Шатахууны үнийг бууруулахыг шаардав

2015 оны 09-р сар 02-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдрийн байдлаар 42 ам.доллар болоод байна.

Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна.

2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн.

Иймд дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.