Францын хоёр сэтгүүлч Марокко улсын хааныг шантаажилжээ

2015 оны 08-р сар 28-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Марокко улсын эзэн хаан Мухаммед VI-г дарамтлах замаар мөнгө олохыг оролдсон хоёр сэтгүүлчийг Францын цагдаагийнхан баривчилсан байна.

Мэдээллийн RFI агентлагаас мэдээлснээр, мөрдөн шалгалтын явцад сэтгүүлч Эрик Лоран болон Катрин Грасье нар долдугаар сарын 23-нд эзэн хааны төлөөлөгчидтэй уулзахдаа түүний нэр төрд хор учруулах баримт мэдээлэлд үндэслэсэн ном хэвлүүлэх гэж байгаа тухайгаа мэдэгдэж, хэд хоногийн дараа өмгөөлөгчтэй нь Парис хотноо уулзсаныг тогтоожээ. Харин сэтгүүлчид тухайн үед 3 сая евро өгөхийг шаардаж, эс тохиолдолд ноцтой баримт мэдээллийг олонд дэлгэх болно гэж сүрдүүлсэн аж.

Гэвч хааны бие төлөөлөгчид тэдний сүрдүүлгийг хэрэгссэнгүй, сэтгүүлчдийн балмад явдалд дүргүйцэж байгаагаа цагдаагийн газрынханд мэдэгдсэн байна. Францын цагдаа нар уг гомдлын дагуу арга хэмжээ авч, сэтгүүлчдийг хааны төлөөлөлтэй уулзаж, тэдний шаардсан хэмжээний мөнгөний урьдчилгаа өгч байгаа маягаар жүжиг тоглосны дараа баривчилсан байна.

Сэтгүүлч Эрик Лоран 1993 онд Марокко улсын урдын хаан асан Хасан II-ийн тухай ном бичиж байсан бөгөөд 2012 онд мөн Грасьетай хамтран Мухаммед VI хааны бузар булхайг илчилсэн "Араатан хаан" нэртэй ном хэвлүүлж байсан бол түүний хууль зөрчсөн олон үйлдлийн тухай дахин баримт мэдээлэл цуглуулсан байжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.