Бэлгийн морины шүдийг Бээжин мэднэ...

Twitter Print
2022 оны 08-р сар 09-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Бэлгийн морины шүдийг Бээжин мэднэ...

Гадаад харилцааны олон талт бодлого талаасаа бол яах аргагүй цаг үеэ олсон айлчлал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Дэлхий нийтээрээ Орос, Америк, Хятад, Тайванийг дэлдийтэл харуулдан ширтэж буй энэ эмзэг үед Монгол Улс аль аль талын төлөөлөгчдийг урьж, цэнхэр гаригийн хамгийн хөрвөх чадвартай гадаад харилцаатай улс байх боломжтой. Эерэг имиж бүрдүүлэх, энд Монгол Улс байгаа шүү гэдгийг зарлах, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх зэрэг хэд хэдэн асар том ач холбогдол ард нь бий. Харин Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд бол Ван И манай өр зээл, түүний зарцуулалтыг сануулахаар айлчиллаа.

Зарим сайтууд Монголын Засгийн газрын томоохон төслүүдийг ноён Ван И зөвшөөрөн соёрхсон мэт гарчиг зүүсгэлтэй мэдээллүүд нийтэллээ. Магадгүй энэ нь орчуулгын алдаа байв уу, эсвэл зориудын Хятадын талд үйлчилсэн өгөө авааны ашиг сонирхолдоо хөтлөгдөв үү гэдгийг Гадаад Харилцааны яам албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Хятадын ГХ-ны сайд Ван И хоёр жилийн өмнө айлчлахдаа хилийн боомтууд, уул уурхайн түүхий эдийн экспортын талаар мөн л баахан санамж бичиг үйлдээд буцсан.

Энэ удаа арай илүү тодорхой асуудлууд дээр үзэгний үзүүр хөдөлгөж, хоёр улсын Засгийн газрын хөтөлбөр, бодлогуудыг уялдуулах талаар хэлэлцсэн нь нэг алхам урагшилсан явдал байлаа. Нэг алхам урагшилна гэсний цаана эерэг ба сөрөг хоёр хүлээлт бий. Мэдээж, Хятадын эдийн засгийн том хөтөлбөр Азийн орнуудыг урагш чангааж буй энэ үед эл уулзалт хэлэлцээрийг дагасан шинэ боломжууд нээгдэнэ, гэхдээ манайхан ашиглаж чадвал шүү дээ. Сөрөг тал нь мэдээж нөгөөх алдарт агуу их өр зээл.

Монгол Улс урд хөршдөө ямар өртэй вэ?

-Засгийн газрын өр 746 мянган доллар

-Богино хугацаат зээл 64 мянган доллар

-Урт хугацаат зээл 202 мянган доллар

-Бондын өрийн бичиг 149.8 мянган доллар

-Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган доллар

-Бусад салбарын урт болон богино хугацаат зээл 84 мянган доллар

-2020 оны улсын төсөвт 200 сая доллар.

-Хятадын ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу 5.8 их наяд төгрөгийн своп хэлцэл...

Үүнээс гадна 2003 онд 300сая, 2005 онд 500 сая, 2014 онд 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд олгох шийдвэрийн талаар Хятад судлаачид дурдсан байдаг. Үлдсэнийг нь манай эдийн засагчид, нөгөө Жавхлан энэ тэр сайн мэдэж байгаа байлгүй дээ.

Ер нь бол урд хөршдөө тавьсан өрийн урт жагсаалтаа нэг мөр гаргаад, ард түмэндээ ил тод мэдээлмээр байна. Шри Ланка Хятадад 8.0 тэрбум долларын өртэй, Пакистан 16.0 тэрбум долларын өртэй гээд бид чинь бас бие болоод сэтгэлээ бэл бэнчинтэйгээ тааруулж бэлдмээр л байх юм. Манай энэ их өр зээлийн хэдэн хувь нь сонгуульд, хэдэн хувь нь хөшөө барималд хөдөө тийш одсон талаар тооцоо байгаа гэж найдъя.

Дашрамд хэлэхэд Хятадын Засгийн газар гаднын бусад улс оронд өгсөн өр зээлээ тэглэж байсан түүх үгүй бөгөөд зарим улс орнуудтай хилийн боомтыг нь ашиглах 50-99 жилийн гэрээ хийж, газар нутгийг нь авах зарчмаар асуудлаа шийддэг. Энэ удаа бэлгийн морины шүдийг Бээжин мэдэж, гэр хороолол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гэхчлэн зарцуулалтыг зангидаж чиглүүлэв бололтой. Чиг үүрэг авав үү, чиг үүргээ нэгтгэв үү гэдгийг л мэдчихмээр байх юм даа!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.