"Ид Шидийн Уут" аян буюу хүүхэд бүхний нүдэнд асах гэрлийн элч нь томчууд бид өөрсдөө

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Олон хүмүүсийн оролцоотойгоор хийгддэг "Ид Шидийн Уут" аянаас ойлгуулахыг хүссэн 5 зүйлийг танилцуулмаар санагддаа.

1. ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ

-Жил бүрийн хавар, намар Лантуун дохио ТББ-т сайн дурын ажил хийхээр зуун зуун залуус элсэн орж ирдэг. Олон залуус фэйсбүүкээр харсан зураг хараад сэтгэл хөөрлөөр орж ирдэг. Нийгмийн асуудал, бодит байдлыг төдийлөн мэдэхгүй. Хүүхэд хамгаалал гэдэг үгний цаана юу нуугдаж байдаг, нийгмийн хаана нь илүү асуудал байгааг төдийлөн мэдэхгүй залуус ирдэг.

Image may contain: sky, cloud and outdoor

Энэ аян бол тэдгээр залууст бодит байдалтай танилцах, өөрсдийн суурь хандлагаа өөрчлөх том боломж. Энэ аянд явж үзсэн хэн ч бай нийгмийн асуудлыг тэнгэр дээрээс лав ярихгүй. Асуудалд ултай, суурьтай хандах болно.

2. ИТГЭЛ, ХАЙР, ГЭРЭЛ ТҮГЭЭНЭ

-Тийм ээ. Энэ бол үнэн. Ганцаараа 7 хүүхдийн амьдралыг хамгийн сайхнаар авч яваа ээжид урам өгч, итгэл бэлэглэдэг. Хамгийн хүйтэн, хамгийн бараан өдрүүдийн тоог багасгадаг. Олон мянган үрсэд гэрэл түгээдэг. Тэдний анхны гэгээлэг дурсамжийг бүтээнэ. Хамгийн гайхалтай мэдрэмжийг өвөө, цасан охид ч авдаг. Тэдгээр бяцхан хүүхдүүд ч авдаг юм. Хүүхдийн сэтгэлд тийм гэгээлэг дурсамжийг яагаад бүтээж болохгүй гэж. Яагаад хайр түгээж, итгэл түгээж болохгүй гэж. Энэ бол бидний хамгийн нандин мөч, хамгийн утга учиртай, үнэ цэнтэй үйл ажиллагаа юм аа. Гэрэл түгээхээ бид хэзээ ч зогсоохгүй. Энэ бүхнээс л ид шид эхэлсэн юм. Эндээс бид бүхний учгийг аажим аажимаар хөвөрдсөн юм. Залуу үе минь цаашид үргэлжлүүлсээр л байх болно.

Image may contain: people standing, cloud, sky, outdoor and nature

3. СУДАЛГАА

-Ид шидийн уут аянаар бид жил бүр 1000 өрхөөр ордог. Дунджаар нэг айлд 4 хүүхэд амьдарна. Орсон айл бүхэн өөр өөрийн асуудалтай. Хаягийн бүртгэлгүй, нийгмийн халамж хүртэж чадахгүй, цэцэрлэг сургуульгүй, байнгын хүчирхийллийн эрсдэлд айдас түгшүүртэй амьдарна. Архины хамаарал, гэр бүл салалт, өрх толгойлсон ээж, аавуудын асуудал. Энэ бүгдийг илрүүлээд бүтэн жил тус 1000 өрхөөс хамгийн чухал гэсэн кейсүүдтэйгээ тулж ажиллана. Хороо багтай хамтарна. Шахна, нөлөөлнө. Нэн шаардлагатай кейсээ өөрийн хамгаалах байрандаа авна. Эргээд хандивлагчтайгаа холбож өгнө. Цэцэрлэгт оруулна, хөдөлмөр зуучлал хийнэ. Тэгээд л болоо юу гэж үү? Үгүй дээ бид илүү ихийг хийхийн тул ажилласаар л байна. Цаашид ч ажиллах болно.

Image may contain: one or more people and outdoor

4. ЭМЗЭГЛЭЛ БА ШИЙДЭЛ

-Хамгийн хүнд асуудлуудыг бид илрүүлнэ. Тэр хэмжээгээрээ эмзэглэнэ. Эхэндээ бид эмзэглээд л өнгөрдөг байсан нь ҮНЭЭН. Гэхдээ бид шийдэл хайсан. Бид хараад л өнгөрөх нь, бэлэг өгөөд л явах нь ямар ч асуудлыг шийдэхгүйг ойлгосон. Тийм ч учраас бид ШИЙДЛИЙГ ХАЙСАН. Тэр шийдэл өөрөө Ид шидийн орон төслийг эхлүүлж хүүхэд хамгааллын салбарт 3,7 тербум төгрөгний бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Энэ аян өөрөө асуудлыг судлаад, судалгаа, баримттайгаар нийгмийн асуудлыг хурцаар дэлгэж тавиад ИЙМ УЧРААС БИД ХИЙХ ЁСТОЙ, ЗҮТГЭХ ЁСТОЙ гэдгээ нийгэмд хүчтэй илэрхийлсэн. Ойлгоод олон мянган ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ бидэнтэй нэгдээд ИД ШИДИЙГ БҮТЭЭСЭН.

Image may contain: one or more people, people sitting and shoes

5. НӨЛӨӨЛӨЛ БА ОРОЛЦОО

-Нийгмийн асуудалд хүн бүр идэвх санаачлагатай оролцоод байдаггүй. Гэхдээ бид хэдэн зуу, хэдэн мянгаар нь нэгтгээд ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮЧИРХИЙЛЛИЙН асуудалд олон нийтийг татан оролцуулж, оролцох боломжуудыг өргөжүүлсээр ирсэн. Зарим нь өөрт хэрэгтэйгээ худалдаж авч, зарим нь хандив өгч, зарим нь бүтээн байгуулалтын нэг хэсэг болж, зарим нь асуудлыг шийдвэрлэхэд хүчтэй дэмжлэг болж, хамтарч, нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ бол эерэгээр олон нийтийг нийгмийн асуудалд татан оролцуулж буй сайн туршлага мөн юм. Үнэндээ хүн бүр л нийгмийн асуудлаас айж, дайжин зугтаадаг. Хэн тийм болгож байна гэвэл буруу аргаар нөлөөлөл хийсэн хүмүүсээс үүдэлтэй. Тиймээс бид зөв нөлөөллийг оролцох олон боломжуудыг нээж өгсөнөөр нийгмийн асуудлыг төр эсвэл ТББ-ын л нуруун дээр тохох гээд байдаг гаж тогтолцоог үгүй хийж чадна.

Image may contain: one or more people and outdoor

Эцэст нь хийж бүтээж буй юм бүхний цаана утга учир, үнэ цэн оршиж байдаг юм. Хийгээгүй үйл бүхнээ хийж үзсэн юм шиг шүүмжилдэг хүмүүсийг хараад толгой сэгсэрмээр байдаг ч сэгсрээд ч, хэлээд ч ойлгохгүй хүмүүсийг орхихоос өөр сонголтгүй ажээ.

Image may contain: 7 people, people smiling, dog and outdoor

Хүн бүр л бүтээх юмсан гэж бодож суудагаас алив хийе гээд ороод ирдэг нь маш цөөн. Хүүхэд бүхний нүдэнд асах гэрлийн элч нь томчууд бид өөрсдөө.

No photo description available.

Бид л тэр гэрлийг бөхөөхгүй, тэднийг сонсож, мэдэрч ярилцаж, тэдний одоод анхаарахгүй бол ирээдүйн талаар ярих эрх байхгүй. Та яг одоо хэр их гэрлийг түгээнэ. Тэр хэмжээгээрээ бидний үр хүүхэд, хойч үе маань ирээдүйд илүү том гэрлийг түгээх болно.

У.Ганбаяр
2019.12.17

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.