Намууд хамтарч Сонгуулийн тухай хуулийг боловсруулахаар боллоо

Twitter Print
2015 оны 09-р сар 03-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлагууд  өнөөдөр Төрийн ордонд цуглаж, Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, МҮАН-ын намын дарга М.Энхсайхан болон парламентад суудалгүй намын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.

“Үндэсний зөвшилцөл” уулзалтын үр дүнд Монголын бүх улс төрийн намууд хамтдаа Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо.

МАН-аас энэхүү ажлын хэсэгт Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат орж ажиллах юм байна. Уулзалтын үеэр Өршөөлийн тухай хуульд МАН ямар байр суурьтай байгааг төлөөлөгчид нэлээд сонирхож байлаа. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Өршөөлийн тухай хуулийн авлига, албан тушаалтай холбоотой хэсгийг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалтнуудыг Өршөөлийн хуульд хамруулахыг дэмжээгүй гэсэн үг. 

Мөн “Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм. Бүсчилсэн журмаар явбал зөрчил их үүснэ гэж хэд хэдэн намын төлөөлөл шүүмжилж байлаа. Ард иргэдийн саналыг хар машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого зайлшгүй байх ёстойг төлөөлөгчид хэлж байсан. Нэр дэвшигчидтэй холбоотой маргаан гарлаа гэхэд үүнийг шүүх, цагдаа дээр шийдвэрлэх юм уу сонгуулийн эрх бүхий байгууллага зохицуулах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгааг ч онцоллоо. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.