Охиныг гадны нөлөөнөөс болж нас бараагүй гэсэн шүүхийн шинжилгээний асуудалд төр анхаарлаа хандууллаа

Twitter Print
2013 оны 12-р сар 26-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Найз залуудаа 48 цагийн турш зодуулж харамсалтайгаар амь насаа алдсан Б.Цэдэн-Иш охины ар гэрийнхэн болон өмгөөлөлч Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэргийн талаар болон шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтийн талаар  олон нийтэд  мэдэгдэл хийсэн билээ.

Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг өмгөөлөгч, хүний эрхийн хуульч М.Ичинноров тайлбарлахдаа, Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр охиныг гадны нөлөөгүй, хүндэвтэр гэмтлээс болж нас барсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрхөд учир дутагдалтай. Хэний ч нүдээр харсан хүчирхийлэлд өртөж, маш хүнд гэмтэл авч нас барсан байхад ингэж дүгнэлт гаргасан нь илт сэжигтний талд үйлчилсэн гэж харж байгаа. ШШҮХ-ийн 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ны 1950 тоот дүгнэлтийг үзэхэд “Цөсний цоргоны үрэвсэл”, элэгний үхжилт зэрэг нь үхлийн шалтгаан болсон гэж үзсэн. Мөн биед гарсан цус хуралт, хөхрөлт зэргийг дутуу дүгнэсэн, элэг задарч оёдол тавьсан байхад тэр талаар тодорхой дүгнэлт бичээгүй, гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийх явцад цөсийг авсан байхад, цөсний хүүдий цоороогүй зэрэг худал дүгнэлт гаргасан нь анх гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очиход хүлээн авч эмчилсэн эмч Цэдэн–Очир эмчийн дүгнэлтээс эрс зөрж байгаа гэдгийг хэлж байсан.

Шүүхийн шинжилгээний хариу хэрэгтний талд гарсан нь тухайн хэрэгтнийг тэнсэн харгалзах ялтай болгох боломжтой болгож байна гэсэн үг. Иймээс шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй шинжилгээ хийсэн эмч Энхбаяр, Чулуунцэцэг, Ганбат нар нь сэжигтний талаас авлигал авсан байж болзошгүй гэж үзэж байгаа тул АТГ-т шалгаж өгөх хүсэлтийг явуулжээ. Түүнчлэн шинжээчдийг дахин томилж, шинжилгээг үнэн зөвөөр гаргаж өгөхийг Прокурорын байгууллагад сануулж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавих хүсэлтийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гаргаснаа дуулгасан.

Г.Алтанхүүгийн гэм буруутайг нотлох хангалттай нотлох баримт бий. Гэхдээ энэ нь мөрдөн байцаалтын нууцтай холбоотой тул задлах цаг нь арай болоогүй. Энэ хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэхээс хууль хяналтын байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын хэр шударга ажилладаг нь олон нийтэд харагдах болно. Нөгөөтэйгүүр манай улсын нийгмийн "хорт хавдар" болсон гэр бүлийн хүчирхийлэлтэй идэвхитэй тэмцэхэд энэ хэрэг хүчтэй түлхэц өглөө гэж онцолж байсан.

Мэдэгдэл хийх үед талийгаачийн аав, нагац эгч нар ирсэн бөгөөд хэргийн талаар дараах тодруулгыг авснаа хүргэе. 

Талийгаачийг эмнэлэгт хүргэгдэхэд анх очиж, биеийн байдлыг өөрийн нүдээр харсан  нагац эгч Д.Сүрэнхорлоо:

-Анх таныг очиход хохирогчийн биеийн байдал ямар байдалтай байсан бэ? Эмнэлэгт хүргэж өгсөн хүн нь байсан уу?

Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэнийг нь мэдээд би өглөө есөн цагт очсон. Намайг очиход дүү маань хамаг бие нь хөх няц болчихсон амьсгалын аппараттай сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Үнэхээр нүд халтирам, нүүр, эрүү дал нь зүссэн сорвитой, нуруу хонгоны хэсэг, гуя нь хөхөрч нөжирсөн байдалтай байсан. Эрүүл саруул охин гэнэт ийм болсонд нүдэндээ ч итгээгүй, босоод ирэх юм шиг санагдсан. Тухайн үедээ юу ч хийх учраа олохгүй үнэхээр балмагдсан. Хүргэж ирсэн хүн нь гээд нэг хүүхэн үүдэнд зогсож байхаар нь миний дүүг хэн ийм болгосон юм гэхэд “найз” нь гэж хэлсэн. Тэр хүн нь хаана байна гэхэд байгаа, байгаа гээд л байсан. Тэр хүүхэн Алтанхүүгийн үеэл эгч Болормаа гэж хүн байсан. Тэгээд тэр ээж дүү хоёрыг нь дуудсан. Ээж нь ороод ирэхээр нь би “Танай хүү миний дүүг ямар болгосныг орж хараач” гэхэд "би хараад яахав дээ" гэж хэлсэн. Миний дүү эрүүл саруул охин байсан. Тиймээс тэр хүний гарт амь эрсдсэн гэдэгт итгэлтэй байна. Дөнгөж амьдралд хөл тавиад 21-хэн насандаа хорвоог орхисонд үнэхээр харамсалтай байна. 

-Талийгаач бүсгүйг нас барахаас нь өмнө өөр эмнэлэгт үзүүлсэн талаар  ярьж байсан. Энэ талаар та олж мэдсэн үү?

Энэ талаар Болормаагаас асуухад бидэнд олигтой юм яриагүй, утасны цаанаас хальт "Хатагтай" гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь "Хатагтай" эмнэлэг дээр очиж, үзүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хайж үзэхэд дотрын ЭХО оношлогоонд үзүүлсэн байсан. Түүнээс өмнө Сүхбаатар дүүргийн эмнэлэгт очиж “томографт” харуулсан юм байна лээ. Энэ хоёр эмнэлэгийн шинжилгээгээр “Хэвлийн дотуур гэмтэл“ гэсэн онош тавигдсан байсан.

-Талийгаач найз залуутайгаа хамт амьдраад хэр удаж байсан юм бол? Зодуулж байсан талаараа та нарт хэлж байгаагүй хэрэг үү?

Хамт амьдраад их удаагүй. Долоон сараас хойш нөхөрлөж, хамт амьдарч  байсан юм байна лээ. Зодуулж, дарамтлуулдаг талаар бид бараг юу ч мэдээгүй, өөрөө ч бидэнд хэлддэггүй байсан. Ямар их дарамталдаг болоод бүхнийг нуухав дээ. Найз нараас нь сонсоход өмнө нэлээд хэдэн удаа зодож байсан гэдгийг бидэнд хэлсэн. 10 сард хоёр хавиргыг нь хүртэл хугартал зодсон юм билээ. Танихгүй дугаар утсан дээр нь байвал энэ хэн юм гээд л хардаад зоддог байсан гэсэн.

Бүх зүйл бидний нүдэн дээр ил байхад шүүх эмнэлэгийн хариу худлаа гарч байгаад үнэхээр харамсаж байна. Миний дүү тэр хүний гарт амиа алдсан гэдэгт итгэлтэй байна.

Хохирогчийн аав Г.Бадрах:

Алтанхүүтэй би уулзах нь битгий хэл утсаар ч бараг ярьж байгаагүй. Охин маань утсаар ярихаараа найз залуутайгаа хамт амьдарч байгаа л гэдэг байсан. Хэрэг гарсанаас хойш тэдний талаас хэн ч надтай ирж уулзаагүй. Ядахад худлаа үнэн ч гэсэн ирж уучлалт гуйж болно шүү дээ. Би утасдаж охиныхоо хувцас, гар утсыг нь авъя гэхэд таг болчихсон. Цэцэг цэврүү шиг ганц охиноо хүний гарт алдсандаа үнэхээр итгэж чадахгүй байна. Ээж нь сэтгэл санаагаар унаад их хэцүү байгаа гэлээ. 

Манай улсад 2013 онд 2,000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Нэг хүний цаана  нуугдмал хүчирхийлэлд өртсөн наад зах нь арван хүн байна гэж тооцвол энэ тоо 23 мянга болж байгаа талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна” илтгэлдээ дурдав.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 43 эмэгтэй амиа алдсан байна. Түүнчлэн хөдөө бөглүү газарт олон эмэгтэй нөхрийнхөө зодуур, мөлжлөгийг амсаж суугаа. 

Хүн амины хэргээр ял эдэлж байгаа бүсгүйчүүдийн 80 хувь нь нөхрийнхөө аминд хүрсэн хүүхнүүд байдаг аж. Олон жил яргалал, дарамт, зодуурыг тэсч явдаг ч эцсийн мөчид амиа хамгаалах, үрээ хамгаалах эм хүний зөн нь тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн байдаг гэнэ. Энэ асуудал нэг бол амиа алдаж, эсвэл бусдын аминд хүрч дуусдаг гашуун үнэн бий.

Д. Цэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.