
Аз жаргал, баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон эдгээр нь бүгд л нэг зүйл дээр төвлөрдөг. Энэ бол бидний ухаан бодол юм. Арай өөрөөр хэлбэл эдгээр сэтгэл хөдлөл нь бүгд гагцхүү бидний тархин дотор л (дотоод ертөнц ) явагддаг.
Тэгвэл эдгээрийг өөрчлөх, нөлөөлөх боломж биед маань байдаг бөгөөд энэ нь аз жаргалын дааврууд юм. Олонхи нь мэднэ дээ эндорфин, сератонин, допамин мелатонин зэрэг даавруудын нөлөөгөөр л бид стресс депресст орчихолгүй, амьд явах хүслээ алдчихалгүй, урам зоригтой, эрүүл саруул явдаг.
Хүн бүхэн, баян ядуу хэн ч бай эн тэнцүүхэн, эхээс төрөөд үхэх хүртлээ албан есоор эзэмшдэг цорын ганц өмч бол энэ бие маань билээ. Тиймээс л гаднын хүчин зүйлд нөлөөлж чадахгүй байж болох ч өөрийн доторх бодол сэтгэлд бид 100% нөлөөлөх боломжтой.
Харин хэрхэн яаж?
Эхний жишээ бол хөдөлгөөн. Хөдөлгөөн нь дотроо нүүрний болон биеийн бусад хэсгийн гэж хувааж болох.
Нүүрний гэж онцлохын учир нь нүүр бол бидний сэтгэлд юу болж буйг тэр чигээр нь тусган харуулдаг толь учраас. Хамгийн чухал нь тэр толь маань бас эсрэг чиглэлд нөлөөлж чаддаг нь гайхалтай. Юу гэсэн үг вэ гэхээр нүүрэн дээрээ бид сэтгэл хөдлөлийн үед гаргадаг хөдөлгөөнүүдээ зориудаар гаргахад тэр нь тархинд дохиолол өгч яг тийм мэдрэмжийн үед ялгардаг дааврыг ялгаруулснаар сэтгэл санаанд нөлөөлж чаддаг гэсэн үг юм. Ж нь: Ядарсан үед тайван хэвтээд духаа тэнийлгэнэ. Ердийн үед дух бага зэрэг үрчлээтсэн байдалтай байдаг. Хөмсгөө буулгах маягтай духны атирааг тэнийлээд өөр юу ч хийлгүй хэсэг хэвтэхэд тархинд хамаг бие тайвширч суларсан мэт мэдээлэл очдог. Энэ нь юм бодож атирч хэвтэхээс хамаагүй илүү биеийг суллаж амраадаг. Бас инээмсэглэх хэрэгтэй. Инээх юм байхгүй байсан ч яаж ийгээд инээмсэглээд байхад биед мөн л дээрх дааврууд ялгарч нээрээ л сэтгэл хөнгөрөөд ирдэг. Энэ талаар олон зүйлсийг уншиж болно фб дээр.
Бас биеийн хөдөлгөөн нь зарим дааврыг ялгарахад хүргэдэг. Тиймээс ч тамирчид бодибилдингийн залуус нэг сайхан хөлсөө гаргаж хүчээ шавхасны дараа маш сайхан энергиэр дүүрсэн мэдрэмж авдаг. Тийм хүмүүс ядрах нь бүү хэл улам ихийг хийх хүcэлтэй болдог нь ийм учиртай.
Бас нэг энгийн хөдөлгөөн бол 2 гараа аажуухан дээш өргөөд гүн амьсгаа авч хэсэгхэн амьсгалаа түгжээд гараа буулгангаа амьсгалаа гаргана. Ерөнхийдөө зориудаар суниаж буй мэт хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Энэ үед тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очиж дээрх даавруудын ялгаралтыг нэмэгдүүлснээр сайхан мэдрэмж авч бие хөнгөрөөд ирдэг.
Бас гүйлт байна. Яг адил мэдрэмж өгдөг. Их бясалгагч Шри Чинмой "Гүйлт бол бясалгалтай яг адил" гэж хэлсэн байдаг.
Мөн ганцаараа байх үедээ чангаар хашгирч болно. Мөн дуу дуулах нь маш сайн нөлөөтэй байдгийг олон хүн мэддэг учраас л дуулдаг байх
Өөртөө - би жаргалтай байна, би жаргалтай байна хэмээн чангаар хэд хэдэн удаа хэлээд үз. Тархи үүнд чинь бас л хариулт өгдөг. Үнэндээ тархийг хуурч болох олон арга байдаг. Өөр бусдад хууртагдаад хулхидуулаад байдаг тархийг хааяадаа өөрийн эрүүл мэнд, эерэг сайхны тулд хааяа хуурчихад яадаг юм тийм биз дээ.
Бүжиглэх бол аз жаргалын даавруудыг маш сайн ялгаруулдаг ид шидтэй зүйл. Түүнээс гадна хүнийг эерэг болгодог бас тураадаг.
Шүршүүрт орох нь бас хүнийг их өөдрөг, эрч хүчтэй болгодог. Ялангуяа халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох нь дааврыг сайн ялгаруулдаг байна.
Бас өөрийгөө магтах сайн байдаг, мэдээж хэм хэмжээндээ л дээ хэхэ. Хүн бүгдэд л сайн сайхан зан чанарууд байдаг. Олны дунд бол бүр хүчтэй үйлчилдэг. Гэхдээ энэ нь манайхан шиг шүүмжлэлийн мастеруудын дунд нээх зохимжтой арга биш байх.
Дараагийн нэг баталгаатай сайн арга бол бусдад чин сэтгэлээсээ туслах. Үүнийг тайлбарлах хэрэггүй биз дээ. Мэдэхгүй нэг нь туршаад үз тэгээд ойлгох болно.
Мөн хүнсний бүтээгдэхүүн, жимс ногооноос дээрх даавруудыг ялгарахад нөлөөлдөг тухай ярьж болно. Гэхдээ энэ нь бие даасан маш том сэдэв. Энэ удаад орхие.
Наранд биеэ шарах нь бас их чухал. Арьсан доор нарны туяаны үйлчлэлээр Д витамин үүсдэг гэдгийг бүгд мэднэ. Харин Д нь бидний сэтгэл зүйд сайнаар нөлөөлөгч, гутрал гээчээс хамгаалах дааврыг үүсгэхэд оролцдог гол чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Тиймдээ ч өвлийн депресс гэж ярьдаг нь нарны тусах өнцөг багасаж нар дутагдсаныг хэлээд байгаам. Бас ойд явган аялал хийх маш сайн. Бүгд мэднэ дээ.
Бас нэг чухал зүйл бол тодорхой цагт тодорхой хугацаагаар унтаж амрах.
21 цагаас 04-06 цагийн хооронд мелатонин хамгийн ихээр ялгарах үе. Гэхдээ ганцхан унтаж амарч байхад л ялгардаг гэдгийг анхаараарай. Энэ даавар нь хүнийг залуужуулах, сэтгэл гутралаас сэргийлж хамгаалах гээд маш чухал үүрэгтэй, тэгэхээр шөнө унтдаггүй хүмүүс өөрийгөө овор сууж, ядраад, гутранги байгаад байгаагаа гайхах хэрэггүй.
За хамгийн сүүлд бүгдэд санал болгох нэг арга бол бясалгал юм.
Мэдээж хүн бүхний сонирхдог зүйл гэх гээгүй л дээ. Гэхдээ л өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт өөрийн эрхгүй хүсэн сонирхох цаг заавал бүгдэд ирнэ.
Маш олон янзын бясалгал байдаг. Амьсгалын г.м. Бясалгалаар хүн дотоод гэрэл эсвэл дотоодын яруу аялгуугаа олж харж сонсдог. Мэдээж нэлээн хугацаанд шамдан төвлөрч байж тийм түвшинд хүрнэ. Гэхдээ хүн болгон адилгүй. Хэрвээ тэрхүү дотоод баялагаа нэг л олж мэдэрч чадвал түүнийгээ дахиж хэзээ ч мартахгүй болох бөгөөд тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй юм. Тэр үедээ хүн туйлын их баяр жаргалаар дүүрэн бялхах бөгөөд гудамжинд гүйж гараад тааралдсан хэн ч бай таних танихгүй, хөгшин залуу, хар шар цагаан бүгдийг нь тэвэрч аваад үнсмээр... Тийм л их жаргалаар бялхдаг юм даа.
Иймэрхүү байдлаар дотоод биохимиэ удирдаад сурчихвал амьдралд тохиолдох олон нугачааг хөнгөхөөн даваад гарч чаддаг болно шүү.
За тэгээд аль таарч тохирох аргаа сонгоод эсвэл өөрөө бодож олоод эхэлж өөрийгөө гэрэлтүүлээд дараа нь түүнийгээ бусадтайгаа хуваалцаарай. Амжилт бүгдэд нь!
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.