Ерөнхий сайдад махны экспортыг нэмэгдүүлэх санал хүргүүллээ

Twitter Print
2015 оны 09-р сар 03-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ. 

Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна.

Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.