Дэлхийн II дайны төгсгөлийг эргэн дурсахад /1-р хэсэг/

Twitter Print
2018 оны 08-р сар 28-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний түүхэнд ХХ зуунд болсон дэлхийн I, II дайн гашуун дурсамж үлдээсэн. Хэдийгээр 60 гаруй сая хүний алтан амь үрэгдсэн ч тэр бүхний үр дүнд манай гараг дээр энх тайван тогтсон. Өнөөдөр дэлхийн II дайн төгсгөл болсон өдөр. Монгол улс ч энэхүү дайнд гар бие оролцон ах, дүүгийн найрамдалт ЗХУ-д зүйл бүрээр тусалсан. Мөн Холбоотон гүрнүүдийн гол дайсан Японы арми Монголын алс дорнод нутгаар халдан довтлон дайны ажиллагаа явуулахад Зөвлөлт-БНМАУ-ын хамтарсан арми тэднийг бут цохисон.

70 гаруй жилийн тэртээх үйл явдлыг эргэн дурсахад Японы эрх баригчид дэлхийн II дайны үеэр Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэстний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон БНМАУ-д довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.

Дайны эхлэл

Хэдийгээр 1939 онд Халх голд Японы арми бут цохигдсон ч БНМАУ, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны эхний хагаст 1-2 сая болгосон нь Японы бүх цэргийн 35 орчим хувь нь болж байлаа.

Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож бактериологийн дайнд ч бэлтгэсэн гэдэг. Японы армийн удирдлага 1943 он гэхэд Монгол, Зөвлөлтийн цэрэгтэй хилийн ойролцоох районд байлдах операцийн төлөвлөгөөг бэлэн болгосон. Мөн Япон нь БНМАУ-ын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан аж.

БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв. Монгол улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байжээ. 1945 оны долоодугаар сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага Наран улсад тавив.

Түүнийг Японы засгийн газар хүлээж авсангүй. Зөвлөлт засгийн газар Крымийн бага хурлаас хүлээн авсан үүргээ биелүүлэн, 1945 оны зургаадугаар сарын 5-нд, Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээг цуцалсан бөгөөд наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлав. Японы милитаризмыг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө явуулсан шударга дайнд хүн төрөлхтний нийтийн ариун үйлсэд хувь нэмэр оруулах, өөрийн орны аюулгүй байдлыг хангах, БНМАУ-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг харгалзан БНМАУ-ын Засгийн газар 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд мөн дайн зарлав.

Монгол ардын хувьсгалт цэрэг нь оперативын удирдлагын хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагад багтаж, зөвлөлтийн нэгтгэл ангиудын хамт «өмнөд бүлэг» гэгч морьт механикжуулсан группийг бүрэлдүүлсэн билээ.

Тус группт БНМАУ-ын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, шимийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ.

Тус группт бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар командалжээ. Японы эсрэг дайнд бэлтгэх ажил БНМАУ-д 1945 онд эхэлжээ. 1945 оны долоодугаар сард Х.Чойбалсан нар Зөвлөлтийн дээд удирдлагатай уулзан, дайнд хэрхэн оролцохыг урьдчилан тохирсон байжээ.

1945 оны долоо, наймдугаар сард нисэх дивиз, хуягт бригад, их буу, холбооны хороод зэрэг техникийн анги, нэгтгэлийн хүн хүч, зэвсэг техникийг өргөтгөн шинэчилж хуваарилсны дээр морьт дивиз, хороодын сэлэмт суман бүрийн галын хүчийг зузаатгасан байна. 35 хүртэлх насны идэрчүүдийг цэргийн албанд дайчлан татав. Шинэ цэргийг хүчний төвлөрөлтийн түшиц газар саадгүй хүргэх зорилгоор 22400 гаруй морь бүхий 102 өртөө байгуулж, армийн агтны тусгай дивизион, рот-отрядуудыг байгуулжээ. Ар тал, эмнэлгийн албыг бэхжүүлсэн байна.

Морьт механикжуулсан группийн бүрэлдэхүүнд орсон БНМАУ-Зөвлөлтийн цэргийн гол анги нэгтгэл 1945 оны долоодугаар сарын сүүлчээр Сайншанд, Байшинтын районд БНМАУ-ын өмнөд хилээс 90-100 км-ийн зайд жигдэрч, байлдааны бэлтгэлийг дууссан байв.

БНМАУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд нь багтаж байсан Өвөр Байгалын фронтын өмнөд бүлэг давшилтынхаа гол цохилтыг БНМАУ-ын Тамсагбулагийн районоос Их Хянганы нурууг давж Чанчунь, Мүгдэнгийн чиглэлээр хийж, фронтын бусад хүчтэй хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүрэгтэй байв.

Долоннуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд БНМАУ-ын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мөн 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв. Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэгтгэлээс бүрдсэн хоёр дахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.

Байлдааны үйл ажиллагаа

1945 оны наймдугаар сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлд давших группийн гол хүч БНМАУ-ын хилийг давав.

Мөн 10-13-ны өдрүүдэд МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар дивиз Зөвлөлтийн армийн механикжуулсан группийн хамт дайсны эсэргүүцлийг няцааж, Шеншингийн овоо, Тайпуу усны худгаас зүүн тийших газрыг эзлэн Шанага, Ар цагаан нуур, Яндуу сүм, Тасын овоо зэргийг чөлөөлж, наймдугаар сарын 13-нд Далай нуурын заагт хүрчээ. БНМАУ-Зөвлөлтийн цэрэг тэндээс 150 гаруй км үргэлжилсэн Цахарын их элсэн манхны усгүй, бартаат замыг туулж, БНМАУ-ын хилээс 450 км-т орших Долоннуур хотод тулж очив. Тэнд Япон-Манжго-гийн хамгаалалтын том хүчний шургуу эсэргүүцлийг дарж, наймдугаар сарын 16-нд Долоннуур хотыг чөлөөлжээ. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэрэг Их Хянганы нурууны хормойд хүрсэн байна. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан группийнхэн байгаль цаг уурын элдэв бэрхшээлийг туулан цааш зогсолтгүй давшжээ. МАХЦ-ийн 5, 7-р дивиз, Зөвлөлтийн цэрэгтэй хамт наймдугаар сарын 17-нд Фынин хот, 20-нд Саньчакоугийн районыг, 21-нд Луньхуа хотыг чөлөөлжээ.

Наймдугаар сарын 19-нд МАХЦ-ийн 7, 8-р дивиз Зөвлөлтийн армийн ангиудын хамт Жэхэ хотод оров. Наймдугаар сарын 20-нд Жэхэд байсан Японы цэргийн гарнизон Монгол-Зөвлөлтийн группийн командлалд зэвсгээ хураалган бууж өгчээ. Энд Япон-Манжго-гийн 8000 гаруй цэрэг офицер, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 хөнгөн танк, 300 авто машин, зэвсэг хэрэгслийн 42 агуулахыг олзолжээ.

БНМАУ-Зөвлөлтийн цэрэг Жэхэ хотыг чөлөөлж, түүний орчинд хяналт тогтоосноор Манжуур дахь Квантуны арми хойд Хятад дахь бэлтгэл хүчнээсээ таслагдаж, Өвөр Байгалын фронтын гол хүч баруун жигүүрээсээ аюулгүй болжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан группийн командлалын тушаалаар МАХЦ-ийн 6-р дивиз наймдугаар сарын 21-ний өглөө Аньзятунь хотыг дайран авчээ. Тулалдаанаар Японы 8-р явган бригадын 150 гаруй цэрэг, офицерыг буулган авч, үлэмжхэн зэвсэг хэрэгсэл, хэд хэдэн агуулахыг олзолсон байна. 6 дугаар дивиз давшилтаа үргэлжлүүлсээр БНМАУ-ын хилээс 1010 км алсалсан Губэйкоу хотын районд хүрч МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизтэй нийлэв.

Хоёр дивиз наймдугаар сарын 21-ний үдээс хойш тэрхүү хотыг чөлөөлжээ. Японы эзэн хааны 8 дугаар корпусын 31, 35 дугаар тусгай отряд, их буу, танк эсэргүүцэх их буу, минометын батарейн 1300 цэрэг офицер манай цэрэгт буун өгч, үлэмж хэмжээний зэвсэг, эд хогшил, галт хэрэгслийн агуулахыг олзолсон байна.

5, 6 дугаар морьт дивиз бусад ангийн хамтаар дайсны үлэмжхэн хүч бөөгнөрсөн Миюнь хотын зүг давшилтаа үргэлжлүүлэн VIII сарын 22-нд уг хотод тулж очсон юм.

Харин энэ үеэр Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн цэргийн Мото механикжуулсан анги нэгтгэл, наймдугаар сарын 9-ний үдэш Замын-Үүдээс хөдөлж, Япон-Өвөр Монголын цэргийн анги салбарыг устгаж, мөн шөнө Цагаан овоо суманд хүрчээ.

Цааш давших замдаа Нянзан хотыг эзлээд улмаар наймдугаар сарын 11-нд Монголын хилээс 200 гаруй км-ийн зайд орших Баруун Сөнөд, Вангийн хүрээг чөлөөлөв. Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүч цааш давшиж, тус улсын хилээс 300 шахам км алсад орших Завсар (Чансыр) хотыг наймдугаар сарын 13-нд эзлэн авч улмаар тус хотоос 113 км-т орших 95 мянган хүнтэй Жанбэй хотыг мөн сарын 18-нд дайран эзэлжээ.

Дүүрэгтээ цэргийн хэд хэдэн хотхон, нисэх онгоцны буудалтай, цэргийн хуаран, аж үйлдвэрийн газар, цахилгаан станц, радио станц, авто машины засварын газар бүхий олон замын уулзвар зангилаа Жанбэй хотыг авснаар Монгол-Зөвлөлтийн цэрэг Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очив. БНМАУ-ын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн чухал түшиц газар, байлдааны бат бэх бэхлэлт бүхий район байв.

Энд Японы империалистууд 1935-1940 онд 40 000 хятад иргэнийг дайчлан ажиллуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулемётын галын цэг байрлуулснаас гадна тухайн цагтаа сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулахын олон барилга байгууламжтай байжээ. Бэхэлсэн районыг хоёр давхар төмөр утсан тор, танк эсэргүүцэх өргөн, гүн шуудуугаар тойруулан нэвтрэх сүв, хажуугаар гарах замыг минажүүлсэн байжээ.

Япончууд энэ бэхлэлтээ «давагдашгүй цайз» гэж үзэж байв. Жанчхүүгийн давааны бэхэлсэн районыг эзлэн авах байлдааны үүрэг Зөвлөлтийн 27 дугаар мото буудлагын бригад, МАХЦ-ын 7 дугаар мото механикжуулсан хуягт бригадын дайчдад оногджээ. Наймдугаар сарын 18-нд Монгол-Зөвлөлтийн армийн анги дайсны хүчийг туршин байлдаж бэхлэлтийн зохион байгуулалт, галын гол цэгийг илрүүлсэн нь тулалдааны цаашдын амжилтад чухал тус болжээ.

Үргэлжлэл бий...

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.