Их, дээд “цэцэрлэг”

Twitter Print
2015 оны 09-р сар 04-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Оюуны хөдөлмөр эрхлэн амьдрах замыг нэгэнт бараадсан этгээдийг илэрхийлэх “Оюутан” хэмээх оноосон нэр ХХ зууны эхний хагасаас улбаатай. Шавийг сурагч (ученик), багшийг сургагч (учитель) хэмээн хувьсгалчаар өөрчлөн нэрлэж, коммунизмын  замаар иргэншлийн босго алхах  тэр үеийн нэр. Улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг сүрэг малын өсөлтөөр бус эрдэм соёлын дэлгэрэлтээр төсөөлж байсан өвөг дээдсийн хайрласан мөрөөдлийн нэр...

Өнөөдөр манай орон 10.000 хүнд ногдох оюутны тоогоор дэлхий дээр магнайлж, орчин үеийн цэрэг-эдийн засаг төдийгүй соёлын импери болох АНУ-ыг хүртэл ардаа орхисон.  Үүнийгээ дагаад түмэн хүнд ногдох дээд боловсролтны тоо, эзлэх байр шууд пропорционалөөр өснө биз дээ.  ХХ зууны эхэн үеийн үндэсний сэхээтнүүд чихэндээ итгэмгүй, дал наяад оны нам засгийн удирдагчид нүдэндээ үнэмшимгүй статистик бидний өмнө байна. Тэд бүх нийтээрээ зөвхөн бичиг үсэгтэй болох,  бүх хүүхдийг зөвхөн бүрэн дунд боловсролын хөтөлбөрт хамруулахыг л зорьж байсан. Харин одоо бүх хүүхэд дээд боловсол эзэмших хөдөлгөөн өрнөөгүй  байна гэж үү?

Гэтэл “Алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаана байна” гэлээ гэдэг шиг америкийг ардаа орхисон дээд боловсол эзэмшигчдийн чинь хэрэг нь хаана аа байна аа гэсэн үлгэрийн асуултад хариу алга. Нэг талаасаа бид маш ихээр дээд боловсолыг эзэмшиж байна, нөгөө талаасаа  монголын дээд боловсол ба манай гаригийн ердийн дээд боловсрол хоёрын дунд зарчмын ялгаа гарсан  гэдэг нь харагдаж байна.

Зарим ажиглагчид тооны хойноос хөөцөлдөж хэтэрхий олон дээд сургууль  байгуулсан явдалд боловсролын  бодлого хэрэгжүүлдэг сайд, яамыг буруутгаж байна. Өөр хэсэг хүн их дээд сургуулийн төлбөр хэтэрхий бага байгаагаас учир шалтгааныг хайж байна.  Тэд, монголдоо нэр хүндтэйд орох их дээд сургуулийн төлбөр нь чанартай дунд сургууль байтугаа, боломжийн цэцэрлэгээс бага төлбөртэй байдгийг ч сануулж байгаа юм.

Гэхдээ асуудлыг шүүмжлэн харахаас өмнө нөхцөл байдлын зүй зохистой эсэхийг хамтдаа тунгаах гээд үзье. Нэг талаасаа ямар ч аргаар хамаагүй хүүхдээ дээд боловсролын дипломтой болгох эрмэлзэл хүн ардад байна. Энэ эрмэлзэл дээр олон арван хувийн дээд сургууль үүссэн. Ингээд бодохоор, зуугаар тоологдох их дээд сургууль байгуулагдсан нь зүй зохистой үзэгдэл юм байх нь. 

Нэгэнт л дээд боловсрол нь бүх нийтийг хамарсан үзэгдэл болсон учраас түүний өртөг төлбөр нь мөн л бүх нийтэд боломжтой байх учиртай. Ийм учраас ард түмний хүсэл зоригийн дагуу дээд сургуулийн төлбөрийг зохих хэмжээнд барьж байх нь улс төрчдийн гол үүрэг болсон хэрэг. Дээд боловсролын төлбөрийн өнөөгийн хэмжээ нь нийгмийн захиалгаар хязгаарлагдаж байгаа байхнээ.

Энэ байдал ойрын үед нэг их өөрчлөгдөхгүй байх. Учир нь хойтон, хойтонгийн болох сонгуулиудаар ард түмэн үр хүүхдээ улам дээд боловсрол эзэмшүүлсээр байх нөхцөл бололцоог л нэмж нэхнэ. Улс төрчид эрх мэдэлд хүрэхийн тулд “Шинжлэх ухааны туяат оргилд хүрэх өргөн дардан зам” зассаар байх нь дамжиггүй. (Хуучин соц-ийн үед марксизм-ленинизмыг үндэслэгчдийн хэлсэн гэх шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгүй. Бэрхшээл энээ тэрээгээс айхгүй зүтгэсэн нь түүний туяат оргилд хүрнэ гэсэн утгатай үгийг багш нар маань ишилдэгсэн)

Өнөөгийн монголчуудын дээд боловсролын цангааг үндэстнээрээ гэгээрч боловсрон улсын дайтай улс болох зуун дамжсан мөрөөдөл, социализмын үеийн уралдаант шалгалтын хатуу шалгуур, намын ажилтны хоёр жилийн курс, маркс судлалын оройн дээд мэтийг төгсгөөд л насаараа дарга болдог байсан уламжлал гээд олон зүйлээс хайдаг. 

Нөгөө талаас өнөөгийн дээд боловсролын чансааг бүгд харж ойлгож байгаа, диплом нь сайндаа дэлгүүрийн худалдагч болгохоос хэтрэхгүй тохиолдол маш олон гэдгийг нийтээрээ зөвшөөрч байгаа. Ойлгож, зөвшөөрч байгаа хэрнээ, ашиг багатай сургалтад төлбөр төлөөд яваагийн учир юу вэ?

Харин нүүдэлчин амьдралаас иргэншилд шилжиж яваа үндэстэнд бүрэлдсэн сурган хүмүүжүүлэх үзэл санаа, итгэл үнэмшлийн тодорхой үе шатны онцлог  гэдэг талаас нь харвал илүү сонин санагдаж байна.

Хүүхдийнхээ амьдралд хэрэгтэй бүхнийг гэр бүл дотроо зааж сургасаар ирсэн уламжлалтай монголчууд ХХ зууны дунд үеэс үр хүүхдээ цэцэрлэг сургууль, анги хамт олон, эвлэл пионерийн байгууллагад даатгах болсон юм. Хүүхдийг амьдралд хөлөө олон олтол нь төр засаг өөрөө ч юм уу, нам эвлэл гэгчлэнгийн юмаар дамжуулан хариуцах(хариуцуулах) ёстой гэсэн итгэл үнэмшил энэ зуур бий болжээ. Ажилчдынхаа хүүхдээс эхлээд ажилтныхаа ёс суртахуун, хүмүүжил, гэр бүлийн байдал, архи дарс ууж байгаа эсэх түүнчлэн үл бүтэх хүнтэй нөхөрлөх  явдал гаргуулахгүй талыг байгууллагын дарга нар хариуцаж байлаа. Гэр бүлээсээ салах, ханилснаасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоо тогтоох, хүүхэд нь муу сурах юм уу, хүмүүжлээр доголдох тухай бүрт нам захиргаа, эвлэлийн байгууллага авч хэлэлцэж тогтоол гаргаж байсныг мэдэх нэг нь мэднэ дээ.

Цай уух зуур сонирхуулахад, дээхнэ үед Өвөрхангай гэлүү дээ ийм явдал болсон гэдэг.(Гавъяат нэгдэлчин Рагчаа гуайн яриа юм. Намайг “Соёлын довтолгоо” номын материал цуглуулж байхад ярьсан хэрэг) Золигийн хархүү сумын төвийнхээ гайгүй гэсэн бүсгүйчүүлтэй холбогдоод болдоггүй, эхнэр нь сумын намын үүрт гомдол гаргасан байгаа юм. Хархүүг намын үүрт дуудаад, эхнэртэй атлаа өөр бүсүйчүүлтэй холбогдоод байгаа асуудлыг нь буруушаан хэлэлцсэн байдаг. Золигийн сэргэлэн хархүү нам, засгийн асуултад золигийн хариу барьжээ “ Хөөрхий муу эхнэр минь ганцхан юм даа гэж бодоод  завсар зайгаар нь өөр хүнээр орлуулж, аминдаа гамнаж  байгаа маань л энэ шүү дээ” гэсэн байна. Намын үүрээс “эхнэрийг гамнахгүй байхыг үүрэг болгосугай” гэсэн тогтоол гарсан гэдэг юм.

За энэ ч яахав, гол юмандаа оръё. 1990 оны ардчилсан хувьсгал хувь хүн өөрийнхээ хувь заяаг хариуцах үүрэгтэй, эрхтэй болгосноор хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд эхнэрээ гамнах хүртэлх “глобаль” асуудал хариуцдаг үзэл суртлын аппарат нурлаа. Гэвч нам эвлэлээс эхлээд НАХ яам, цагдаагийн  бүх талын хяналтан дор хүмүүжсэн бүтэн үеийнхэнд өөрийн үр хүүхдээ хэний ч хяналтгүйгээр бие даасан амьдрал руу  үдэх зүрх зориг байсангүй. Сургуулийн ширээнээс цааш нь хүмүүжүүлэх учиртай эвлэл, намын байгууллага, социалист хөдөлмөрийн бригад, халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн бүгд байдаггүй.  Ингээд олон олон эцэг эхчүүд бээр  дунд сургуулийн дараагийн шатанд хүүхдийг нь хэдэн жил хараад өгөх газар хайх болсноор манай орны их, дээд “цэцэрлэг”-үүдийн тогтоц бий болсон бололтой.  

Эрдэм сурч сүйд болохгүй ч гэсэн хүүхдийнх нь араас “хүү хаая” гээд байх сургууль багш нар байгаа нь юу юунаас чухал. Сургууль багш нарын хараа хяналт дор гурав дөрвөн жилийг өнгөрөөх зуураа хүүхэд өөрөө төлөвшөөд амьдрах зам мөрөө олоод ирнэ. Аз байвал сайн сурч цаашдийнх нь зам нээгдэнэ. Аз байвал төгссөн хойно нь ажил олдоно. Харин хүүхэд дунд сургуулийн дараахь энэ дөрвөн жилд бие хүн болон төлөвших чухал үе шатыг “их дээд” сургуулийн хараа хяналтын дор туулах учиртай...Манай орны их дээд “цэцэрлэг”-ийн учир энэ.

Нийтлэлч Б.Цэнддоо

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.