АТГ-ын 120 хэрэг өршөөлд хамрагдах боломжтой

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбоотой тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт орсон албан тушаалтны хэлснээр АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн ихэнх нь Өршөөлийн хуульд хамрагдах аж.

Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр АТГ-аас шалгаж байгаа 35 хэргийн 25 хэрэг нь өршөөгдөнө гэж байна.

Харин АТГ-ын мэдээлж байгаагаар, “Улсын Их Хурлын 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр хаалттай дэгээр хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалан шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдахаар байна” гэж албан ёсны хуудастаа мэдээлжээ. 

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны дараах нөхцөл байдлаар АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 55, шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 7, түдгэлзүүлсэн 23, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэн прокурор, шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа 35, нийт эрүүгийн 120 хэрэг өршөөлд хамрагдах боломжтой байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг /Хээл хахууль зуучлах/-т заасан гэмт хэргийг оруулсан байсан аж. Гэвч хууль батлагдах үед дээрх хоёр төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд авлига, албан тушаалын 10 төрлийн гэмт хэрэг бүгд хамрагдахаар болжээ. 

Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг хуулиараа соёрхон баталж, уг Конвенцид нэгдсэн орсон. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх нэгдсэн том баримт бичиг болсон уг Конвенцид авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг өршөөх талаар хэрхэн зохицуулсан байдаг бол? 

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах гэсэн гуравдугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Оролцогч улс бүр гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас нь өмнө суллах буюу тэнсэн суллах боломжийг авч үзэхдээ тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан үзнэ” гэж заасан байдаг аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.