
Ганц уран зураг хэдий хэр үнэд хүрэх вэ? Монголчууд бид нэг сая төгрөг байтугай гурван зуун мянгаар уран зураг худалдаж авах тухай ярихын ч хэрэггүй гэдгийг мэдээж дундаж амьдралтай хүмүүс сайн “ойлгодог”. Гэхдээ урлаг сайхан ойлгодог, үнэ цэнийг нь мэддэг хүмүүс байлгүй яахав. Дахин давтагдашгүй онцгой өнгө будгаар бидний сэтгэлдээ эрхэмлэдэг нандин бүхнийг “нэгэн хавтгайд” буулгасан зүйлийг хүн хөрөнгө, мөнгө хайрлалгүй олж авахыг бодолгүй л дээ. Уран зураг гэдэг хүний сэтгэлийн өнгө будгийг илэрхийлдэг гэмээр. Тэгвэл дээрхи асуултыг эргэцүүлээд нэг үзээрэй.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Нью-Йорк хотноо Christie's дуудлага худалдаанд 142,4 сая доллароор зарагдсан Британийн экспрессионист зураач Фрэнсис Бэконий "Люсьен Фрейдийн хөрөгт зориулсан гурван таталбар" зураг Америкийн хотуудаар “аялаж” эхэллээ.
Энэ аялал ирэх оны гуравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. Яахаараа энэ зураг урд хожид дуулдаагүй өндөр үнэд хүрдэг билээ гэдэг асуулт хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. Christie’s дуудлага худалдаа үүсэн байгуулагдсанаас хойшхи 245 жилийн хугацаанд ийм үнэд хүрсэн уран зураг зарагдаж байгаагүй. Харин уран зураг ямар хүний гарт очсоныг тухайн үед нууцалсан.
Америкийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Нью-Йоркын Acquavella галерей Катарын Эмир-Шейх аль-Маяссын эгчийнх нь даалгавраар худалдаж авсан тухай мэдээлж байсан байна. Алдартай уран зургийн аялалыг зохион байгуулагчид энэ их хөрөнгөний эзнээс зөвшөөрөл хүссэн даруй гайхалтай уриалгахан хүлээж авсан гэж байгаа, гэхдээ мэдээж тодорхой болзолууд тавилгүй яахав. Уран бүтээлийг хотоос хотод шилжүүлэн тээвэрлэхэд халуун хүйтэн, чийгшил зэргийг нарийн хянах өндөр хамгаалалттай тусгай ачааны машин ашиглаж байгаа бөгөөд 24 цагийн харуул хамгаалалтанд авсан байна.
Сонирхолтой нь энэ зургийн гайхамшиг юунд оршиж байна? 1969 онд зурсан энэ зурагт зураач Бэконий дотнын анд, Британийн зураач Люсьен Фрейд дүрслэгдсэн аж. Энэ хүн алдарт Зигмунд Фрейдын ач хүү юм байна. 1971-1972 онд Парисийн Гран-Палед дэлгэгдэж байсан Бэконий уран бүтээлийн үзэсгэлэнд уг зураг тэргүүн нүүрэнд тавигдаж байсан бөгөөд энэ үзэсгэлэнгийн дараа гурван хэсэгт хуваагдсан байна. Эдгээрээс нэгийг нь 1985 онд Лондон хотын Тейт галерейд тавьж байсан бөгөөд 1999 онд бутээлүүдийг нэг дор цуглуулж Америкийн Коннектикат муж улсын Нью-Хейвен дахь Йелийн их сургуулийн Британийн урлагийн төвд толилуулсан аж.
Зураг дээрх ханцуй шамласан цагаан цамцтай суугаа Фрейд хурц шар өнгөн дээр тод ялгарч байгаагаас өөр онцын дүрслэл харагдахгүй. Бэкон, Фрейд нар 1945 онд анх танилцаж байсан, хэдэн арван жилийн турш бие биенийхээ хөрөг зургийг олонтоо зурж байсан уран бүтээлчид гэхээс өөр онцын мэдээлэл байхгүй аж. Урлагийн бүтээлийн үнэ цэнэ гэж бас зарим үед ойлгохын аргагүй юм даа. Хэрвээ 142,4 сая Америк доллар бидэнд байсан бол юу хийх байсан бол...
Р.Этүгэн

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505