С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн хоригийг нухацтай хэлэлцэнэ

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

Удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлийн хуулинд тавьсан хоригийг хэлэлцэнэ. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос байр суурийг нь тодруулахад " МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгээгүй байна. УИХ-ын чуулган завсарласны дараа хориг тавигдсан болохоор ээлжит болон ээлжит бус чуулган зарласан үед хоригийг хэлэлцэх хуультай.

МАН анх удаа болон санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөхийг дэмжиж байгаа. Харамсалтай нь хэт хавтгайрч "гуя дагуу хүзүү" гэдэгтэй ижил хууль орж ирсэн. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бол хувь хүний байр суурь. МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгээгүй байна" гэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31-р зүйлд заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэнэ. Ингэхдээ хориг тавьсан зүйл заалт бүрээр хэлэлцэж санал хураах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт зарим зүйлийг хасах, өөрчлөх, нэмэх зэрэг саналууд тусгагдсан байгаа тул зүйл заалт бүрээр нь нухацтай хэлэлцэнэ гэв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.