З.Энхболд: Ээлжит бус чуулганыг дахин хуралдуулах шаардлага гарч байна

Twitter Print
2015 оны 08-р сар 14-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

-УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө-

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар хуралдаж буй УИХ-ын ээлжит бус чуулган 17:00 цагийн үед албан ёсоор өндөрлөлөө.

Ээлжит бус чуулганаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дөрвийг нь хэлэлцэж, баталжээ. Өнөөдрийн чуулганаар Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулгыг хэлэлцсэн юм. Хэлэлцсэн эцсийн найруулгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор өргөн барих ёстой.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо хэлсэн үгэндээ Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгчийн зүгээс ажлын тав хоногийн дотор хориг тавих эрхтэй байдаг.

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж,  УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

“2015 оны наймдугаар сарын 03-ны өдөр нээгдсэн УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг Намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар, санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусган, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх, нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад хамаарахгүй болохыг онцлон тэмдэглэж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгов. Өмнө  нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой хууль боллоо.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ хуульд иргэн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталсан юм. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгагдаж байгаа Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй юм. Мөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа  хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг тусгасан болно.

Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Энэ хориг ирэх долоо хоногт орж ирэх гэж байгаа тул ээлжит бус чуулган дахин хуралдуулах шаардлага гарч байгааг тэмдэглэе. Мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилогдох зургаан сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ийм хоёр шалтгаанаар ээлжит бус чуулганы товыг ирэх долоо хоногт хоёр асуудлыг өргөн баригдмагц зарлах болно. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.