УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хорих газарт хүлээлт үүсээд бүтэн сар гаруй болж байна

Twitter Print
2015 оны 08-р сар 25-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

-Хорихтой холбоотой асуудлаа нэн даруй шийд-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүнийхээ хувьд болон УИХ-ын хуулийг хэрэгжүүлэх комиссын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл өглөө.

О.Баасанхүү гишүүн, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.3 гээд заалт байдаг. Тэр заалтад, “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхцвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж байгаа. Тэгэхээр аравдугаар сарын 01 хүртэл, магадгүй цаашлаад ажлын 10 хоногт шийднэ, нам, эвслүүд завсарлага авах эрхээ эдлэх юм бол арваннэгдүгээр сар хүртэл сунжрах төлөвтэй байна. Ингэж сунжрах тохиолдолд энэ зун Өршөөлийн тухай хуулийг батласны утга алдагдана. Өршөөлийн тухай хуулиар суллагдах хоёр, гурван мянган хоригдлыг 21 аймгаас авчрах, ажлын хэсгийн комисс гарах гээд нэлээд ажил болно. Өнөөдөр цаг алдаж байгаа нь Өршөөлийн тухай хууль хэвийн үргэлжлэхэд нэлээд том гацааг үүсгэж байна гэх санаа зоволт байна гэсэн юм.

Мөн “Эрүүгийн хууль 304 зүйлтэй. Тэдгээр зүйлийн 227 нь гэмт хэргийн зүйчлэл байдаг. Үүнээс 191 зүйчлэлийг нь өршөөлд хамруулж байгаа юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч 4.1 болон долдугаар зүйл дээр хориг тавьсан” гэж хэллээ.  

4.1 гэдэг нь шоронд хоригдож байгаа хүмүүс, долдугаар зүйл гэдэг нь мөрдөн байцаалтад байгаа хүмүүс аж.

“Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичгийг нь үзвэл долоон зүйлийг есдүгээр зүйлд оруулах хүсэлтэй байна гэж УИХ-д чиглэл өгсөн маягтай байна билээ. Ерөнхийлөгч чиглэл өгдөггүй. Хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төслөө санаачлаад явна биз. Хоригийг авах уу, эс авах уу гэдгийг УИХ шийддэг” гэж тэрээр нэмж хэллээ.

Тэрээр цааш нь “4.1 заалт хэрэгжихгүйгээс 191 зүйчлэл дотор нь Ерөнхийлөгчийн хэлдэг "цагаан болон бор арьстан"-ууд багтаж байгаа. Ерөнхийлөгч хүмүүсээ хар, бороор нь ялгачихсан. Тэгэхээр хорих газарт хүлээлт үүсээд бүтэн сар гаруй болж байна. Бид өршөөлд орох юм уу, орохгүй юм уу. Юу болоод байна вэ гэх хүсэлт, гомдол, саналууд өдөр бүр Өргөдлийн байнгын хороонд ирж байна. Тийм учраас ард түмний дуу хоолойг дамжуулах ёстой” гэлээ.

Сунжрах тусам нийгмийн хүлээлт үүсгээд байгаа тул энэ асуудлыг хурдхан шийдэх ёстой. ШШГЕГ одоогийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт зарлачихсан байгаа байх. Ингээд яваад байвал эргэлт тойролт авахаас эхлээд хоригдлууд болон ар гэрийнхэнд хүндрэл үүснэ гэж үзэж байгаа аж.

“Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хийхгүй гэж мэдэгдсэнээс болж Монгол Улсын иргэд хохирох ёсгүй. Ерөнхий сайд аль нэгэн намаас нэр авч, сайд болгохоор заавал оруулна гэсэн хуулийн заалт байхгүй. Огцорсон Засгийн газар дээр харилцаа үүсээд байгаа юм биш. Засгийн газрыг бүрдүүлэхэд олонх болсон нам, олонх болоогүй аль нэг намтай эвсээд явдаг. Тэгэхээр Засгийн газар огцроогүй, Засгийн газар бүрдчихсэн гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлнэ гэдэг учраас Ерөнхий сайд нэрээ оруулж ирэх ёстой. Сайд нарын нэрээ оруулж чадахгүй бол кабинетаа бүрдүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор зарласантай адил гэж үзэх ёстой. Тэр утгаараа огцрох ёстой. Огцорч байгаа тохиолдолд намууд хариуцлагаа үүрэх, хоорондоо зөвшилцөх,  эвслийн засгаа байгуулах асуудлаа ярина. Монгол Улсын Ерөнхий сайдад бүх эрх мэдэл байхад намууд ойлголцохгүй байна гэсэн байдлаар арчаагүй царайлна гэдэг үнэхээр гутамшигтай” хэмээн Ерөнхий сайдыг хатуухан шүүмжиллээ. 

О.Баасанхүү гишүүн, “Өвлийн бэлтгэл эхлэх гэж байна. Хууль зүйн сайд нь Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгэн ажиллана гэдэг амар зүйл биш. Ихэнх сайд гурван давхар дээлтэй болчихлоо. Хүн ер нь гурван ажил зэрэг хийх чадвартай гэж би л лав мэдэхгүй. Монгол төрийн ажлыг ингэж завхруулж, чадамжгүй болгохоо болих хэрэгтэй. Тиймээс хамгийн түрүүнд Өршөөлийн тухай хууль, тэр дундаа хорихтой холбоотой асуудлаа нэн даруй шийдэн даргын зөвлөлийн хурлаараа оруул” гэж байв.  

Гурван давхар дээлийг нь засгийг хямралд оруулахгүйгээр цөөлж, хүн бүрт өөрийнх нь хариуцлагыг үүрүүлэхгүй бол намрын бэлтгэл хаяанд ирлээ. Өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй гэж ард нийт ярьж байгаа үед хариуцлагагүй байж болохгүй. Албан тушаал эрх мэдлийн төлөө ард түмнээ золиослохоо болиоч гэж бас тэр уриалсан юм.

Ингээд түүнээс зарим асуулт тавих боломж олдсоноо доор сийрүүлье.

-Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэхгүйгээр Өршөөлийн тухай хуулийн хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулган зарлаж болох уу?

-УИХ-ын 76 гишүүнийг дуудах үндэслэл байх ёстой. Тэр утгаараа боломж байна. Гэхдээ сайд нараа томилохгүй байх шалтгаан алга. Ерөнхий сайд 30 хоногийн дотор кабинетаа оруулж ирэх тул есдүгээр сарын зургаан гэхэд кабинетаа бүрдүүлэх ёстой. Түр чөлөөлөгдөн орны сайдыг томилох дээр тодорхой хугацаа байдаг. Хэн нэгэн сайдыг огцруулсны дараа нөгөө сайдыг 30 хоногийн дотор оруулна гэсэн хатуу заалт байхгүй. Хуулиндаа тодорхой бичигдээгүй ч төрдөө тангараг өргөөд, улс орныхоо төлөө ажиллана гэж ард түмэндээ амлалт өгчихсөн байж намын доторх фракцын зөрчил гэж ярих нь ухамсрын хувьд байж болохгүй. Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байх ёстой. Хамт ажиллаж чадна гэвэл хэн ч байсан оруул.

1990 онд ардчилал хийхдээ нам төвтэй төрөөс, төр төвтэй нам руу шилжие гэсэн уриагаар л хувьсгал хийсэн. Одоо эсрэгээрээ нам, төрийг хослон баригч болох гэж жүжиглэхээ болих хэрэгтэй.

-Эвслийг бүрдүүлж байгаа хоёр нам сайдаа тохирч чадсан уу?

-Намыг эсвэл эвслийг төлөөлж ярьдаг хүн би биш. Хов живийн шинж чанартай зүйл албан ёсны байр суурь болохгүй. Өөрсдөөс нь асуу.

-Ээлжит чуулганы үеэр 30 хоногийн гэх хууль үйлчилнэ, ээлжит бус чуулганы үеэр үйлчлэхгүй гээд байгаа?

-Хууль тийм үед үйлчилнэ, үйлчлэхгүй гэсэн заалт байхгүй. Ээлжит бус чуулган ээлжит чуулгантай адил чуулган. Ээлжит чуулганаар ийм асуудал, ээлжит бус чуулганаар тийм асуудал хэлэлцэнэ гэсэн зохицуулалт байхгүй. 3/2 нь эсвэл Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч санал гаргавал ээлжит бус чуулганыг зарлуулдаг. Чуулган зарласан л бол ямар ч сэдвээр зарлаж болно.

УИХ-ын дарга Өршөөлийн тухай хуультай холбоотой асуудлыг цэгцлэхгүй бол 190 зүйчлэл буюу өнөөдөр хийж байгаа шүүх хуралд асуудал үүснэ. Тэр нь сэжигтэн болон яллагдагчид хөнгөрүүлсэн хуулийн заалт байвал шүүгдэгчид тэр хөнгөрүүлсэн заалтыг хэрэглэх. Энэ зүйчлэл дээр байгаа зүйл хоригоос болоод гацаанд орон хүний эрхийг дордуулж байна. Ийм байдал үргэлжилбэл Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн орон уу, эрх мэдэл, албан тушаалыг нэгдүгээрт тавьдаг орон уу гэх ойлголт гарах болно.

-“Төрийн мэдээлэл” сэтгүүлд Өршөөлийн тухай хууль нийтлэгдсэн. Одоо хэрэгжих эрх зүйн боломж нээлттэй юү. Хориг тавьсан заалтуудаас бусдыг нь хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн үг үү?

-“Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 31 дэх дугаарт нийтлэхдээ, УИХ-ын тухай хуулийн 43.3-т заасныг үндэслэн хориг тавьсан гэж зааж өгсөн.

43.3 дээр “Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж байгааг нь түдгэлзсэн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 191 зүйчлэлийг өнөөдөр түдгэлзээд хэрэгжүүлэх боломжгүй байна.

5.1 гээд заалт хоёр жилээр таслана. 9.1 заалт нэг ч жил, нэг ч сар хасахгүй. Тэгэхээр 84 зүйчлэлийн хэргийг хоёр жилээр хасч, 191 зүйчлэл ажиллах боломжгүй болчихоод байна. 29 зүйчлэлийн нэг ч зүйлийг хасахгүй. Хориход байгаа нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтад байгаа нэг ч хэрэг Өршөөлийн тухай хуулиар чөлөөлөгдөхгүй байна. Ерөнхийлөгч долоон зүйл ангиар бичиг явуулсан байна билээ. Тэгэхээр 191-ээс долоог хасахаар хэд юм бэ? 184 зүйл ангийг нь одоо хэрэгжүүлээд явмаар байна. Гэтэл 4.1 гээд биччхсэн болохоор гацаанд орчихоод байгаа. Өршөөлийн тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.