Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 18-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас ээлжит хуралдаанаа наймдугаар сарын 17-нд хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулна

Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах Цементийн үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ. “Вестерн Холд” ХХК-иас барих цементийн тус үйлдвэр нь жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Ингэснээр Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх аж.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг нь хууль тогтоомжийн дагуу олгон үйлдвэр байгуулах ажилд нь дэмжлэг үзүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд болон Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

“Вестерн Холд” компанийн хувьд  Ховд аймгийн Буянт суманд үйлдвэр байгуулах төслөө баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийг дэмжих, орон нутагт байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор боловсруулсан аж.  

Уг төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангах, гадагш чиглэсэн валютын урсгалыг саармагжуулах, улсын төсөвт их хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орчин үеийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, баруун бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ.

Концессын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батласан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гурван төслийг жагсаалтад нэмсэн байна. Уг төслүүд нь суурь дэд бүтцийг бий болгох, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах үүднээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих аж.

Багануур-Чойр чиглэлд 178 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын станц, дэд станц барих төслийг барьж,шилжүүлэх, Багануур-Улаанбаатар чиглэлд 157 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийг зураг төсөл боловсруулж,барьж,шилжүүлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлд 330 кВ-ын габириттай цахилгаан дамжуулах цаг агаарын шугам, хоёр дэд станцын төслийн зураг төсөл боловсруулж,барьж,шилжүүлэх зэргээр хэрэгжүүлэх гэнэ.

Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох болон Аглаг бүтээлийн хийд хүртэлх долоон км авто замыг барих ажлын төслийг концессын шууд гэрээгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын хөвдөг гүүр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажлын төслүүд нь зураг төсөл хийгдээгүй байгаа гэнэ. Иймд концессын төрөлд “зураг төсөл боловсруулах” гэж нэмэхээр болжээ.

Зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмлээ 

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

УИХ-аас “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Мөн Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан юм. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон.

Дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх, автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоосон байна.

Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Монгол Улс банк үүсгэн байгуулахад оролцоно

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны аравдугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай санал тавьсан. Засгийн газрын 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.  Улмаар банк үүсгэн байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2014 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар бэлтгэл ажил эхэлжээ.

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн оронд нэгдсэнээр дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар хүн амын нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахуйц санхүүжилтийг авах, далайд гарцгүй хөгжиж буй улсын хувьд бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг тэлэх бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Тус банкны дүрмийн санг 100 тэрбум ам.доллар байхаар тооцсоны дагуу үүсгэн байгуулагч гишүүн орон тус бүр хувь нийлүүлнэ. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг таван жилийн хугацаанд тав хуваан шилжүүлэх юм байна.

Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улс 1978 онд Ялтан шилжүүлэх тухай Берлиний конвенцид нэгдсэн бөгөөд олон талт олон улсын баримт бичгээс гадна ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулж ажиллах үр дүнтэй практик олон улсад тогтжээ. Өнөөдрийн байдлаар манай улс Орос, Хятад, Солонгос, Турк, Польш, Канад, Куба улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна.

Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг, ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн таван жилийн хугацаанд таван иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн ял шийтгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ял эдэлж буй иргэн байхгүй боловч, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Монголын тал гэрээ байгуулах саналаа хүргүүлэн Энэтхэгийн талын дэмжлэгийг аваад байна.

Хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг Засгийн газарт даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталжээ. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.

Нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэжээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дархан болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.

Дотоодын чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталжээ. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн даалгаварт дотоодын үйлдвэрээс худалдан авахаар жагсаалтаар баталсан барааг нийлүүлэх шаардлагыг тусгаж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батлан хэрэгжүүлсэн. Энэ нь дотоодын үйлдвэрийн барааг худалдан авах хэмжээ нэг жилийн дотор 5 тэрбумаас 50 тэрбум болж, 10 дахин өссөн байна. Олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүнээ хүргэсэн олон тооны үйлдвэрлэгчид байгаа боловч, борлуулалт хангалтгүй импортын хямд, чанаргүй хуурамч бараанд зах зээлээ алдаж байгаа үед аль болох импортын бараанаас татгалзаж, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлага гарч байгаа аж. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталснаар төрийн бүх шатны байгууллагууд дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авах ойлголттой болж, импортыг орлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон ажлын байр нэмэгдэх юм.

Барааны жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна савхин хувцас, бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодол зэрэг 12 нэр төрлийн 100 орчим барааг багтаажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.