Ургамлын тоосны дэгдэж дуусах үе нь 9 сарын 20 хүртэл байдаг

Twitter Print
2019 оны 08-р сар 22-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

-Тиймээс сорилыг аравдугаар сараас дөрөвдүгээр cap хүртэлх хугацаанд тавина-

Залуу нас, зун хоёр хоорондоо илүү зохицдог. Зураг татуулсан ч, зурагтаар гарсан ч, амьдрал дээр ч гэсэн өнгөлөг, гоёмсог, бас эрүүл харагддаг. Харин энэ харшил нэг л биш ээ. Хаа сайгүй, ханиасан, найтаасан, нус, нулимс нь гоожсон хүмүүс. Хүмүүс яагаад ийм өвчин тусаад байгааг мэдэх амархан. 

Харин эдгээх, эрүүлжих боломж хэр байдгийг нь сайн мэдэхгүй юм. Тиймээс Харшил судлалын эмчтэй уулзахаар Улсын клиникийн төв эмнэлгийг зорилоо. Тэгээд уртаас урт дарааллын ард очиж зогсов. Эмчид үзүүлэхээр ирсэн хүмүүсийн ихэнх нь залуучууд байна. Нүд нь улайсан, хавдсан бүсгүйчүүд ар, араасаа жагсчихсан, аргаа барсан зарим нь ам, хамраа дараад сандал дээр түр сууж харагдана. 

Залуучуудын зарим нь хар шил, маск зүүжээ. Хоёр, гурван цаг хүлээж, ирсэн хүмүүс буцсаны дараа тус эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Т.Рэгзэдмаатай уулзлаа. Түүнээс харшлыг хэрхэн анагаах, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг авсан юм.

Харшлыг дур мэдэн эмчлэх нь өвчинг хүндрүүлнэ

Манайд сүүлийн таван жилийн хугацаанд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Улсын Клиникийн төв эмнэлгийн харшлын танхимд өдөрт 50-60 хүн ирж үзүүлж байна гэж Т.Рэгзэдмаа эмч яриагаа эхлэв.

Харшил нь хүнсний бүтээгдэхүүн болон олон янзын химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг зэргээс шалтгаалдаг хэдий ч сүүлийн үед ургамлын тоосонцорын харшил түгээмэл болж. Энэ нь ихэвчлэн хот, суурин газар ургадаг шарилж, халгай, согоо зэрэг ургамлын тоосонцортой холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд тайлбарладаг. Тиймээс зуны улиралд, харшил ид хөдөлсөн үед ямар арга хэмжээ авч болох талаар түүнээс лавлахад "Нэгэнт харшилтай болсон бол харшлын сорил тавиулах хэрэгтэй. Энэ сорилоор ямар ургамлын тоос, хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай байна гэдгийг нь тогтоодог. Тодорхой болсон үед урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийхэд илүү дөхөм болдог. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийх нь өвчинг сэдрээх, эмчилгээ үр дүнгүй болох сөрөг талтай " гэсэн юм. 

Мөн харшлаа хөдлөөгүй үед сорил тавихад онош зөв тогтоогддог гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгээд харшлаа хөдөлмөгц сорил тавиулахаар эмчид ханддаг. Ургамлын харшилтай хүмүүст дээрх сорилыг есдүгээр сарын сүүл хүртэл тавьдаггүй. Учир нь ургамлын тоосны дэгдэж дуусах үе нь есдүгээр сарын 20. Тиймээс сорилыг аравдугаар сараас дараа жилийн дөрөвдүгээр cap хүртэл хугацаанд тавьдаг гэсэн үг юм.

Хамар битүүрч, хоолой загатнавал харшлын эмчид хандаарай

Хүмүүс харшлыг ханиадтай андуурах явдал цөөнгүй байна. Тиймээс нүд улайх, нулимс гарах, хамар битүүрэх, ус гоожих, хоолой загатнах үед нь олон төрлийн антибиотик уух, чих хамар хоолойн эмчид үзүүлэх зэргээр цаг алддаг аж. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл харшлын эмчид хандаарай.

Энэ өвчин удамшдаг гэхдээ...

Зуны цагт зугаалах, хөдөө явж амрах хүслийг чинь хясаад байгаа энэ өвчин бас удамшдаг аж. Эмчийн ярьж буйгаар "Эцэг, эх хоёулаа ямар нэг харшлын өгүүлэмжтэй бол хүүхдэд 70-80 хувь нь удамшдаг. Харин хэн нэг нь харшлын өвчтэй байвал 50 хувь нь удамшдаг" гэж байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө харшилтай бол хүүхдээ энэ өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Хүүхдээ өвс ногоо ихтэй газар тоглуулах хэрэггүй

Хэрэв та өөрөө эсвэл эхнэр, нөхөр тань харшилтай бол хүүхдээ ийм өвчтэй болохоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг дээр хэлсэн. Харин яаж гэдгийг одоо зөвлөе. "Зуны улиралд хүүхдээ өвс, ногоо ихтэй газар аль болох удаан тоглуулахгүй байх нь чухал. Мөн цэвэр агаарт байлгах зорилгоор гадаа унтуулах хэрэггүй. Энэ нь харшилтай болох эх үүсвэрийг бүрдүүлдэг" гэж Т.Рэгзэдмаа эмч ярьж байна. Мөн бага насныхан цэцэг түүж үнэрлэх дуртай байдаг. Энэ нь хүүхдийг харшилтай болгодог. Тиймээс айл, гэрийн эзэгтэй нар гэртээ харшил сэдрээгч зүйл байлгахаас аль болох татгалзаарай. 

Үүнд, тэжээвэр амьтан, таримал цэцэг, их хэмжээгээр арц, хүж уугуулах, бага насны хүүхдийн хажууд тамхи татах зэргийг цээрлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, та харшилгүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх нь.

Харин яг одоо ямар арга хэмжээ авах вэ?

Харшил хөдлөөд гэсэн хүмүүс хаа сайгүй таарч байна. Харин одоо ямар эмчилгээ хийх вэ гэдгийг асуулаа. "Ургамлын харшил хөдөлсөн энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Мөн эм уулгах, тариа тарих, нүд болон хамрын дусаагуур хэрэглэх нь тохиромжтой. Харшлын улирал дуустал өөр аргаар эмчилж болохгүй" гэсэн юм. Учир нь агаарт ургамлын тоос ид тархах үе нь долдугаар сарын 10-аас есдүгээр сарын 20 байдаг гэнэ. Энэ хугацаанд шарилж буюу зэрлэг, хогийн ургамлын тоосны хэмжээ ихэсдэг аж. Тиймээс олон хүний харшил наадмаас хойш хөдөлдөг юм байна.   

Харшлын эмчилгээг хавар хийлгээрэй

Хүмүүс харшлыг аль ч улиралд эмчилж болдог гэж ойлгодог. Гэтэл эмч нар үүнийг үгүйсгэж байна. Харшлын эмчилгээг хавар, тэр дундаа дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн хийлгэх нь тохиромжтой гэж байна. Урьдчилан сэргийлэх, улирал угтсан эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн харшил зуны улиралд харьцангуй хөнгөн хөдөлдөг. Тиймээс жил бүр ийм төрлийн эмчилгээг тогтмол хийлгэх хэрэгтэй гэсэн юм. 

Ингэснээр дархлаа хүний биед аажмаар тогтдог аж. Үүнийг эмч нар дархлаа зүгшрүүлэх эмчилгээ хэмээн нэрлэдэг аж. Хаврын улиралд яг ямар төрлийн эмчилгээг голчилж хийдэг талаар асуувал "Харшилтай ургамлаар нь бэлдмэл хийж түүнийгээ хамарт нь шүрших байдлаар эмчилдэг. Энэ нь илүү үр дүнтэй. Дархлаа суларч, ядаргаанд орсноос болж харшлын өвчин үүсдэггүй. Харин эсрэгээрээ дархлааны систем илүү их гажуудалд орсон учраас харшилтай буюу мэдрэг болдог" гэв.

Д.Гэрэлцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.