К.Брайант сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэх мөч ойртсоор

Twitter Print
2015 оны 08-р сар 31-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн спортын түүхэнд хэдхэн тамирчин бүх цаг үеийн тодотголтой дээд амжилтыг эзэмшдэг. Домогт К.А.Жаббар, У.Чемберлен, О.Робертсон, М.Жордан, М.Жонсон, А.Айверсон нарын үе ард үлдсэн бол өнөө цагт Л.Жеймс, Р.Уэстбрук, Э.Дэвис зэрэг тоглогчид гайхамшгийг бүтээж байна. Харин бүтэн 20 жил буюу М.Жордан, Ч.Баркли, К.Мэлоун, Т.Данкан, Ш.О’Нил, А.Айверсон, К.Гарнетт, Л.Жеймс, К.Пол, К.Дюрант, Э.Дэвис, Л.Алдриж зэрэг гурван үеийн тоглогчидтой мөр зэрэгцэн өрсөлдөж буй К.Брайант ирэх улиралд талбайд гарахаар болжээ.

Олон сая хөгжөөн дэмжигчийн хайртай сагсан бөмбөг К.Брайант өнгөрсөн улиралд NBA-д 32482 дахь оноо авч, бүх цаг үеийн түүхэнд гуравт орж ирсэн. Энэ амжилтаар өмнөө байсан М.Жорданг гүйцсэн юм. 2015-2016 оны улирлын тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд эхэлнэ. Харин “Лос Анжелес Лэйкерс”-ийн ерөнхий дасгалжуулагч Б.Скотт ахмад тоглогч К.Брайантын тухай хэлэхдээ “Кобе өөрийгөө сагсан бөмбөгт хэдийнэ 70 нас хүрсэн өвгөнтэй адил болсон гэж хэлсэн. Гэхдээ энэ бол түүний л бодол. Би ирээдүйг өөдрөгөөр харж байна. Кобе одоо байгаагаасаа илүү амжилттай тоглох боломжтой. Бас ирэх улиралд Кобе өөрийнхөө хүссэн минутаар тоглох болно. Бид хоёр зөрөлдөх үе байсан. Харин би түүний зөв байсан гэдгийг улирлын төгсөлд олц харсан. Одоо Кобе өөрийнхөө тоглох цагийг надад хэлж, би түүнийг хүссэн үед нь талбайд гаргаж, хүссэн үед нь сэлгээнд суулгах болно” гэсэн юм.

Өөрийн уран чадварлаг тоглолтоороо асар их өрсөлдөөн дундаас тодрон гарсан К.Брайант өдгөө ч “од” тамирчны зэрэглэлд явж байгаа. Нэгэн үед тоглож асан А.Айверсон, Т.МаКгрэди, В.Картер, К.Уэббер, С.Нэш, А.Брукс, Д.Мутомбо, С.Марбури Э.Жонс, А.Хьюстон зэрэг олон шилдэг сагсан бөмбөгчид аваргын бөгж зүүж чадалгүй “гайхамшигт” замналаа дуусгаж байлаа.

Кобе Брайант 1996 оны алдарт драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор тухайн үеийн “Шарлотте Хорнетс” багт ирсэн. Харин зуны солилцоо наймаагаар “Лос Анжелес Лэйкерс”-т ирсэн нь зөв сонголт болж, 2000, 2001, 2002, 2009, 2010 оны NBA-ийн аварга, 2009, 2010 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 2008 оны улирлын үнэ цэнэтэйй тоглогч, 17 удаагийн Бүх оддын тоглолтын гишүүн, 2002, 2007, 2009, 2011 оны Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ. Мөн 2006, 2007 оны улирлын онооны лидер тоглогч, алдарт “Лос Анжелес Лэйкерс” багийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч болсон юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.