Ж.Энхбат: Зорчих эрхийн тасалбар аваагүй тохиолдолд 5000-30000 төгрөгөөр торгоно

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа.

-“Оюутан тээвэр-2” арга хэмжээ хэзээнээс эхлэн зохион байгуулагдсан бэ?

-“Оюутан тээвэр-2” арга хэмжээг 2015 оны 8-р сарын 12-ноос эхлэн зохион байгуулсан. Цаашид 9-р сарын 05-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулна. Шалгалтын үеэр Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтэс, Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч, автовокзалын дарга, менежер, тээвэр зохицуулагч нар ажиллана. Бид бүхэн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна.

-Шалгалтын үеэр ямар зөрчил дутагдал их ажиглагдаж байна вэ?

-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд илэрч байгаа зөрчил дутагдлуудаас нэрлэвэл зарим чиглэлд ээлжийн жолоочгүй явж байна, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Зөвшөөрөлгүй, хууль бус тээвэрлэлт мөн маш их байна. Энэ нь иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд зорчих эрхэнд халдаж байгаа юм. Том оврын автобусаар 8 цагт туулах замыг 3 цагт амжиж очно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж байна. "Оюутан тээвэр-2" нэгдсэн хяналт шалгалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 8851 тээврийн хэрэгсэл шалгаж 1136 зөрчил илрүүлсэн байна.

-Дээрх илэрсэн зөрчил, дутагдлуудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хүртэл арга хэмжээ авч байна. Зорчигчдод мөн зөвлөхөд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлд суусан болон зорчих эрхийн тасалбараа аваагүй тохиолдолд 5000-аас 30000 хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Иймд өөрсдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлөө бүрэн хангах зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсье.

Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хэлтсийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Ч.Мөнхтөгсөөс мөн тус шалгалтын талаар нэмэлт тодруулга авлаа.

-Шалгалтын явцад ямар зөрчил дутагдал илэрч байна вэ?

-Шалгалтын явцад орон нутгийн замд жолооч нар маань тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг олон зөрчил дутагдал гаргаж байна. Энэ бүх зөрчил дутагдлууд зөвшөөрөлгүй тээвэр олон байгаатай холбоотой байна. Бид бүхэн тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Орон нутгийн зам сайжирсан хэрээр жолооч нар маань хурд хэтрүүлэх хандлага ажиглагдаж байна.

-Одоогийн байдлаар шалгалтын явцад ямар үр дүн гарч байна вэ?

-Шалгалт үргэлжилж буй хугацаанд шалгалтын ойр орчимд, орон нутгийн зам дээр зам тээврийн осол харьцангуй багасч, жолооч нарын хариуцлага өндөрсч байна. Бид бүхэн цаг үеийн байдалтай холбогдуулан цаашид “Ургац” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (112.72.13.232) 2015-08-27 17:42
      • 0
      • 0

      shaa lalaraa

      Хариулах

    • hilen

      (202.21.120.158) 2015-08-27 15:07
      • 0
      • 0

      Zuvshuurulgui mashind suuval torgono ch geh shig zam saijirlaach geh shig saijirsan zam haana bga yum nul evdrel nuhuus ene arai heterch bnaa nerteegeer ni idej uugaad baaj sheehiig ni hurtel huulichilaad ugchuusuu muu buusnuud

      Хариулах