
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг WADA ОХУ-ын спортын олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 4 жилээр хасах шийдвэрт хүрчээ.
ОХУ энэхүү шийдвэрийг 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй ч ОХУ 2020 оны Токиогийн олимп, 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпд оролцох боломжгүй болж байгаагаас гадна ирэх 4 жилд өөрийн нутаг дэвсгэртээ олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхгүй болжээ. Харин ирэх жил болох хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд ОХУ оролцох хэвээрээ бөгөөд ОХУ тус тэмцээнийг зохион байгуулагч орнуудын нэг юм. Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн шийдвэрийн дагуу цэвэр гэдгээ баталж чадах ОХУ-ын тамирчид олон улсын тэмцээн уралдаанд Олимпийн цагаан далбааны доор оролцох боломжтой аж.
Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн зүгээс Оросын Допингийн эсрэг төв тамирчдынхаа допинг илэрсэн хэдэн зуун сорьцуудыг нуун дарагдуулж, допингийн хэрэглээг бүх шатандаа өөгшүүлэн дэмжиж байсан хэмээн буруутгаж байгаа билээ. Нөгөөтэйгүүр ОХУ-д оноож буй шийтгэл хэтэрхий зөөлөн байна гэдгийг зарим нэг улс орнууд илэрхийлээд байна. АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх захирал Трэвис Тайгарт, "ОХУ Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн шаардлагыг биелүүлж чадахгүй тохиолдолд Дэлхийн Допингийн эсрэг агентлаг ОХУ-д байж болох хамгийн хатуу шийтгэл онооно гэдгээ 2018 онд амалж байсан. Гэтэл дахиад л Дэлхийн Допингийн эсрэг агентлаг амалсанаасаа тэс өөр зүйл хийлээ." хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.