
Хадны зургийн тухай юм бичиж зураг тавих болгонд яагаад сүг зураг гэдэг байсан юм бэ? гэсэн асуулт ирдэг юм. Энэ талаар өөрийн дуулснаа товч өгүүлье. Саяхан болтол хадны сүг зураг гэж байснаа эрдэмтдийн санаачлагаар сүг нь хаягдаж одоо зүгээр л ХАДНЫ ЗУРАГ болсон.
Сүг гэдэг үг бол сүг сүүдэр, буг чөтгөр, сүг чинь гэсэн таагүй ойлголт. Хадны зургийг хамгаалахын тулд сүг зураг хэмээн таагүй тодотгол хийсэн байх гэж үздэг юм билээ. Манай Дэл нутагт саяхан болтол настайчууд хадны зургийг сүг зураг гэхээс гадна хангарьдын бөөлжис гэдэг байсан. Судлаач Г.Аким гуай хадны зургийг зарим нутагт “тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг нь тэнгэрийн юмаар оролдож болохгүй гэсэн хамгаалах, хүндэтгэх нэршил юм гэж байсан.
Хүүхэд насанд мал хариулаад Дэлийн хадан дотор явж байхад цаг нөхцөөж уйдаа гаргадаг ганц зугаа нь хадны зураг байсан гэдгийг Дэлийн хаданд өссөн хүүхэд бүр мэднэ. Одоогийн хүүхэд гоё зурагтай ном үзэх лүгээ адил юм даа. Тэр үед томчууд зураг үзэж болохгүй шүү гэхгүй харин “Зураг оролдож болохгүй шүү” гэж захидаг байсан нь эргээд бодоход хүн төрөлхтөн аль ч үедээ хадны зургийг хамгаалж, хүндэтгэж ирсэн бололтой. Тиймээс хамгаалах зорилгоор сүг зураг, бөөлжис, гэх мэт таагүй эсвэл тэнгэрийн юм гэсэн их томоор нэрлэж байжээ.
Бас нэг тайлбар нь эртний хүмүүс агнасан ангийнхаа дүрсийг сүг сүүдэр маягаар /сүнс/ зурж үлдээдэг байснаас үүдэн гарсан нэршил байх талтай гэсэн таамнал байдаг. Үнэн байж болзошгүй гэсэн олон хувилбарыг судлаачид бусад зургаар жишээ татан өгүүлсэн байдаг. Иймээс хадны зураг бол ямар нэг юмны хойд дүр, буга чөтгөр, сүнсний дүрс гэсэн ойлголт гэж тайлбарласан тохиолдол ч байдаг.
Судлаачид манай Дэл ууланд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших бүх л үеийн турш хүн амьдарч байсан ул мөр байна гэж үздэг. Зөвхөн нэг баталгаа нь хоорондоо мянга мянган жилийн зайтай 4-5 удаа хадан дээр нь зураг зурж үлдээсэн явдал юм. Ингэж зурахдаа түрүүчийн зургуудаа балласан сохолсон тохиолдол үгүй байгаа нь хүн төрөлхтөн аль ч үед хадны зурганд хүндэтгэлтэй хандаж байсны ул мөр юм.
Зуугаадхан жилийн өмнөх жишээ гэхэд Дэл уулын хадны зургийн яг гол хэсэгт олон арван жил байсан Булаг билүүний хийдийн 100 орчим лам нар л гэхэд тэр хавийн хадны зургуудыг огт хөндөөгүй байдаг юм. Ер нь Дул уулынхан байгальдаа ялангуяа Дэл ууланд гүн хүндэтгэлтэй хандаж, хайрлан хамгаалж, бишрэн хүндэтгэж ирсний ул мөр олон бий дээ.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
Зургийн тайлбар: Энэ бол Дэл уулын нэгэн зураг. Энэ зургийг зарим хүн 3D зураг байна гэж наргиа болгодог юм. Энд 5 янгираас гадна нэг хүний дүрс давхардан харагддаг юм, сайн хараарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.