35 настай Габриэл Борич Чилийн хамгийн залуу Ерөнхийлөгч болно

Twitter Print
2021 оны 12-р сар 20-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Чилийн зүүний эвслийн төлөөлөгч 35 настай Габриэл Борич Чили улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Ялалт байгуулсныхаа дараа тэрээр дэмжигчдэдээ хандаж ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэр, эрх тэгш бус байдалтай тэмцэхээ илэрхийлжээ.

Өнгөрсөн ням гарагт Чилид Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шат явагдсан ба санал хураалтын үр дүнгээр Габриэл Боричийн төлөө иргэдийн 55.87 хувь, өрсөлдөгч Хосе Антонио Кастын төлөө 44.13 хувь нь саналаа өгчээ.

Габриэл Борич ирэх 3-р сарын 11-нд албан ёсоор Чилийн Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох ба Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр тэрээр 36 настай байх аж. Ингэснээр Г. Борич Чили улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болж байгаа юм.

2011 онд Г.Борич дээд сургуулиудын төлбөрийг эсэргүүцсэн оюутнуудын томоохон хөдөлгөөнийг удирдаж байсан ба тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр баячуудад татвар ноогдуулах, ашигт малтмал ашигласны төлбөр авах, үр хөндүүлэлтийг хуулиар зөвшөөрөх, боловсролыг үнэгүй олгох, цэрэг цагдаагийн салбарт шинэчлэлт хийнэ хэмээн амлажээ.

Түүний өрсөлдөгч Хосе Антонио Каст Габриэл Боричид баяр хүргэж, "Өнөөдрөөс эхлэн Г.Борич Чили улсын Ерөнхийлөгч болсон. Бид түүнийг төрийн тэргүүнийх нь хувиар хүндэлж, түүнтэй хамтран ажиллах ёстой. Чили улсын эрх ашиг нэгдүгээрт" хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.