Хятадууд Мао Зедуны 120 жилийн ойг тэмдэглэлээ

Хятадын их удирдагч агсан Мао Зедун мэндэлсэний 120 жилийн ойг БНХАУ-ын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өчигдөр Мао Зедуны төрөл төрөгсөд, ойр дотныхон бунханд нь очиж, уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлжээ. Ойн баярыг тохиолдуулан Хятадын Коммунист нам баярын хурал хийж, Ши Жинпин үг хэлэв. Түүнчлэн Маогийн төрсөн нутагт ёслолын ажиллагаа нэлээд нижгэр болж байна. БНХАУ-ын Засгийн газар ойн баярын үйл ажиллагаанд хоёр тэрбум юань зарцуулжээ. 

Тодруулбал, Хятадын 20 уран барималчаас бүрдсэн баг Хятадын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн дарга Мао Зедуны 120 насны ойд зориулж, алт, хаш чулуугаар урласан хөшөөг босгосон байна. 

Уран бүтээлчид 100 сая юанийн үнэтэй хөшөөг найман сарын турш урласан бөгөөд уг хөшөө 32 инч буюу 81,28 см өндөр гэнэ. Хятадууд Мао Зедуныг БНХАУ-ыг үндэслэн байгуулагч гэж үздэг учраас хүндэлдэг хүмүүс олон байдаг юм. Хөшөөнд Мао Зедуныг сандал дээр хөлөө ачин сууж байгаагаар дүрсэлсэн байна.

Алтан хөшөөг цагаан хаш суурин дээр тавьсан байна. Олон уран барималчийн хөдөлмөр шингэсэн хөшөөг Хятадын Шэньжэн хотод олон нийтэд үзүүлэхээр тавьсан байна. Энэ хот нь хэдхэн жилийн хугацаанд загасчны жижигхэн тосгоноос цэцэглэн хөгжиж байгаа том хот болсон аж. Мао Зедун 1893 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хунань мужийн Шаошань гэдэг тосгонд төржээ. Мао Зедуны аав Мао Ичан ширүүн ааш араншинтай хүн байсан бол ээж нь Буддын шашин шүтдэг зөөлөн хүн байжээ. Бага залуудаа Коммунист намын гишүүн болсон Мао Зедун 1943 онд БНХАУ-ын орлогч дарга, Коммунист намын нарийн бичгийн дарга болж, 1949 оноос Хятад улсыг удирдаж эхэлжээ.

Мао Зедун

Мао Зедун Хятадын коммунист намыг толгойлж дэлхийн том гүрэнд гарсан гүн гүнзгий өөрчлөлтийг 27 жилийн турш удирдсан билээ. 1893 онд Хунань мужийн Шаошан тосгонд чинээлэг тариачны гэр бvлд төржээ. Тvvнийг 1911 онд 18 настай оюутан байх vед Хятад улсыг ХVII зууны үеэс захирч байсан Цин угсааныхны эсрэг бослого дэгдэж Засгийн газар нь огцорч Хятад орон Бүгд найрамдах улс болжээ. Гэвч хувьсгалын удирдагчид тогтвортой, нэгдсэн засгийн газар байгуулж чадаагүйгээс 1949 он хvртэл эмх замбараагүй байдал, дайн тасралтгүй үргэлжилжээ.

Залуудаа зүүний үзлийг баримталдаг байсан ч 1920 онд марсист болж, 1921 онд Хятадын коммунист намыг анх үндэслэсэн 12 хvний нэг байжээ. Гэвч эрх мэдлийн оргилд хүрэх түүний замнал урт удаан хугацаанд үргэлжилж, 1935 онд сая нэг намын удирдагч болжээ.

Тэр үед ХКН төрийн эрх мэдлийн, төлөө тэмцэлд амжилттай оролцож, 1927, 1934 онуудад хэд хэдэн хүчтэй цохилт амссан ч тухай бүр сэхэж байжээ. 1935 оноос хойш ХКН Мао Зедуны удирдлага дор улам бэхэжсээр 1947 он гэхэд Чан Кайшигээр удирдуулсан үндэстний үзэлтнүүдийн намын эсрэг ил дайтах нэр хүнд, хүчтэй болсон байв. Тэд 1949 онд ялалт байгуулж эх орон даяараа хяналт тогтоож чадсан байна.

Мао Зедун намын даргын хувьд удирдах болсон Хятад улс нь тэр үед гучин найман жил бараг тасралтгүй үргэлжилсэн дайнд сүйдсэн, хэдэн зуун сая бичиг үсэггүй тариачдын нэн ядуу, хоцрогдсон орон байлаа. Мао ч энэ үед 56 настай, үйл ажиллагааных нь оргил үе өнгөрсөн мэт сэтгэгдэл төрж байлаа.

Үнэндээ бол Мао Зедуны асар их үйл ажилллагаа дөнгөж эхэлж байсан бөгөөд түүнийг 1976 онд нас барах vед түүний явуулсан "бодлогын үр дvнд Хятад орны нүүр царай танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байлаа. Тэрхүү бодлогын гол агуулга нь улс орны шинэчлэл байв. Хятад оронд түргэн хугацаанд аж үйлдвэржүүлэх бодлогыг ард түмний эрүүл мэндийг хамгаалах, боловсролын тогтолцоог шинэ шатанд гаргах чиглэлтэй нэгэн зэрэг хослуулан хэрэгжүүлсэн байв.

Г. Ганаа

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.