Испани улс түүхэнд шинэ хуудас нээлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шинэ улирал удахгүй эхэлнэ. 2015-2016 оны улиралд 22 баг шууд оролцох эрхээ авсан. Харин үлдсэн 10 багийг сонгон шалгаруулалтаар тодруулах билээ. Нийт дөрвөн шаттай явагдсан урьдчилсан тэмцээний сүүлийн даваа энэ өдрүүдэд болж байна.

Сүүлийн шатанд үлдсэн 20 баг хоорондоо тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авна. Урд шөнө эхний хариу тоглолтууд болоход Хорватын “Динамо Загреб”-Албаний “Скендербеу”-г 4:1 (хоёр тоглолтын нийлбэр дүн 6:2 болж, “Динамо Загреб” хожсон), Шведийн “Мальмё”-Шотландын “Селтик” 2:0 (4:3 “Мальмё” хожсон), Францын “Монако”-Испанийн “Валенсиа” 2:1-ээр (4:3 “Валенсиа” хожсон) хожиж, Швейцарийн “Базель”-Изралийн “Маккаби” 1:1 (3:3, айлын талбайд оруулсан гоолын зөрүүгээр “Маккаби хожсон”), Украйны “Шахтёр”-Австрийн “Рапид Вена” 2:2-оор (3:2-оор “Шахтёр” хожсон) тэнцсэн юм.

Харин өнөө шөнө Киприйн “АПОЭЛ”-Казахстаны “Астана”, Беларусийн “БАТЭ”-Сербын “Партизан”, Италийн “Лацио”-Германы “Байер Ливеркузен”, Английн “Ман.Юнайтед”-Белгийн “Брюгге”, Португалын “Спортинг”-ОХУ-ын “ЦСКА Москва” багуудын хариу тоглолт болно.

УЕФА (Европын хөлбөмбөгийн холбоо) энэ улирлаас “Аваргуудын лиг”-т нэг улсаас таван баг оролцох боломжийг гаргаж өгсөн. Энэ нь Европа лигт түрүүлсэн баг дараа улирлын “Аваргуудын лиг”-т шууд оролцох эрх олгосон аж. Энэхүү шийдвэрийн анхны азтан нь Испанийн “Севилья” болсон. Иймд Испаниас “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”, “Барселона”, “Севилья” шууд эрхээ авсан бол урд шөнө “Валенсиа” өрсөлдөгчөө хожиж, тус улсын таван баг ирэх улирлын “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатанд тоглох эрхтэй боллоо.

Испани улс нь Европт олон зүйлээр анхдагч болсон. Эзэн хааны “Реал Мадрид” 1955-1956 онд анх зохиогдоход түрүүлж байсан бол Испанийн хоёр баг анх удаа шигшээд шалгарч байлаа. 1999-2000 оны улирал “Реал Мадрид”-“Валенсиа” финалд үлдсэн. Тэдний дараа 2002-2003 оны улиралд Италийн “Милан”-“Ювентус”, 2007-2008 оны улиралд Английн “Ман.Юнайтед”-“Челси”, 2012-2013 оны улиралд Германы “Бавари Мюнхен”-“Боруссия Дортмунд” шигшээд шалгарсан. Мөн Испанийн хоёр баг 2013-2014 оны улиралд хоёр дахь удаагаа шигшээд шалгарч бас нэг анхдагч нь болж байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.