Лидер бүсгүйчүүдийн 6 чухал чанар

2017 оны 10-р сар 10-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

“Эмэгтэй хүн өөрийгөө ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэддэг бол өөртөө итгэх итгэл нь хүчирхэгжих байсан биз. Харин эрчүүд эмэгтэй хүнийг ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэдэх л юм бол үхтлээ айх биз.” -Katherine J. Kehler

Амжилтанд хүрсэн эрчүүдийг хөдөлмөрч гэж хардаг хэрнээ амжилтанд хүрсэн бүсгүйчүүдийг азтай гэж дүгнэх хандлага нийгэмд бий. Гэхдээ лидер бүсгүйчүүдийн цаана азаас хавьгүй олон чухал шинж чанар бий.

Тэгэхээр эмэгтэй хүн лидер болохын тулд ямар шинж чанарыг агуулсан байх ёстой вэ? Олон эмэгтэй ажил олгогчидтой ярилцсаны дүнд тэдний бүгдийнх нь дурдаж байсан 6 топ чанаруудыг жагсааж байна.

1. Аливаа зүйлийн ард заавал гардаг шаргуу зан

Удирдагч хүн өдөр бүр шинэ сорилттой тулгарч байдаг. Үүнийг нь бусад ажилтнууд нь анзаарахгүй, мэдрэхгүй өнгөрөх нь олонтаа. Зарим зүйлс төлөвлөсний дагуу болохгүй, зарим зүйлс төсөөлж байснаас огт өөрөөр эргэх нь юу ч биш. Тэдгээр сорилтын өмнө хүчтэй байж, өвдгөө сулруулалгүйгээр шургуу зүтгэдэг чанар жирийн удирдагч эмэгтэйг жинхэнэ лидер болгож хөгжүүлдэг. Хэрвээ чи оффисоосоо 4 цагт гараад явчихдаг хэрнээ бусад хүнийг 9 цаг хүртэл ажиллахыг хүлээвэл түүн шиг боломжгүй зүйл гэж үгүй. Өглөө бүр оффис дээрх хамгийн эхний, орой бүр хамгийн сүүлийн хүн байж, тасралтгүй хөдөлмөрлөж байгаа чинь бусдын нүдэнд илт харагдвал хэн ч бай үлгэр дууриал авч, хүндлэл үзүүлэх болно.

2. Халамжлагч чанар

Эрчүүдэд лидер хүнд байх ёстой энэ чухал чанар дутагддаг. Харин төрөлхийн халамжлагч шинжтэй бүсгүйчүүд бидэнд энэ хангалттай бий. Бусдын төлөө гэсэн шударга үнэн зүрх, хүмүүсийн сэтгэл зүйг нарийн мэдэрдэг чанар бол бүсгүй хүнийг хүсээгүй байхад нь ч лидер, “даган дууриамаар хүн” болгочихдог хүчирхэг чанар юм.

3. “Би илүү сайн чадна!”

Харин энэ бол эсрэгээрээ эрчүүдэд хангалттай байдаг ч бүсгүйчүүдэд үргэлж дутагддаг чанар мөн. Ямар ч нөхцөл тавилгүйгээр, өөрийнхөө чадварлаг гэдэгт бүрэн итгээрэй. Энэ нь байнга өөрийгөө магтаж, анхаарлын төвд орохыг оролд гэсэн утгатай биш, харин мэдлэг чадвараа дутууд үнэлэлгүй, хичээл зүтгэлээ зохих түвшинд сайшаагдах тийм орчныг бий болгохыг хэлж байгаа юм. Өөрийнхөө мэдлэг чадварт итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хүнд хэцүү даалгаврыг хамгийн түрүүнд шүүрч аваад онцсайн гүйцэтгэж харуулж болно. Мөн нүүр бардам байхад чинь саад болж буй сул талуудыг сонгон авч, тэдгээрийг үтэр түргэн нэг нэгээр нь арилга.

4. Боловсор

Мэргэжлийнхээ хүрээнд сурсан мэдсэнээ бататгахын тулд их сургуулийн боловсролыг сонгож болно. Уран илтгэх, танилын хүрээгээ өргөсгөх, бизнесийн төлөвлөгөө боловсруулах зэрэг суурь чадваруудыг хувь хүний хөгжлийн ном, сургалтуудас олж авч ч болох юм. Карьер дээшлүүлэх хөтөлбөрүүд ч бас муугүй сонголт. Гэхдээ боловсроно гэдэг дээрхээс хавьгүй илүү зүйл. Бусдаас суралцах тал дээрээ гарамгай лидер бүсгүйчүүд салбартаа өөрөөсөө илүү туршлагатай хүмүүсийг сонгон авч тэдний үгийг тогтмол сонсох хэрэгтэй. Хувийн дасгалжуулагч, ментортой болсноор болзошгүй уналтуудаас сэргийлж, өөртөө байгаа давуу талуудыг зүлгэн өнгө оруулж, амжилтыг хурдасгах хөндлөнгийн хөшүүрэгтэй болж чадна. Мөн ингэх нь ганцаараа байхдаа бий болгож чадахгүй байсан “холбоо сүлбээ”-нүүдийг тогтооход тусалдаг юм. Хувийн ментортой болохын ашиг тусыг мэдэрсэн цагт эртхэн л түүнд хандах минь яав даа гэж хүртэл бодогдоно гээч.

5. Хувийн хэрэгцээгээ тэнцвэртэйгээр хангах

Олон лидер эмэгтэйчүүдэд өөрийн залуу насандаа хандаж “биеэ хайрлаж байгаач ээ” гэдэг гурван үгийг хэлэхийг хүсдэг. Энэ бол асар том зүйл. Эрүүл мэндийн ач холбогдлыг эртхэн ойлгосон бол тэд маш олон зүйлийг өөрөөр хийх байсан тухайгаа харамсан ярьцгаадаг билээ. Ухаалаг лидерүүд өөрсөддөө санаа тавьж, ар гэртээ тэнцвэрийг тогтоох нь үнэхээр чухал гэдгийг мэддэг. Эмэгтэйчүүд бид өөртөө жаахан л анхаарал халамж тавих болохоороо аминчхан, хувиа хичээсэн зан гаргаад байгаа юм шиг санагдаж хойшлуулдаг хүмүүс. Хэрвээ урт удаан настай амжилтыг бий болгоё гэж бодож байгаа бол оройтоогүй байгаа дээрээ амьдралаа сайн зохион байгуул.

6. Алсын хараа

Үүнийг бид эрчүүдэд л байдаг зүйл гэж буруу ойлгодог. Сайн лидер салбартаа сайн шинжээч байхаас гадна, аливааг цогцоор нь, томоор нь харж, өөрийн үүргийг өчүүхэн жижиг буланд нь биш, тэрхүү нүдэнд харагдаж буй том хүрээнд хамаатуулан бодох ёстой. Тэд өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, бусдад өөрийн хийж байгаа өөрчлөлт бүрийг утга учиртай хэмээн ойлгуулах чадвартай байх ёстой юм. Энэ чадварыг илэрхийлэх ганц үг бол “алсын хараа”.

Алсын хараатай лидерүүд урдах замыг уртаар нь харж, хий хоосон мөрөөдлийг бодит зүйл болгож чадна гэсэн итгэлийг бусдад түгээн, урам зориг бэлэглэдэг байх учиртай. Бизнесийнхээ ирээдүйн дүр төрхийг өнгө будагтай нь хамт бусдын тархинд зураад, тийш нь хөтлөх эрч хүчтэй дуу хоолой байх нь лидерүүдийн хамгийн үнэ цэнэтэй шинж чанар!

Чи лидер мөн үү? Чи лидер болохыг хүсч байна уу?

www.khulangoo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.