Д.Хоролсүрэн: Өрхийн эмнэлгүүд есдүгээр сараас шинжилгээ авч эхэлнэ

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх хүний тоо урт дараалал үүсгэдэг. Энэ асуудлыг шийдэх үүднээс Нийслэлийн эрүүл мэндийн газар БНСУ-ын “Руйсанса” корпорацитай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж байв. Энэ хүрээнд нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээний аппаратыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт буцалтгүй тусламжаар олгохоор болсон юм.

Аппарат дагалдах төхөөрөмжийн тус бүрийн үнэ 3-6 сая төгрөг бөгөөд нийтдээ 493 мянган ам.долларын өртөгтэй. Цагт 700 хүний шээсний шинжилгээ авах хүчин чадалтай уг аппаратыг суурилуулснаар иргэд шинжилгээнийхээ хариуг интернет болон гар утсаар дамжуулан авах боломжтой болно гэдгийг албаныхан хэлж байв. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломжтой аж.

Өрхийн эмнэлгүүдэд шинжилгээний аппаратыг суурилуулах болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн I хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Тус хороо найман мянга гаруй хүн амтай ажээ. Эмнэлгийн дарга, их эмч Д.Хоролсүрэн “Шээсний болон цусны шинжилгээний аппаратыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулснаар II шатлалын буюу дүүргийн эмнэлгийн ачаалал эрс буурна. 

Харин өрхийн эмнэлгийн эмч нарын ачаалал нэмэгдэнэ. Хүчин чадал сайтай аппарат учраас хүлээгдэл, чирэгдэл үүсэхгүй" гэв. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон "Руйсанса" корпорациас аппаратыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудаст оруулах сургалтыг 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт хийжээ. 

“Сургалтад сууснаар шээсний шинжилгээний анализаторыг хэрхэн ажиллуулахыг бүрэн сурсан. Энэ аппаратаар шээс, бэлгийн замын бүх төрлийн өвчний шинжилгээг хийх бүрэн боломжтой” хэмээн Д.Хоролсүрэн дарга ярив. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн байдлаар иргэд яаж шинжилгээгээ өгч байна вэ?

-2015 оны тавдугаар сарын 1-нээс өрхийн эмнэлгээс биохими, цус, шээсний шинжилгээнд дугаар өгдөг болсон. Харин шээсний шинжилгээнд цаг авах шаардлагагүй. Эндээс шинжилгээний бичиг аваад дүүрэг дээрээ аваачиж өгөхөд л болно. 

Харин биохими, цусны шинжилгээнд цаг олгож байгаа. Дүүргийн эмнэлгээс өдөрт нэг өрхийн эмнэлэгт таван дугаар өгдөг. Тиймээс энэ төрлийн шинжилгээ хүлээгдэх асуудал гардаг. Урд өдөр нь өгсөн цагийн хуваарийн дагуу өглөө 8-9 цагийн хооронд дүүрэг дээрээ очиж шинжилгээгээ өгч байна. 

-Дүүргийн эмчид үзүүлэх цагийг өрхийн эмчээсээ авдаг гэсэн үү?

- Шинжилгээ өгөхийн тулд өглөө үүрээр ирж дугаарладаг байсан. Харин одоо өрхийн эрүүл мэндийн төвөөс дугаар өгдөг болсноор дүүргийн эмнэлэг дээр хүлээлт, дараалал үүсэх нь харьцангуй багасч байна. Авсан дугаараараа очоод шинжилгээ өгөхөд болно.

Мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хуваарийг өрхийн эмнэлэг дээрээс авч байна Гэхдээ өдөрт хоёр хүнд л  дугаар олгож байгаа болохоор аль түрүүлж ирсэн нь цагаа авах боломжтой. Манай хороо найман мянган хүн амтай. Гэтэл өдөрт хоёр л хүн дүүргийн эмнэлгийн эмчид үзүүлэх цаг олгож байгаа учраас иргэд нэлээд бухимддаг.

-Эмзэг бүлгийн иргэд үзлэг, шинжилгээнд яаж хамрагддаг вэ?

- Группт байдаг болон эмзэг бүлгийн иргэд үзлэг, шинжилгээндээ ямар ч саадгүй хамрагддаг. Харин хэвтрийн иргэддээ очиж үйлчилдэг.

-Аппаратаар хэзээнээс шинжилгээгээ авч эхлэх вэ? 

-Есдүгээр сарын 1-нээс шинжилгээгээ авч эхэлнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.26) 2015-08-14 00:29
      • 0
      • 0

      Yagaad hudlaa medeelel taraagad irgediig tuurugduuleed bgaa yum be irgeduud deeshee yum helj chadahgui bj anhan shatan deer ajillaj bgaa emch suvilagch naraa l ta nar l hiihgui bna gej uurlaj zagnaj doromjlono doo odoogoor yamarch beltgel ajil ehleegui

      Хариулах