1945 оны энэ өдөр Жанчхүүгийн давааны тулалдаанд ялалт байгуулж байв

2017 оны 08-р сар 21-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт үйл явдал байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм. Энэ өдрүүдэд дэлхийн II дайны түүхт 72 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа.

Манай улсын хувьд ах дүүгийн найрамдалт ЗХУ-ын гол дайсан Японы зэвсэгт хүчинтэй ширүүн тулалдаан хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн Халхгол, Өвөр Монгол, Долнуур-Жэхэ, Цагаан Овоо, Жанчхүүгийн чиглэлд болсон тулаануудыг эргэн дурсахгүй байхын аргагүй.

1945 оны наймдугаар сарын 21 буюу одоогоос 70 жилийн өмнө МАХЦ-ийн бүрэлэдхүүн ЗХУ-ын армитай хамтран Жанчхүүгийн даваанд хийсэн тулаан онцлох нь байлаа. Энэхүү тулааны тухай хүргэж байна.

Чуулганы хаалганы чиглэлийн байлдаанд МАХЦ-ийн механикжүүлсан 7-р хуягт бригадыг хурандаа Д.Нянтайсүрэн, их бууны 3-р хороог хошууч генерал Ё.Төрхүү нар командалсан байна. Анги нэгтгэлийн байлдааны удирдлагыг зохицуулах, шуурхай удирдлагаар ханга зорилгоо МАХЦ-ийн Жанжин штабын их бууны газрын дарга, хошууч генерал Г.Эрэндоо, Улс төрийн газрын эвлэлийн ажлын туслах, хурандаа Д.Цэдэндамба, ахмад Д.Барс нарыг Жанжин штаб, Улс төрийн газрын төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.

Зөвлөлтийн 27-р мото буудлагын бригадыг дэд хурандаа И.С.Дорожинский, 30-р мотоциклийн хороог хошууч Попов нар командалсан бөгөөд хурандаа И.С.Дорожинский Чуулалт хаалга-Жэхэгийн чиглэлийн цэргийн бүлэглэлийг ерөнхийд нь командалсан аж. Энэ чиглэлд дайсны 40 гаруй хүнтэй, үлэмж хэмжээний зэвсэг техник бүхий томоохон хүч төвлөрсөн байв.

Чуулалт хаалганы чиглэлд Японы хоёр явган дивиз, нэг холимог бригад, ар тал сургалтын гурван анги байсан. Мөн тэдгээр нь 48998 цэрэг, 21210 винтов, 900 гаруй хүнд, хөнгөн пулемёт, төрлийн бүрийн калибрын их буу 250 ширхэг, танк 182, 100 гаруй онгоцны дэмжлэгтэй явсан. Үүний зэрэгцээ Манжийн 1345 хүнтэй явган цэргийн нэг хороотой хамт дайралт хийхээр төлөвлөж байжээ.

Морьт механикжуулсан бүлгийн анги нэгтгэлүүд наймдугаар сарын 9-ний шөнө БНМАУ-ын хилийг давж, маргааш нь Цагаан овоо сүм дэх Японы тагнуулын бүлгийг устгахаар тусгай бүлгийг гаргасан боловч дайсан зугатжээ. Морьт механикжуулсан бүлгийн ангиуд Цагаан овоо сүмээс цааш давшиж, Пянзан, Завсар зэрэг хотыг эзэлж, наймдугаар сарын 15-нд Өвөр Монголын Засгийн газрын удирдагч Дэ ван буюу Дэмчигдонровын орд өргөө байсан баруун Сөнөд Вангийн хүрээг хяналтандаа авчээ.

Дэмчигдонровын удирдаж байсан Өвөр Монголын армийн цэрэг, дарга нар Монгол, Зөвлөлтийн цэрэгтэй байлдахаас татгалзаж, хэсэг бүлгээрээ бууж өгөх, нэгдэн нийлэх, зэвсгээ хаян тарж гэр орондоо буцах зэргээр Японы эсрэг дайныг дэмжиж байсан.

Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол, Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн командлагч хурандаа И.С.Дорожинский Жамбэй хотыг эзлэх тушаалыг наймдугаар сарын 15-нд гаргав. Гэвч шатахуун дутагдалтайгаас бүх анги нэгэн зэрэг давшилтад орох боломжгүй болсон гэнэ. Иймд буудлагын батальон, моторжуулсан их бууны батарейны машин техникт бүх шатахууныг юүлж, тэргүүний отряд болгон морьт цэргийн хамт давшилтад оруулж, бусад анги нэгтгэл араас нь давшжээ.

Тэргүүний отрядын ангиуд наймдугаар сарын 16-ны өглөө Вангийн хүрээнээс давшилтад орж, Дабэйгунсы, Шанду зэрэг газрыг хяналтандаа авч наймдугаар сарын 18-нд Жанбэй хотыг эзэлсэн. Энэ хот 95 мянга орчим хүн амтай, цэргийн хуаран, үйлдвэр, цахилгаан станц, автомашины засварын газар бүхий Японы цэргийн стратегийн түшиц цэг нь байлаа. Улмаар Жанбэй хотыг эзэлснээр Монгол-Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд БНМАУ-ын хилээс 560 гаруй км зайтай оршдог Жанчхүүгийн давааны бэхлэлтэд тулж очсон гэдэг.

Жанчхүүгийн даваа нь Манжуур, хойт Хятад дахь Японы цэрэг, зэвсгийн бааз, бэхлэлт бүхий стратегийн хориглолтын газар байв. Япончууд 1935-1940 оны хооронд олон мянган Хятад, Монгол иргэнийг дайчлан 35 км өргөн, 10 км гүн цэргийн бэхлэлтийг давааны ард бий болгосон юм. Бэхлэлтийн район нь хоорондоо харилцах шуудуугаар холбогдсон олон тооны галын цэг, хянах болон командын байраас бүрдэж байв. Мөн Бэхлэлтийн хойгуур 4-5 метрийн гүнзгий шуудуу ухаж, хэд хэдэн давхар төмөр утсан тор татжээ.

Өвөр Байгалийн цэргийн командлалаас Зөвлөлтийн 27-р мотобуудлагын, Монголын 7-р мотомеханикжуулсан хуягт бригадад дайсны хориглолтын бэхэлсэн районыг эзлэх байлдааны тушаал өгсөн байна. Улмаар морьт механикжуулсан бүлгийн тэргүүний ангиуд наймдугаар сарын 18-нд Жанбэй хотоос ургаш давшилтад орж, шөнө нь замдаа хориглож хоноод маргааш үүрээр тагнуулын бүлгийг томилон гаргаж, араас нь гол хүчийг хөдөлгөжээ.

Морьт механикжуулсан бүлгийн тэргүүний анги болох хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан МАХЦ-ийн 7-р хуягт бригад өглөөний 10:00 цагийн үед Жанчхүүгийн давааны ард дайсантай тулгарснаар байлдаан эхэлжээ. Тагнуулын бүлэг нь бэхлэлтэд хориглосон дайсныг урьдчилан илрүүлж чадаагүй учраас тэргүүний ангиуд дайсны уутан галд орсон байна.

Монгол цэргүүд хүчээ задлан давшихад дайсан их буу, пулемётоор галлаж, явган цэргүүд хоёр үзүүрээр нь ороон бүслэх оролдлого хийжээ. Монгол цэргүүд сөрөг давшилтанд орж, дайсны хоёр жигүүрийн давшилтыг няцаажээ. Гэвч их бууны батарейг далд байранд оруулж амжаагүй, хянагч нарыг томилоогүй байсан тул дайсан аль зүгээс, ямар зэвсгээр галлаж буй нь мэдэгдэхгүй байснаас багагүй хохирол амсчээ.

Хоёрдугаар цуваанд явж байсан Зөвлөлтийн 27-р мотобуудлагын бригад МАХЦ-ийн тэргүүний ангиудын хоёр талаар давшилтад оржээ. Бэхэлсэн районд хориглосон дайсан их буу, хүнд, хөнгөн пулемётоор галлан сөрөг дайралт хийсэн байна. Монгол-Зөвлөлтийн цэргүүд байлдааны явцад дайсны хориглолтын зохион байгуулалт, галын цэгүүдийг илрүүлэн газрын зурагт тэмдэглэсний үр дүнд хөнгөн пулемётчид хотгор, гуу жалгатай газрыг даган өндөр ургасан өвс ургамлаар өнгөлөн далдалж урагш давшин эхний ээлжинд дайсны галын цэгийг устгаж, харин их буу, миномётоор хориглолтын байгууламжийг нь эвдэх тактик хэрэглэсэн аж.

Улмаар тэргүүний ангиуд бэхэлсэн район руу давшиж, галын цэгийг эзлэн хориглолтыг цөмлөх байлдаан явуулж Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзэлсэн байна. Жанчхүүгийн давааны байлдаанд дайсан амьд хүч, зэвсэг техникийн хувьд ихээхэн хохирол амсжээ. Энэ тулалдаанд Монгол, Зөвлөлтийн цэрэг дайснаас үлэмж хэмжээний зэвсэг техник, цэргийн эд хогшил олзолж, хожим нь Хятадын 8-р армид шилжүүлсэн байна.

1945 оны наймдугаар сарын 21-нд Цагаан хэрмийн хаалгаар гарч Чуулалт хаалганы районыг хяналтандаа авснаар энэхүү чиглэлд давшсан Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдаанд ялалтаар төгсөв. Өвөр Байгалийн фронтын командлалын тушаалаар Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг давшилтад зогсоож, Зөвлөлтийн дээд командлалаас Алс Дорнодын давших байлдаан ялалтаар дууссаныг 1945 оны наймдугаар сарын 23-нд мэдэгдсэн юм.

Долнуур-Жэхэ, Цагаан овоо, Жанчхүүгийн чиглэлийн тулаанд манай улсын эрэлхэг хөвгүүд хэрхэн тулалдаж явсан тухай нийтлэлийг дараагийн хэсэгтээ хүргэх болно.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • төмөр

      (203.91.115.45) 2016-03-01 09:30
      • 0
      • 0

      Жанчхүүгийн давааны бэхлэлтэнд 500 орчим Япон цэрэг байсан юм Хэдхэн хоног хүлээсэн бол тэдэнд эзэн хааных нь гаргасан бууж өгөх тушаал ирж бэхлэлтийг байлдаан хийлгүйгээр авах байсан юм гэж энэ байлдаанд оролцож явсан ярьж байхыг би сонсож байсан юм

      Хариулах

    • Хятадын #01 тагнуул

      (59.153.112.117) 2016-09-22 13:33
      • 0
      • 0

      Хятадын тагнуул гэдгээ ингэж амархан илчилж болохгүй шүү.

      Хариулах