Элвисийн жинхэнэ хайр хэн байсан бэ?

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Элвис Аарон Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 80 нас хүрэх байжээ. Америкийн хөгжимчин, дуучин тэрээр ХХ зууны хамгийн амжилттай, орлоготой хүнээр одоо хэр тодорсоор. Энэхүү нийтлэлийг түүний төрсөн өдөрт зориулав. 

1963 оны долоодугаар сард Рок н Ролл урсгалын домог болсон Элвис Пресли 15 дахь кино нь болох “Вива Лас Вегас”-т тоглохоор Холливудыг зорьжээ. Энэхүү кинонд гитар тоглож, уралдааны машин барих сонирхолтой нэгэн залуугийн амьдрал, шоу бизнест сонирхолтой усан сэлэлтийн багш Раститай танилцсанаар амьдрал нь хэрхэн орвонгоороо эргэж байгаа тухай гардаг аж. Энэ киноны үйл явдал түүний амьдралыг зөгнөсөн ч юм шиг учралтай тэрээр танилцжээ. 

Угийн хөдөлгөөнтэй Энн Маргаретийг Растигийн дүрд тоглуулахаар болоход Элвис анх удаа л дэлгэцэн дээр зүс царай, мэдрэмж, үзэгчдийг татах байдал зэргээрээ өөртэй нь яг зохицсон нэгнийг олж харжээ. Тэд хамтдаа “Вива Лас Вегас” кинонд тоглосон нь маш сэтгэл татам, дур булаам байсан ба уг киног Жорж Сидней найруулж, киног гайхалтай сайхан бүтээл болгож чаджээ.

Тухайн үедээ Холливудын секс бэлэг тэмдэг гэгдэж байсан Энн Маргаретад Элвис маш ихээр татагдаж байлаа. Шведэд төрж, Чикаго хотоос зайдуу газар өссөн Энн Маргарет Олсен өөрийн гурав дахь кино нь болох “Bye Bye Birdie” кинонд дөнгөж тоглож дуусаад байжээ. Уг киноны нээлтээс гурван сарын дараа кино найруулагч Сидней түүнийг Элвистэй танилцуулсан юм. “Чамайг гайхалтай нэгэн бүсгүйтэй танилцуулъя, энэ бол Энн Маргарет”, “Энн Маргарет, энэ бол Элвис Пресли” гэж найруулагч тэр хоёрыг танилцуулжээ.

Тэгэхэд хоёр од нэгэн зэрэг, “Чиний тухай олон зүйл сонсч байсан юм байна” гээд, нэг хэсэг чимээгүй болсноо инээлджээ. Тэр хоёр хоёулаа стиллэг боловч ажил хэрэгч хувцасласан байжээ. Энн Маргарет цагаан нэхмэл хүрэм, дэрвэгэр банзал өмссөн бол Элвис хослол өмсөн зангиа зүүсэн байжээ. Хэдий тэр хоёр төвийг сахьсан байдалтай хувцасласан харагдавч, дотроо бол хоёулаа адармаатай хүсэл тэмүүллээр дүүрэн байж.

Энн Маргарет өөрийн намтартаа бичихдээ, “Бид чимээгүйхэн байж, эелдэг бас их болгоомжтой харилцаж байсан” гэж дурсжээ. “Гэвч нэгэнт бие биесээ таньж мэдвэл юу болж болохыг би мэдэж байсан. Элвис ч үүнийг мэдэж байсан. Бидний биеэр цахилгаан нэвт гүйхийг бид хоёулаа мэдэрсэн. Энэ нь хожим хэний маань ч хянаж чадахааргүй тийм хүч байсан юм” гэж дурссан байдаг.

Энн Маргарет яг л Элвисийн эмэгтэй хувилбар байжээ. Тэр чигтээ гоо үзэсгэлэн, хүсэл тачаал, авъяас чадвар. 22 настай улбар үст бүсгүй маш ялдам уянгалаг дуу хоолойгоор ярьж, өрнийн маягийн биеэ барьсан байдал, мэдрэмж зэргээрээ тайлшгүй оньсого мэт нэгэн байв. Эхний өдрөө л тэд энэ харилцаагаа маш ноцтой болохыг мэдсэн аж. “Энэ нь яг амьдралын ханиа олж харсан мэт... гаднаа ичсэн боловч дотроо жолоогоо алдсан хүсэл тэмүүлэл байсан” гэж Энн Маргрет бичжээ. “Бид хоёр хоёулаа хэдий нэр алдарт хүрсэн байсан ч хүүхэд мэт байдлаа авч үлдэж, сэтгэл санааны хувьд бие биенээсээ хамааралтай байсан. Эцэг эхийн маань өгсөн яг л тийм юутай ч зүйрлэшгүй хайрыг бид бие биенээсээ олохыг хүссэн... Тэр миний сэтгэлийн маш гүн гүнзгий орон зайд хүрсэн” гэж Энн Маргарет мөн дурсжээ.

Тэд бүжгээ давтаж эхлэхэд, яг л толины тусгал мэт хоорондоо зохицож байж. “Элвис хөдөлгөөнөө хийхэд би яг л зохицсон хөдөлгөөнийг хийж байсан. Тэр эргэлдэхэд би аль хэдийн өндөр өсгийт дээрээ эргэж байдаг байсан. Энэ үнэхээр ер бусын гайхалтай мэдрэмж байсан” гэж тэрээр дурсан бичжээ.

“Хоёр биенээ харсан даруй л тэдний дотор ямар нэг зүйл болсон. Энэ энергийг хэн ч байсан мэдрэх л байсан байх” гэж Элвистэй цуг ажилладаг байсан Жо Еспозито мөн хэлсэн байдаг.

Элвис Энн Маргаретийг ганц бие эсэхийг олж мэдэхийг Жогоос хүсч, ганц бие гэдгийг нь мэдүүтээ л утасны харилцуураа шүүрэн авсан гэдэг. “Расти” гэж түүнийг тоглож байсан дүрийнх нь нэрээр дуудан, “залуустай хэдүүлээ явж шоу үзвэл ямар вэ?” гэжээ. Энэ нь олуулаа хамт явсан болзоо байжээ. Гэнэн цайлган бөгөөд нөхөрсөг. Харин цаг хугацаа өнгөрөхөд Элвис түүнийг Холливуд дахь түрээсийн гэртээ авчирдаг болжээ. Тэдний үдшийн хүүрнэл яриа нь хоёулангийнх нь дуртай сэдэв болох мотоцикл, дуу хөгжим, урлаг байлаа.

Эхэндээ Энн Маргарет энэ талаар эцэг эхдээ л хэлсэн аж. Гэвч энэ нууц нь аль хэдийн гадагшаа тархсан байсан гэж Жо дурссан юм. “Тэр хоёр бие биедээ дурласан байсан нь тодорхой байсан” гэжээ.

Тэд ч удалгүй Лос Анжелесын гудамжаар Harley-тайгаа давхидаг болж, Bel Air хавиар хоёр хүний унадаг дугуйгаар жийдэг болж гэнэ.

“Хүмүүсийг сигналдахад бид өөдөөс нь далладаг байсан” гэж Энн Маргрет дурсчээ.

Тэр миний Scoobie байсан

Элвисийн хувьд энэ нь дурлахад маш тохиромжгүй цаг үе байжээ. Яагаад гэвэл үүнээс дөрвөн сарын өмнө л тэрээр өсвөр насны найз охин Присцилла Биюүлиг Мемфис дэх гэртээ аваачин суулгаж, орондоо ч оруулаад амжсан байсан үе. Гэвч Элвис ч тэр, түүний томоогүй хамтран тоглогч ч тэр болж байгааг үгүйсгэх сөхөөгүй байсан юм.

“Энн Маргарет үнэхээр түүний амьдралын хайр нь байсан” гэж Элвисийн Мемфис Мафи нэрээрээ алдаршсан аялан тоглолтын багийнх нь ганц эмэгтэй Пэтти Пэрри хэлжээ. “Тэд хамтдаа яг л хүүхдүүд шиг инээлдэн их хөгжилтэй байдаг байсан” гэжээ.

Тэд цагийг хамтдаа өнгөрөөх нь элбэг байсан ба Мемфис Мафийн өөр нэгэн гишүүн Ламар Файк хэлэхдээ, Элвис түүнийг дагуулаад хоёулахнаа яваад өгдөг байсан нь “биднийг алмайруулдаг байсан” гэжээ. “Тэр Роллс Ройс руугаа үсэрч суугаад л яваад өгдөг байсан. Түүнийг ямар ч байсан тэр бүсгүйтэй хамт явааг л мэдэхээс биш, хаана явааг нь хэн ч мэддэггүй байлаа” гэсэн байдаг.

Зарим үед нь Элвис бүсгүйн аав ээж дээр зочилж очдог байсан нь “Расти Аммо” гэж нэрлэсэн энэ бүсгүйтэй түүний харилцаа ямар ноцтой хэмжээнд хүрч байсан нь тодорхой. Энн Маргарет дараа нь нэгэн сэтгүүлд хэлэхдээ “Би хэн нэгэнд дурлахаараа, түүнийг  Scoobie гэж хэлдэг. Тэр миний Scoobie” гэж хэлжээ.

Мемфис Мафийнханы бараг тал нь өөрсдөө Энн Маргаретэд дурласан байсан болохоор тэр хоёрыг хоёулахнаа хамт байгаа гэдэг бодлыг хүртэл тэвчих нь тэдэнд хэцүү байжээ. Лас Вегаст зураг авалтанд орж байхдаа Элвис, Энн Маргарет хоёр өөрсдийгөө олноос их тусгаарладаг байжээ.

Залуус ч тэднийг хэрэндээ “дарамталдаг” байсан, жишээ нь хаалган доогуур нь сонин чихээд шатаах гэх мэт тоглоом шоглоом их хийдэг байсан гэж Марти Лэкер дурсав. “Тэд байж болох бүхнийг л туршиж үзсэн байх шүү. Тэгсэн ч Элвис, Энн Маргарет хоёр тэр байшингаас гарч ирдэггүй л байсан юм” гэжээ.

“Вива Лас Вегас” Элвисийн хамгийн их ашиг орлого олсон кино болсон аж. Киноны дуу ч түүний хамгийн алдартай дуунуудын нэг болсон юм. Олон ч продакшн, муухан зохиолтой кинонуудад Элвисийг тоглуулан жүжигчнийх нь хувьд авъяасыг нь бүрэн гаргахгүй ичгэвтэр байдалд оруулж байсан ч энэ кино Элвисийг сэргээж, дахин амилсан мэт л босгож ирсэн. Сонин, сэтгүүл ч Элвисийн энэ бүтээлч байдлыг гаргаж ирсэн зүйл бол Энн Маргареттэй холбогдсон байдал гэж бичиж байв. “Тэд гар гараасаа хөтлөлцөн кино зураг авалт дундуур Элвисийн хувцас солих өрөө рүү ороод алга болчихдог. Тэд тусдаа үдийн хоолоо иддэг” гэж Associated Press дээр бичсэн байдаг.

Тэд гэрлэх талаар ярьдаг байсан нь тодорхой байсан биз. Гэвч Элвист шийдэх хэрэгтэй асуудал байсан юм. Өмнө нь тэрээр Энн Маргаретийг хуучин найз бүсгүй Присциллад “байдаг л нэг Холливудын од” гэж хэлжээ. Гэвч нэгэн орой Присцилла Мемфисийн сонин гарчиглан суухдаа, “Элвис, Энн Маргарет хоёрын романс” гэсэн нийтлэл харжээ.

Тэр оройдоо Присцилла Элвис рүү залгаж, “Энэ ямар учиртай юм бэ, та хоёрын дунд ямар нэг юм байгаа юм уу” гэж уурлахад, “Яалаа гэж дээ, ёстой үгүй шүү” гэж Элвис тас гүрийсэн байна. “Тэр хүүхэн ихэвчлэн амралтын өдрүүдээр энэ хавиар мотоциклоороо ирдэг. Эндхийн залуустай зугаалан тоглож, наргидаг. Ердөө л энэ” гэж худал хэлжээ.

Гэвч Присциллагийн зөн совин үүний эсрэгийг түүнд хэлээд байлаа. Элвис хааяа хааяа, энд тэнд хүүхнүүдтэй учир ургуулдгийг тэр мэддэг байсан боловч Энн Маргаретийг хүн бүр л “эмэгтэй Элвис” гэж дуудаж байсан нь, мөн Элвис хүүхнүүдийг яаж хуйлруулдагтай адил энэ эмэгтэй ч эрчүүдийг хуйлруулж байсан нь түүнийг гэнэт айлгажээ.

“Элвис түүнтэй гэрлэхээс татгалзах вий гэж Присцилла санаа зовж байсан. Түүний толгойд юу эргэлдэж байсныг би үнэхээр таашгүй. Түүнд их л хэцүү байсан гэдгийг л мэднэ” гэж Жо Еспозито хэлсэн байдаг.

Үл итгэл, атаархал

Элвисийн үеэл Билли Смитийн дурдсанаар Элвис, Присцилла хоёр Грейслэнд дэх гэрийнхээ дээд давхарт олон ч удаа Энн Маргаретаас болж хэрэлдэж, маргалддаг байжээ. Харин Присцилла эцэст нь шинэ стратеги боловсруулсан аж. Тэрээр Энн Маргаретийн тоглосон кинонуудыг үзээд, түүний бүжгийн хөдөлгөөнүүдээс суран түүнтэй адилхан хувцасладаг болж, үсээ ч адилхан засуулдаг болжээ.

Элвис дараагийн “Kissin’ Cousins” киноныхоо зураг авалтанд орохоор явахад Присцилла дагаж Лос Анжелес явахын тулд Элвисийг ятгажээ. Тэрээр Энн Маргарет түүний амьдралд байсаар байгааг мэдэж байсан ч энэ өрсөлдөөнийг улам өрнүүлэхээр хамт явжээ. Присцилла энэ удаа таван одтой алмазан бөгжөө ч зүүхээ мартсангүй.

Харин Энн Маргаретийн хувьд тэрээр Лондон хотод “Bye Bye Birdie” киноныхоо нээлтэнд оролцон ярилцлага өгч бүх дэлхийг гайхуулж байлаа. Тэрээр Элвист дурласан гэдгээ ч ил зарлаж байсан юм. Харин гэрлэх эсэхээ мэдэхгүй гэжээ.

Лондонгийн энэ ярилцлага Присциллаг басамжилсан хэрэг байлаа. Энэ нийтлэл намжих хүртэл Присциллаг Мемфис рүү буцахыг Элвис зөвлөжээ.

“Би энэ нууцуудаас чинь залхаж байна” гээд цэцэгтэй ваар авч хана руу шидэн “Би түүнийг үзэн ядаж байна! Тэр яагаад Швед рүүгээ зайлдаггүй юм бэ?” гэж Присцилла орилжээ.

Элвис энэ үед гоморхов. “Энэ бүхэн миний хэрээс хэтэрнэ гэж би мэдсэнгүй. Иймэрхүү зүйлс тохиолдох боломжтой гэдгийг ойлгодог тийм л эмэгтэй надад хэрэгтэй байна” гэж түүн рүү ширтээд “Энэ эмэгтэй нь чи байх уу, эсвэл үгүй юу?” гэжээ.

“Тэр үед би түүн рүү уурлан ширтсэн” гэж Присцилла дурссан байдаг. Эцэст нь тэрээр гэр лүүгээ буцсан юм.

Үүний дараа зургадугаар сард “Girl Happy” кино зураг авалтын үеэр Элвисийн үсчин Ларри Геллер “MGM” дээр байнга байдаг байсан ба тэр үед Энн Маргарет зураг авалтан дээр зочилж ирдэг байжээ. “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн байсан. Тэр бүсгүй ч гэрэлтдэг байсан шүү” гэж тэрээр дурсжээ.

Ларри үсийг нь янзлах зуур Элвис түүнийг өрөөндөө оруулж ирдэг байж. “Элвисийн хайр ямар их хүрч байгаа нь тод харагддаг байсан. Тэр үнэхээр, чин сэтгэлээсээ түүнийг гэдэг байсан” гэж Ларри хэлжээ.

Сонголт хийх цаг

Нэг их удалгүй Элвис Ларрид мухардаад байгаа тухай үнэнээ хэлж. “Шийдвэр гаргах хэрэгтэй байна. Энн Маргарет үү, Присцилла юу гэдэг дээр. Би хоёуланд нь хайртай, гэвч би Присциллаг сонгохоор болоод байна. Яагаад гэвэл би шоу бизнесээс хол эхнэртэй болохыг хүсч байна” гэжээ.

Гэвч Элвис хүсэл сэтгэлээ тэр дор нь дарж чадаагүй ба Энн Маргаретэд ч энэ тухай улаан нүүр лүү нь хараад хэлж чадахгүй болохоор юу ч хийж чадалгүй чимээгүй орхисон аж.

Марти, Жо хоёр нэг өдөр Энн Маргареттэй таарчээ. “Танай босс чинь яачихсан юм бэ?” гэж тэр хэлээд, “Нэг болохоор бид нэг л их бие биедээ хайртай хүмүүс, дараа нь болохоор түүнээс сураг тасрана. Намайг залгахаар утсаа ч авахгүй” гэжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд Энн Маргарет үүний учрыг “Би их бие даасан нэгэн. Хэнээр ч заалгаж, хэнээс ч тушаал авахгүй, харин Элвист бол боол шиг л үнэнч байдал хэрэгтэй байсан” гэж учрыг тайлбарлав.

Энн Маргарет намтартаа олон шалтгааны улмаас, “Бид хичнээн бие биедээ хайртай байсан ч, удаан үргэлжлэхгүй гэдгээ хоёулаа мэддэг байсан” гэж бичжээ.

Энн Маргарет жүжигчин Рожер Смиттэй үерхэж эхлэв. Дараа нь тэд сүй тавьсан аж. Энэ талаар Элвис олж мэдээд, сэтгэл нь хямарсан гэдэг. Тэд уулздаг болсныг Элвис мэдэж байсан ч энэ нь тийм нухацтай харилцаа гэдэгт итгэхийг хүсээгүй аж.

Присциллатай гэрлэх тухай битүүхэн амлалт нь ч Элвист дарамт дээр нь дарамт болов. Түүний менежер байсан хурандаа Том Паркерийн хувьд 32 настай Элвис амьдралаа бодох цаг нь аль хэдийн болж, эрх чөлөөт амьдралын хэв маягаар амьдрахад аль хэдийн оройтсныг хэлжээ. Харин 21 настай Присциллагийн хувьд Элвис хуруундаа бөгж зүүвэл хүүхэн эргүүлэх явдал нь дуусна гэж боджээ.

1967 оны тавдугаар сарын 1-нд Элвис, Присцилла хоёр Лас Вегас хотод “Тийм” гэж хэлснээр гэрлэлтээ батлуулжээ. Үүнээс гурван өдрийн дараа тэд Мемфис хот руу нисч, хуримаас хойш есөн сарын дараа Элвисийн цор ганц хүүхэд Лиза Мария охин төрөв.

Элвис, Присцилла хоёр гэрлэснээс долоо хоногийн дараа Энн Маргарет, Рожер Смит хоёр мөн адил Лас Вегаст хуримаа хийжээ. Харин Элвис түүнд гитарын хэлбэртэй баглаа цэцэг илгээсэн аж.

Энэ явдлаас хойш Элвис Пресли 1977 оны наймдугаар сарын 16-нд нас барах хүртлээ 10 жил Энн Маргаретийг Вегаст буух бүрт нь ийм маягаар багласан цэцэг илгээдэг байжээ.

Д. Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.