СГЗ Г.Жамьян - Тэтгэврийн зээлээрээ гадаадад зугаалж, машин, орон сууц авчихсан нь хожиж, зээл авалгүй хоногийн хоолоо аргалж байсан нь хохирдог юм байжээ...

Twitter Print
2020 оны 01-р сар 10-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ “ХОХЬ ЧИНЬ” ҮҮ?!

"Яс булаалдсан нохой шиг” гээд нулмиж байгаа хүнтэй таарлаа. Ийм бодолтой яваа хүн Монголд хичнээн мянга байгаа бол?!

Манай эрх баригчдын хийдэг нэг гол ажил нь сонгууль юмуу, томоохон баяр наадмуудын өмнө намдаа, өөртөө оноо авах гэж ард түмнээ ялгаварлан талцуулж, тохуурхан доромжилдог явдал. Өршөөлийн хууль гаргаж байгаа нь энэ гээд өөрсдийнхөө болон хамаатан садан, ойр дотныхоо бүхий л гэмт хэрэгтнүүдийг суллаад тавьчихна. Тэд нь дахиад л хүн ална, хүрээ тална. Тэр дунд зургаан удаа ялаас мултарсан хүн хүртэл явна.

Бас л хууль гаргана. Банкны өр зээлийг тэглэнэ гээд өөрсдийнхөө юмуу, өөрийн намын голдуу, өнөөх л хэдэн зуун сая, тэрбумаар нь залгичихаад ангайж суугаа нөхдийнхөө өрийг тэглэнэ. Арван тэрбум (10.000.000.000.000)-ынхаа өрийг банкаар хаалгачихсэн Ц.Гарамжав авгай УИХ-д сууж байх юм. Зүгээр ч үгүй, үнэний нь илчилсэн сэтгүүлчдийг дарамталж загнаад сууж байгаа. Зургаан зуун хорин тэрбум (620.000.000.000.000)-ын өртэй “Капитал” банкаа дампууруулчихсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёстой л жаатай загнах авгай юмдаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Капитал” банкаа дампуурахлаар нь над хамаагүй гэж загнаж байх юм. Тэр хүнд, арга хэмжээ авдаг зориг зүрхтэй аавын хүү Монгол Ардын Намд ч алга.Хууль хяналтын байгууллагад ч алга. Нэг л мэдэхэд “Капитал” банкны 620 тэрбумын өр тэглэгдчихсэн, Б.Ундармаагаас биш, бидний татварын мөнгөөр хаачихсан байна байх даа. Зөвхөн энэ 620 тэрбум төгрөг чинь л Монголын бүх төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалин, ахмадуудын тэтгэврийг хангалттай нэмчих мөнгө шүү дээ.

Хамгийн сүүлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүмүүсийн зээлийг тэглэх шинэ хувилбар гарч ирээд бужигнуулж эхлэлээ. Монголд 400 гаруй мянган тэтгэврийн өндөр настан байдаг гэнэ. Тэдний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) шинэ жилийн босгон дээр хуралдаж, өнөөх 233 мянган ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэхээр зөвлөмж гаргаж. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн сүр дуулиантай зарлах нь тэр.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Зөвлөмж л гаргадаг субъект. Тэнд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтаад гурвуулаа зөвлөмж гаргадаг. Тэр Зөвлөмжийг Засгийн газар зөвшөөрөх юмуу, үгүй юу?! Засгийн газар шийдвэрээ гаргалаа гэхэд УИХ-аар орж хэлцэгдэнэ. Өнөөх 75 гишүүн чинь батлах юмуу үгүй юу?! Хөрөнгө нь гэх 700 гаруй тэрбум төгрөг бэлэн бус, 2020 оны төсөвт ч тусгагдаагүй, Сангийн сайд нь “төсөвт тодотгол хийхгүй” гэж гүрийгээд явж байгаа. Эрх баригчид бол “Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгоно” л гэж “үлгэр” яриад суух юм. Өнөөх, Салхитын мөнгөний орд нь шүүх дээр бөөн зарга болсон. Мөнгөтэй нь дийлэх үү, өнгөтэй нь дийлэх үү, өндөр албан тушаалтай нь дийлэх үү, “хэрүүлийн алим” байгаа нөхцөлд “Тэтгэврийн зээлийг маш яаралтай тэглэ!” гээд шавдуулж байгаа эрх баригчдынхаа учрыг олохоо болилоо.

Ганц л үнэн бий. Энэ бол сонгуулийн өмнөх шоу. Сонгогчдын саналыг худалдан авах МАНАН-мафийн шалгарсан арганы нэг. Ахмадууддаа тийм л сайн юм бол ноднин, уржнан МАХН-ынхны санал тавьж байх үед тэглэж байх нь яасан юм?!

Хөөрхийдээ, ядарсан ахмадууд л эдний “тархи угаах” амьд үзүүлбэр болох юм даа. Би, өвөлд нь хөлөө хөлдтөл, зунд нь хөлсөө шавхтал зогсож байж тэтгэврийн хэдэн төгрөгнийхөө барааг хардаг өндөр настны хувьд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван даргад доорх хэдэн зүйлийг сонордуулъя гэж бодлоо.

Нэгдүгээрт: Тэтгэврийн зээлтэй хүмүүс олон байгаа ч, тал хувь нь боломжийн амьдралтай, бүр сайд дарга нар, энэ олигархи баячуудын аав ээж, төрөл төрөгсөд зээл авсан байдаг юм. “Хүүхэддээ машин аваад өгчихлөө”, “Хүүгээ гэрлэхэд нь орон сууц өгчихлөө”, “Англи, Америкад сар зугаалаад ирлээ”. “Бали аралд гэр бүлээрээ амарлаа” гэсэн хүмүүс л байдаг шүү дээ. Хоногийн хоол нь тасрах гээд юмуу, гадаад дотоодод эмчлүүлэх гээд зээл авчихсан хүмүүс тун цөөхөн дөө. Би юу хэлэх гээд байна гэхээр тэтгэврийн зээл тэглэх нь зөв. Тэхдээ маш нарийн судалгааны үндсэн дээр эзнээ олж тэглэх ёстой юм.

Хоёрдугаарт: Тэтгэврийн зээл тэглэх сураг чинь аль жилийн өмнөөс чих дэлссэн. Автобусанд хоёр авгай: “Тэтгэврийн зээлийг хүчингүй болгох гэнэ ээ. Чи юм авч амжсан уу?” гэхэд нөгөөх нь “Арай л багадуулчихаж билээ” гээд жуумалзана билээ. Мэдээлэлд ойр байдаг, эрхэм дээдсийн гэр бүл, төрөл төрөгсөд, танил талууд бол аль хэдийнэ “хувиа борлуулж, довоо шарлуулсан” байх. Мэдээллээс хол, дээгүүр танил тал муутай, шударга талынхан нь зээл авахаа ч мэдэхгүй, авалгүй байсаар өнгөрөв бололтой. Ер нь тэгээд дарга сайд нар, баячуудын аав ээж, ах дүүсээс тэтгэврийн оочерт зогсож байгаа хүнийг би л хувьд хараагүй юм байна.

Гуравдугаарт: Тэтгэврийн зээл аваагүй, авч чадаагүй, тэр талаар мэдлэг ч үгүй, “Төр засагтаа өргүй явах юмсан, хорвоогоос буцахдаа үр хүүхэддээ өр зээлийн дарамтгүй явах юмсан, яаж ийгээд хоногийн хоолоо залгуулж байгаад үхвэл болох нь тэр” гэсэн бодолтой 200 мянга шахам хүн тэтгэврийн зээл авалгүй хоцроод байгаа юмаа даа. “Улаан голоо тасартал, ул тавхайгаа элэгдтэл, улс орноо” гэж зүтгээд хохирч үлдэж байгаа энэ хоёр зуу орчим мянган хүнийг Монголын төр хохь чинь гээд үлдээх юм уу?! Энэ тэглэлтийг хоёр жилийн өмнөөс санаачилсан МАХН-ын удирдлагууд, аль болохоор ялгаварлахгүй хандахыг эрхэм дээдэст сануулаад тэтгэврийн зээл аваагүй үлдэж байгаа хүмүүст нь тус бүр нэг сая төгрөг олгоё гэсэн байна билээ. Зөв санаа л даа. Хүмүүс бол ганц сая төгрөг ч багадаж байгаа гэх.

Дөрөвдүгээрт: Заавал хэл амтай, “Хараалын бузар” шингэсэн Салхитын мөнгөний ордоос бонд гаргаж, хөрөнгийн эх үүсвэрээ босгох гээд байгаа нь ямар учиртай юм? Шунаг сэтгэлээр, хууль бус аргаар дэлхий даамгүй баяжчихсан, зуун жил идээд ч барахааргүй хөрөнгийг гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудад нуучихаад байгаа МАНАН-мафийнхны наад захын хэдэн хүний хөрөнгийг битүүмжлэхэд л хэдэн зуун тэрбум байтугай хэдэн их наяд хөрөнгө гарна даа. Та нар өөрсдөө хамсаатан нь юмуу, юунаас нь айгаад “Салхитын мөнгөний орд” гэж хашгиралдаад байгаа юм бэ? Энэ чинь, зүгээр л үлгэр сонсогдоод байна.

Тавдугаарт: Шинэ жилийн орой, Ерөнхийлөгч Х.Баттулга маань, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн мэдэгдлээ. Төрийн тэргүүн хүн чинь, ҮАБЗ-ийн гуравхан хүний ярилцаад зөвлөмж гаргачихсан “нууц”ыг ингэж албан ёсоор зарлаж байж болдог юмуу? Цагаа олсон уу? Зөвхөн ард түмнээсээ оноо авахын тулд яаран ингэж дуугарав уу? Би бодохдоо, энэ чинь Сангийн сайд нь хүртэл мэдээгүй байгаа, улсын нууц баймаар юм. Хэрвээ албан ёсоор зарлах цаг нь ирвэл УИХ-ын дарга юмуу, Ерөнхий сайд мэдэгдэл хийх ёстой. Ер нь тэгээд энэ тэтгэврийн зээлийн тэглэлтийн асуудал чинь, хэдэн нам, хэдэн хүний оноо авах гэсэн, сонгуулийн өмнөх шоу шиг харагдаад байна. Ерөнхийлөгч нь, миний удирдсан ҮАБЗ ингэлээ гээд зарлачихлаа. Эрх баригч МАН бид мөнгийг нь гаргаж байгаа. Манай намын гавьяа  гэж шоудна. АН, бас л бидний гавьяа, хэдэн жилийн өмнө манай нам л энэ санаачилгыг чинь гаргаж байсан гэнэ.

Яг үнэндээ бол энэ санал санаачилгыг чинь нэлээн дээр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлага албан ёсоор гаргаад, хэрэгсэхгүй болохоор нь төрийн гурван өндөрлөгт бичгээр хүргүүлнэ билээ. Тэгээд л ҮАБЗ дэмжиж, Ерөнхийлөгч маань өндөр дуугаар зарласан даа. Гавьяа болохоор булаалддаг, гай болохоор зугтаадгаа боль л доо. Манай ард түмэн чинь ухаантай шүү. Ахмадуудад хайр зарлаад, сонгуулийн өмнө их оноо авчихна гэж бодож байгаа улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс горьдсоны хэрэггүй л баймаар юм.

Зургадугаарт: 700-800 тэрбум төгрөг гэдэг бол тоглоом биш. Аль ч эх үүсвэрээс гаргалаа гэсэн ард түмний л хөрөнгө. Та нарын, Үндсэн хуульд оруулахаасаа айгаад байгаа “ард түмний чинь хөрөнгө”. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж яарч сандраад байгаа хүмүүсийн дунд та нарын аав ээж, ах дүү төрөл садан байгаа нь мэдээж. Гэлээ ч энэ их хөрөнгийг ул суурьтай, аажуу уужуу, ялгаварлалгүй шийдэх хэрэгтэй юм л даа. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж байгаа 200 мянга гаруй хүний чинь цаана хүүхэд, хөгшид, залуучууд нийлсэн 3 сая иргэн байгаа. Тэдний хувь заяаг гуравхан дарга сууж байгаад шийдчихэж, хохироочихож болдог юмуу?!

Долоо найман зуун тэрбум төгрөгийг чинь ард түмнээсээ асууж, улстөрийн хүчнүүд, төр нийгмийн байгууллага, түүний зүтгэлтнүүдтэйгээ зөвлөж ярилцаад ухаалгаар шийдэж болмоор л юм. Гэтэл гурван дарга өдөр нь ярьж шийдчихээд, орой нь зарлачихаж байгаа нь дэндүү гоомой санагдаад байгаа юм. Долоо найман тэрбум бол бас яая гэхэв, долоо найман зуун тэрбум төгрөг гэдэг дэндүү их мөнгө шүү. Энэ их мөнгө эзнээ олж очих ёстой учраас хүмүүс харамсаад байгаа юм. Та нар бас, өөрсдийнхөө хүмүүсээр “Битгий барьц” гэж улиглуулахаа ч мартсангүй.

Долдугаарт: Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулгадаа нэг зүйлийг сануулмаар байна. Төрийн тэргүүн болох гэж, төв хөдөөгүй мацаж байхдаа таны амласан амлалтууд миний өмнө байна. Энэ амлалтуудыг чинь би бараг цээжилчихсэн юм. Өглөөд хэдэн тарни уншихдаа залгуулаад таны амлалтуудыг уншчихдаг. Та, ард түмнээ өр зээлгүй жаргаана гэсэн. Оффшорын их валютыг оруулж ирээд ард түмэндээ хүртээнэ гэсэн. “60 тэрбумынханд” арга хэмжээ авна гэсэн. Шүүх хуулийнхны “шүүсийг шахна” гэсэн. Бүгд худлаа болсон. Наад шүүх, прокурорынхон чинь МАНАН-мафийн толгойлогчдыг бараг бүгдийг зохион байгуулалттай оргуулаад гадагшаа гаргачихсан. Монголын мөнгө эздээ дагаад гадагшаа урсаад алга болсон. Энэ бүхнийг би юуны учир танд сануулж байна гэвэл, ядаж л оффшорынхоо тэр их валютыг оруулж ирээд өчүүхэн хэсгээр нь өндөр настныхаа  зээлийг тэглэчих л дээ. Танд эрх мэдэл нь бий. Шүүх, прокурорын удирдлагын хэдэн хүн таны л харцны аясаар хөдөлж байгаа нь нууц биш. Тун болмооргүй бол Улсын дээд шүүхийн дарга Х.Батсүрэнгээс эхлээд тэр “дарамтлуулаад байгаа” Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаа, “дарамтлаад” байгаа бүлэглэлийг нь зайлуулчих л даа. Ард түмэн яасан их баярлах бол.  Улс орон ч яасан түргэн дэвжиж дээшлэх бол!

Г.ЖАМЬЯН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.24.108) 2020-01-15 17:08
      • 0
      • 1

      ҮНЭХЭЭР БОДЛОГГҮЙ ТЭНЭГ ЮМ ХИЙЧЭЭД ОДОО ЮУ БОДОЖ СУУДАГ БОЛ.ТЭГЖ АХМАДУУДААРАА ТОГЛОЖ ШОУ ХИЙЖ СУУХААР УНДАРМАА ЖАСТ БАТХҮҮ ӨӨР ЗӨНДӨӨ ЛУЙВАРЧИД ОФШОРЧИДООСОО МӨНГӨ ХӨРӨНГӨӨ АВЧ АХМАДУУДАА АДИЛХАН ХАРЖ ҮЗЭЭЧЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ.

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.137) 2020-01-12 22:49
      • 0
      • 1

      Арайл дэндүү яаруу давчуу тооцоо судалгаагүй гоомой ийм л боллоо доо eрөнхийлөгч хойшид анхаарах байхаа үр хүүхэдн өрөнд баригдаад байхад аль ч банк зээл өгдаггүй энийг сайн бодсон бол

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.159) 2020-01-10 17:35
      • 0
      • 3

      Ёстой тэнэг гэхэд дэндүү тэнэг юм хийлээ.

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.110) 2020-01-10 15:55
      • 0
      • 4

      Zov Ystoi Amia argatsaasan n hohirloo

      Хариулах