“Аврагч” спорт хорооны хүндийг өргөгчид шилдэг нь байлаа

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Хүндийг өргөлтийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Энэ удаа 15 байгууллагын 200 гаруй тамирчин хүч сорин өрсөлджээ. Хөнгөн жингийнхний өрсөлдөөний үеэр зургаан тамирчин шинээр спортын цол, зэргийн болзол биелүүлж, мөн зургаан жингийн ангилалд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тухайлбал эмэгтэйчүүдийн 53 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин А.Бум-Аюуш 155 кг-ыг өргөснөөр ОУХМ, Ч.Нямзул, Б.Мягмарцэрэн, Ч.Очирхуяг нар спортын мастер, Г.Жамъяндорж, Г.Болорчимэг нар дэд мастер цолтон боллоо.

Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ О.Баярцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 88 кг-ыг өргөж, 13 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг хоёр кг-аар ахиулж шинэ амжилт тогтоосон байна. ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-д нийлбэр дүнгээр удаах тамирчнаасаа 134 кг-аар илүү буюу 256 кг-ыг өргөж түрүүлсэн аж.

Энэ үзүүлэлтээр М.Анхцэцэг улсын аваргын алтан медаль хүртэхээс гадна Монгол Улсын дээд амжилтыг огцом, түлхэлттэй болон нийлбэрт эзэмшихээр болж байгаа юм. Тодруулбал М.Анхцэцэг огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилсэн. Харин түлхэлттэй өргөлтийн төрөлд 140 кг-ыг өргөснөөр өмнөхийг нь 14 кг-аар ахиулж залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тус бүр долоо, нийт 14 удаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэмцээний нийлбэр дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай "Аврагч" спорт хороо 360 оноогоор тэргүүлж, "Хөвсгөл-1", "Алдар" спорт хорооны багууд удаалав.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.