
Өчигдөр өглөө босоход минь Сиэтлд анхны цас орсон байв. Санаа дагаад ч тэр үү, агаар нь нэг л тийм сэнгэнэсэн үнэртэй байх шиг. Газраар нэг хөглөрөх элдвийн зүйлийг дарж орхисон цав цагаан цас, орчлонгийн бүх зүйлсийг зөвхөн цасан цагаан өнгөөр л гэрэлтүүлнэ. Моддын мөчир дээр буусан цасыг мөчир нь дааж ядах мэт гудайсан байх нь хайрласандаа болгоомжилсон сэтгэл мэт. Яг л нуруун дээр нь үүргэлж байгаад унтсан хүүхдээ сэрээхгүй гэсэндээ болгоомжтойёо бөхийх аавын хайр мэт. Нарны бүлээхэн туяанд захаасаа бага зэрэг хайлмагтан урсахдаа газар уналгүй мөчир дээр тогтон бөнжийх сувд мэт дуслууд нь хайрын нулимс мэт. Өөрийн төрүүлсэн хүүхдээ хайрлаж өхөөрдсөн сэтгэлээр харахдаа өөрөө мэдэлгүй уярч, сэтгэлийн чанадаас урссан ээжийнх нь хайр нулимс болон аньсага дээр тогтох мэт.
Хүн болгон сэтгэлдээ өвлийн жаврыг халган халгаж хүлээх авч, өвлийн анхны цаснаар бүгдээрээ л баярлацгаадаг. Тэнгэрээс лавсан орох цасны гоёмсог ширхэг болгон нь агаарт хөгжилтэйёэ бүжиглэх нь бидэн дээр унах тэнгэрийн хайр мэт. Нүүрэн дээр, толгой дээр, гаран дээр, хувцсан дээр минь зөөлнөөр буух цасан ширхгүүд нь буунгуутаа хайлан урсаж норгох нь, намайг хайрласандаа илбэх бүсгүй булбарай гар мэт. Хэн нэгний намайг хайрласан хайр нь миний хувцас болон бүх биед минь шингэж урсах мэт. Цасан ширхэгүүдийн тэртээгээс бүүдгэрхэн харагдах нарны гэрэл, надаар тохуурхаж "хааяа ч болов ертөнцийн ер бусын гайхамшигийг мэдэрч бай" хэмээн анивчих мэт. Газар дээр бууж улам улмаар хунгарлах цасан дунд алхахуйяа, гишгэсэн газар бүрд "чихар чихар" дуугарах нь ертөнцийн нэгэн содон аялгууг надад сонсгоно. Гишгэсэн газарт өмссөн гутлын улны хэвээр үлдэх мөр болгон өнгөрүүлсэн цаг мөч, амьдралын хэмнэлээ эргэн харж байхыг сануулах мэт. "Юу ч билээ" гэж заримдаа эргэцүүлэн бодно.
Энэ гариг ертөнцийн булан тохой болгонд цас ордоггүй л дээ. Зарим хүмүүс "цас үзэх сэн" гэж мөрөөдөж байхад, цасан дээр хөөцөлдөж гүйн, бие биенээ цасаар шидэн тоглох бид, энэ тухай огт бодож үзээгүй. Ирэх л ёстой улирал, даарах л ёстой тавилан, элээх учиртай мөчүүд. "Өвөл болох нээ, даарна даа. Яажшуухан онд орно доо" гэх зэвэргэн бодол анхны цаснаар ор мөргүй арилдаг. Жаварт даарсандаа үл ялиг улайх бүсгүйн хацар энэ ертөнцийн гоо сайхныг бэлэгддэг. Жавар сөрж алхах эршүүд алхаа, зовлонг сөрж давах ухаарлыг бидэнд сануулдаг. Даарч яваад дулаахан гэртээ орохдоо өөрийн гэр бүлээ хамтад нь хайрлах, тэдэнтэй хамтдаа байгаа аз жаргалыг мэдрэхэд тусалдаг. Тэгэхээр өвлийн улирал сайхан шүү. Сэнгэнэсэн агаарт цуурайтах дуу нь хүртэл цээлхэн. Өдөр болгон цасан дунд алхахдаа гишгэсэн мөр болгоноо эргэн харж, чахрах чимээг нь сонсохдоо өөрийн амьд байгаагаа мэдэрнэ. Тэгэхээр бид их азтай хүмүүс. Чухам өвлийн энэ өдрүүдэд мансуурсан жаргалаасаа түр холдож, ертөнцийн жамын тухай эргэцүүлж нэг боддог. Даарна гэдэг чинь нэг л гоёхон мэдрэмж.Бие биенийхээ гарыг атгаад л халуун амьсгаагаараа дулаацуулдаг, тийм л агшин.
Сиэтлд өглөө орсон цас, өндөр уулсын оройд тулах үүлсээс бороо болон зүсэрч, мөнөөх цасыг хайлуулан урсгана. Жаахан гунигтай хэрнээ гоё ч юм шиг.
Г.Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.