
“Өргөн том хөвсгөр ортой, хана нь их сайхан товгор хээтэй байвал зүгээр, гал тогоо нь яг тансаг буудалд байгаа юм шиг…” Оросын толгой баячууд ийм л шаардлага тавьдаг аж. Ер нь оросууд орон гэрээ маш тансаг байлгахыг хүсдэг учраас элдэв санал зөвлөгөө маягын юм хэлээд хэрэггүй, зүгээр л аялдан дагалдсан нь дээр гэж Италийн тавилгын үйлдвэрийн менежерүүд үздэг болсон тухай ”Corriere della Sera” нэртэй Итали сонинд "Made in Italy орос маягаар” гэсэн нийтлэл гарчээ.
Италийн тавилгын үйлдвэрүүд хуучин Зөвлөлтийн үеийн сэтгэлгээтэй оросуудад аль болох тал засаж бүх талаар бүрэн үйлчлэхийг хичээдэг боловч тэр бүр үр дүнд хүрдэггүй байна. Гэхдээ "Итали л бол Итали" гэдэг сэтгэлгээ үйлчилдэг болохоор Орос оронд италичуудын нийлүүлж байгаа гэр ахуйн тавилга энэ оны эхний хагаст л гэхэд өнгөрсөн оныхоос 17% өсөж 249,7 сая еврод хүрчээ. Италийн “Asnaghi” компанийн менежер Амедео Черлиани Кремльд офисстой бөгөөд оросын олон “ерөнхийлөгчид”, тэр дундаа Чечений ерөнхийлөгчийн тансаг харшийн тавилгыг нийлүүлж өгч байжээ. Тэрээр "оросууд бүгдээрээ хамаг байдаг өнгөтэй өөдтэйгөө хүний нүдэн дээр ил байлгахыг хүсдэг, харин учир холбогдлыг нь ерөөсөө ойлгодоггүй" гэж сэтгэгдлээ хэлсэн байна.
Чечений толгойлогч Рамзан Кадыровт унтлагын орны түшлэг, Киевийн "Динамо" багийн ерөнхийлөгч Игорь Суркист зааны баримал, Наоми Кемпбелийн нөхөр асан Владислав Доронинд зочдын усанд ордог онгоц, Путины охинд эрхэмсэг гүнжийн гэрлэн чимэглэл гээд тоочоод байвал Италиас зөөж аваачсан эд хогшил Орост маш их бий гэж нийтлэлд тэмдэглэжээ. Оросын баячуудын захиалга ёсоор нэг өрөөг бүрэн тохижуулад хамгийн багадаа 50 мянган евро болдог бол харшийн дотоод засал чимэглэл 200-500 мянган евро болдог байна.
Р.Этүгэн

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505