд Олимп, дэлхийн аваргад медалийн төлөө барилдах боломжтой болсон

2015 оны 09-р сар 08-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод саяхан болсон. Олимпийн өмнөх дэлхийн аваргад манай гарагийн бүх шилдэг жүдочид хүрэлцэн ирсэн юм.

Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй жүдочид өрсөлдөж, анх удаа дэлхийн аваргаас дөрвөн медаль авсан. Өмнө нь 1989, 2010, 2013, 2014 оны дэлхийн аваргаас хоёр, 2005, 2009 оны дэлхийн аваргаас нэг медальтай ирж байлаа.

Астанагийн татамигаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нараас гадна эрэгтэйчүүд анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм.

Дэлхийн аваргын дараа Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1989 оны жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин, ардын багш О.Балжиннямтай ярилцлаа.

-2015 оны дэлхийн аваргад оролцсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Казахстаны Астана хотод болсон дэлхийн аваргад манай жүдочид өндөр амжилт үзүүллээ. Өмнөх дэлхийн аваргаас дээд тал нь хоёр медаль авч байсан. Харин энэ удаа Монгол улсын түүхэнд анх удаа дөрвөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүд багийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль авч, багаараа жигд амжилт үзүүлсэн гэж бодож байна.

-Өмнөх дэлхийн аваргын алтан медальт Г.Болдбаатар аваргаа хамгаалах боломж байсан уу?

-Манай бөхийн хувьд боломж байсан. Дэлхийн аваргын өмнөх чансаагаар жингээ тэргүүлсэн дөрвөн бөхийн нэг болсон. Астанагийн дэлхийн аваргад нэгдүгээр тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн бөхийг юүкогоор, гуравдугаар тойрогт Изралийн бөхийг торгуулиар, дөрөвдүгээр тойрогт Бразилийн бөхийг цэвэр ялсан. Харин мөнгөн медалийн төлөө Казахстаны бөх Р.Ибраевт юүко үнэлгээгээр, хүрэл медалийн төлөө жингийнхээ шилдэг бөх БНСУ-ын Ким Вон-Жинд юүко үнэлгээгээр хожигдож, шагналт тавдугаар байр эзэллээ. Хагас шигшээд эзэн орны бөхтэй барилдаж, үнэлгээ алдсан нь шүүлтийн буруу байсан гэж үзэх бүрэн боломжтой. Ер нь дараагийн Олимп, дэлхийн аваргад Г.Болдбаатар дахин медаль хүртэх эрэмбэтэй бөх гэдгээ сүүлийн хоёр дэлхийн аваргад харууллаа.

-Эрэгтэйчүүдийн 60 кг-д залуу бөх Ц.Цогтбаатар барилдсан. Манай бөхөд туршлага дутагдсан уу?

-ОУХМ Ц.Цогтбаатар залуу бөх гэхэд маш сайн барилдсан. Эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт жүдоч болсон Ким Вон-Жинд ялагдлаа. Ц.Цогтбаатараас гадна 90 кг-д барилдсан Л.Отгонбаатар боломжийн амжилт үзүүлсэн. Хоёрдугаар тойрогт Олимпийн алт, хүрэл, дэлхийн аваргын 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт, Европын хошой аварга Грекийн бөх И.Илиадасыг цэвэр ялсан нь манай бөхөд өндөр амжилт гаргах боломж байгаа гэдгийг илтгэж байна.

-Жүдо бөхийн дүрмэнд орсон өөрчлөлтүүд манай бөхчүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ удаагийн дэлхийн аваргын хувьд зарим орны бөхүүд хөл авах буюу хориотой мэх хийж, тэмцээнээс хасагдсан. Тийм болохоор дүрмэндээ тааруулж бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэсэн. Үүний үр дүнд манай бөхчүүд хориотой мэх хийж тэмцээнээс хасагдсан тохиолдол гарсангүй.

-Сүүлийн хоёр зуны Олимп, дөрвөн дэлхийн аваргаас хөнгөн жингийн бөхчүүд ихэнх медалийг авлаа. Хүнд жинд барилдах бөхчүүдийг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Жүдо бөхийн холбооноос тодорхой зорилго, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай бөхчүүдээс эрэгтэй, эмэгтэй хөнгөн, дунд дэлхийд өндөр амжилт гаргасан. Харин хүнд жинд одоо анхаарлаа хандуулж байгаа. Шинэ залуу бөхчүүд ч олноор гарч ирж байна. Ер нь +100 кг-аас бусад жинд манай бөхчүүд дараагийн Олимп, дэлхийн аваргаас медаль хүртэх эрэмбэтэй болж байна. Хүнд жингийн хувьд дэлхийн чансааны 21-д Г.Тэмүүлэн, 23-т Ө.Дүүрэнбаяр нар бичигдэж байгаа учир дараагийн Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд амжилттай оролцвол “Рио 2016”-д өрсөлдөх боломжтой. Эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д ч гэсэн ялгаагүй сайн тамирчид гарч ирж байна.

-Хүнд жингийн тамирчдад бэлтгэл хангагч дутмаг байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Үнэхээр хүнд жингийн бөхчүүдэд сайн бэлтгэл хангагч дутмаг байна. Тийм болохоор гадаадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийлгэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Гүрж, Францын бөхчүүдтэй Монголд хамтарсан бэлтгэл хийлээ. Мөн манай бөхчүүд гадаад оронд бэлтгэлээ хийж байна.

-Эмэгтэй бөхчүүдийн хувьд?

-Эмэгтэй бөхчүүд ч гэсэн хөнгөн жинд сайн барилдлаа. 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг энэ удаа эхний тойрогт гоц мөргөж, хоёрт БНХАУ-ын бөхийг цэвэр ялаад гуравдугаар тойрогт Японы Х.Асамид торгуулиар хожигдсон. 52 кг-д ОУХМ А.Цолмон эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Канадын бөхийг юүкогоор, гуравт ОХУ-ын бөхийг торгуулиар ялаад хэсгийн аваргын төлөө Туркменистаны бөхөд цэвэр ялагдсан. Үүний дараа торгуулийн тойрогт Италийн бөхөд хожигдлоо. Мөн энэ жинд барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа АНУ, БНСУ-ын бөхчүүдийг ялаад ОХУ-ын бөхөд гуравдугаар тойрогт ялагдлаа. Бусад бөхчүүд ч гэсэн амжилттай барилдаж, шагналт V, VII байрт зарим нь үлдсэн учир ирэх Олимпийн наадамд бидэнд их боломж байгаа нь харагдлаа.

-Та 1989 оны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Таны барилдаж байсан үетэй харьцуулахад жүдо бөхийн дүрэм, бусад зүйл дээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би 1989 онд хуучнаар Югослав улсын Белград хотод болсон дэлхийн аваргын тэмцээний 90 кг-д барилдаж мөнгөн медаль хүртэж байлаа. Түүнээс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ бол бага хугацаа биш. Жүдо бөхийн дүрмэнд олон өөрчлөлт орсон. Тухайлбал одоо тамирчдад бараг өмд хэрэггүй болж байна. Яагаад гэвэл хөл авах зэрэг мэхийг хорьчихсон учир бөхчүүд нэгнийхээ хөлөнд хүрэх бараг шаардлагагүй болж байна. Харин бид нарын үед өмднөөс барьж хутгах, давуулж гуядах зэрэг олон төрлийн мэхийг хийж болдог байлаа. Энэ мэтчилэн дүрмэнд багагүй өөрчлөлт оржээ.

-Ярилцсанд баярлалаа.

Жүдо бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын бөхчүүд

Он

Тамирчны нэр

Барилдсан жин

Авсан медаль

1989

О.Балжинням

Эр -95 кг

Мөнгө

1989

Д.Баттулга

Эр 60 кг

Хүрэл

2005

Х.Эрдэнэт-Од

Эм 57 кг

Хүрэл

2009

Х.Цагаанбаатар

Эр 66 кг

Алт

2010

М.Бундмаа

Эм 52 кг

Хүрэл

2010

Х.Цагаанбаатар

Эр 66 кг

Хүрэл

2013

М.Уранцэцэг

Эм 48 кг

Алт

2013

Д.Амартүвшин

Эр 60 кг

Мөнгө

2014

Г.Болдбаатар

Эр 60 кг

Алт

2015

С.Ням-Очир

Эр 73 кг

Хүрэл

2015

Д.Сумьяа

Эм 57 кг

Хүрэл

2015

Ц.Мөнхзаяа

Эм 63 кг

Хүрэл

2014

Багийн дэлхийн аварга

Эмэгтэйчүүд

Мөнгө

2015

Багийн дэлхийн аварга

Эрэгтэйчүүд

Хүрэл

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.